Батлан хамгаалахын удирдлагын академи

Батлан хамгаалахын удирдлагын академи /БХУА/ нь  анх Батлан хамгаалахын сайдын 1993 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дүгээр тушаалаар  “Оперативийн факультет” нэртэйгээр байгуулагдаж, Монгол улсын Зэвсэгт хүчин дотооддоо цэргийн дээд боловсролтой удирдах офицер бэлтгэж эхэлсэн.

Цэргийн шинэчлэлийн бодлогын хүрээнд ЦИС-ийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор 1996 онд “Команд штабын институт” болж, улмаар 1999 оны Монгол Улсын Засгийн газрын “Сургуулийг өөрчлөн зохион байгуулах” тогтоолыг үндэслэн 1999 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Батлан хамгаалахын сайдын 13 дугаар тушаалаар  “БАТЛАН ХАМГААЛАХЫН УДИРДЛАГЫН АКАДЕМИ” болон өргөжин зохион байгуулагдсан.

Өнөөдөр тус академи нь удирдлага, эрдэм шинжилгээ, сургалтын алба, Цэргийн стратеги, Цэргийн удирдлагын  болон Аюулгүй байдал, энхийг дэмжих ажиллагааны гэсэн 3 төв, нийт – 21 офицер, ахлагч, багш, судлаачийн бүрэлдэхүүнтэйгээр сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг явуулж Батлан хамгаалахын хүний нөөцийг бэлтгэх бодлогын хүрээнд “Оператив-тактик, цэргийн удирдлага”-ын мэргэжлээр магистрын зэрэг олгох, албан тушаалын болон мэргэшүүлэх шаталсан сургалтыг явуулж батлан хамгаалах бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх чадавхитай хүний нөөцийг бэлтгэж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Гадаад орнуудын ижил төстэй академийн түвшинд сургалтыг явуулж, Батлан хамгаалахын удирдах албан тушаалд ажиллах офицер, төрийн албан хаагчийг бэлтгэх”

БХУА-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

  1. Монгол Улсын Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагад цэргийн дээд боловсролтой, оператив-тактик, цэргийн удирдлагын мэргэжилтэй, цэргийн ухааны магистрын зэрэгтэй боловсон хүчин бэлтгэх;
  2. Батлан Хамгаалах Яам, Зэвсэгт хүчний удирдах офицерууд, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтанг цэрэг, стратегийн бэлтгэлд сургах;
  3. Цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, цэргийн онол, урлагийн талаар эрдэм шинжилгээ судалгааны ажил явуулах зэрэг болно.

БАТЛАН ХАМГААЛАХЫН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ТҮҮХ

Өнгөрсөн зууны 90-ээд онны эхээр Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжин орсон билээ.

Мөн энэ үед дэлхий дахинд “хүйтэн дайн”-ы үе эцэс болж улс оронууд хөгжил дэвшил, сайн сайхан ирээдүйн төлөө хамтран ажиллах замд шилжсэн юм . улс орны дотоод, гадаад орчинд гарсан эдгээр эерэг өөрчлөлттэй уялдуулан Монгол Улсын төр, засаг улс орныг батлан хамгаалах бодлогоо шинээр тодорхойлон хэрэгжүүлж эхэлсэн юм.

1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулинд “ Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна, зэвсэгт хүчний бүтэц, алба хаах журмыг хуулиар тогтооно” гэж тодорхойлсон билээ. Үүний дагуу 1993 огоос батлан хамгаалах үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжууд шинэчлэгдэн гарч Монгол Улсын Зэвсэгт хүчин мэргэжлийн чиг баримжаатай, цомхон чадварлаг байх чиглэлийг баримтлан хөгжих болжээ.

Төр засгийн тодорхойлсон батлан хамгаалах бодлого, зорилтыг шийдвэрлэхэд хөгжлийн тодорхой бэрхшээлүүд тулгарч байлаа. Улс орны эдийн засаг, нийгмийн амьдрал бүхэлдээ хямралд орж, энэ нь хүний амьдрал, үйл ажиллагаанд ч нөлөөлөх болсон байна. Тухайлбал, улс орны эдийн засаг хямарч, санхүүгийн чадавхи унаснаас гадаадад офицер боловсон хүчнийг  бэлтгэх боломж хязгаарлагдсан байна. Мөн өмнө нь ЗХУ-д /хуучнаар/ цэргийн дээд боловсрол эзэмшсэн олон арван офицерууд армид явагдсан цомхотгол, ахуй амьдралын шаардлагаар цэргээс халагдсан байна.

Түүнчлэн манай цэргийн дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэж байсан “ах дүүгийн найрамдалт” ЗХУ-д өрнөсөн нийгмийн үйл явц, хоёрорны харилцаанд гарсан өөрчлөлтөөс үндэслэн Монгол, Оросын цэргийн харилцаа зогсинго байдалд орж, ОХУ-д цэргийн дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх боломжгүй болжээ.

Эдгээр бодит хүчин зүйлүүдийг харгалзан үзэж, мөн цэргийн дээд боловсролтой боловсон хүчний хэрэгцээ шаардлагыг үндэслэн Монгол Улсын төр, засаг, армийн удирдлага дотооддоо цэргийн дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх сургалт явуулахаар шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас 1992 онд боловсруулан гаргасан 1992-1996 онд баримтлах бодлогын үндсэн чиглэлд:

  • Офицеруудыг үндсэнд нь бэлтгэх, мэргэжлийг нь дээшлүүлэх;
  • Цэргийн их сургууль /ЦИС/-ийг бэхжүүлэх, цэргийн дээд боловсрол олгох сургалтыг1993 оноос эхлүүлэх;
  • Эрдэмтэн бэлтгэх сургалтын тогтолцоог бий болгох зорилт дэвшүүлжээ.

Мөн Монгол Улсын Засгийн газраас батлан гаргасан “Батлан хамгаалах үйл ажиллагаа, Зэвсэгт хүчин, бусад цэргийг шинэчлэх Засгийн газрын хөтөлбөр”-т “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг шинэ нөхцөлд хангах зорилт, тэрчлэн манай улсад явагдаж байгаа ардчилсан өөрчлөлт, шинэчлэлт, зах зээлийн эдийн засгийн харилцааны онцлогт нийцсэн улс орноо батлан хамгаалах нэгдсэн тогтолцоог бүрдүүлж төлөвшүүлэхийг батлан хамгаалах үйл ажиллагааны үндсэн зорилт болгоно” гэж Засгийн газраас Улс орныг Батлан хамгаалах талаар баримтлах бодлогыг тодорхойлоод үүний тулд:

  • Зэвсэгт хүчнийг цаашид мэргэжлийн чиг баримжаатай болгох чиглэл баримтлах;
  • Цэргийн боловсон хүчний бодлогыг шинэчилж боловсруулах;
  • Офицерийн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх чиглэл баримтлан тэднийг бэлтгэх, давтан бэлтгэх шаталсан сургалтын тогтолцоо бий болгох;
  • ЦИС-ийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох

Батлан хамгаалахын сайдын 1993 оны 01 дүгээр сарын  13-ний өдрийн “Цэргийн дээд боловсролтой офицер бэлтгэх зарим арга хэмжээний тухай” тушаалаар “Оперативын факультет” нэртэйгээр байгуулагдсан.

Захирлаар дэслэгч генерал Л.Моломжамц томилогдон ажиллаж 1993 оны 09 дүгээр сарын 01-нээс 6 багш, 4 ажилчин албан хаагч, 12 сонсогчтойгоор эрдмийн өргөөнийхөө үүдийг нээж анхны хичээл сургуулиа эхлүүлсэн байна.

Цэргийн шинэчлэлийн бодлогын хүрээнд ЦИС-ийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор гаргасан Батлан хамгаалахын сайдын 1996 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тушаалаар Оперативын факультетыг “Команд штабын институт” болгон өргөтгөн  зохион байгуулжээ.

Команд штабын институт нь бүтцийн хувьд Оператив тактикийн тэнхим, Цэргийн удирдлагын тэнхим, Оперативын урлагийн тэнхим, Офицерын мэргэжил дээшлүүлэх төвтэй байнгын бүрэлдэхүүн 24, улирсан ахлагч 2, энгийн ажилчин албан хаагч 13, бүгд 35 хүнтэй болж тэнхимийн системд шилжүүлсэн нь Зэвсэгт хүчний өөрчлөлт, шинэчлэлийн бодлого, чиг хандлага, сургалтын агуулга цар хүрээ, төгсөгчдийн ажиллах албан тушаалтай уялдсан, цэргийн сургууль сургалт-эрдэм шинжилгээний төв байх ёстой  гэсэн зарчмыг үндэс болгон тэдгээрийг нягт шүтэлцүүлэхэд чиглэсэн байна.

Батлан хамгаалах салбарт цэргийн дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох ажлын гол агуулга нь Зэвсэгт хүчний сургалт,эрдэм шинжилгээний үндсэн байгууллагаболох Монгол Улсын Цэргийн их сургууль, түүний бүрэлдэхүүний сургууль болох “Команд штабын институт”-ийн үйл ажиллагааг шинэчилэхээс ихээхэн хамаарч байсан байна.

Ингээд 1998 онд “ЦИС-ийг хөгжүүлэх хөтөлбөр /1998-2005/”-ийг боловсруулан батлуулсан нь тус сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын агуулга технологийг өөрчлөн шинэчилж, өөрийн орны их сургууль, коллежууд, өндөр хөгжсөн орнуудын батлан хамгаалахын болон цэргийн их, дээд сургуулиудын жишигт ойртуулан, батлан хамгаалах салбарын болон төрийн албаны хэрэгцээ шаардлагыг хангахуйц шилмэл боловсон хүчнийг бэлтгэдэг батлан хамгаалахын их сургууль болгон өөрчлөн зохион байгуулах арга зам, үйл ажиллагааг үе шаттайгаар тодорхойлсон арга хэмжээ болжээ.

Монгол Улсын  Засгийн газрын 1999 оны “Сургуулийг өөрчлөн зохион байгуулах тухай” тогтоолыг үндэслэн мөн оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тушаалаар “Команд штабын институт”-ийг өөрчлөн “Батлан хамгаалахын удирдлагын академи” болгон зохион байгуулсан байна.

Энэ тушаалаар БХУА-ийн оронтоог академийн удирдлага, Оператив тактикийн болон Цэргийн удирдлагын тэнхим, Цэргийн урлагийн сектор, Алыан тушаалтан бэлтгэх төв гэсэн бүтэцтэй, офицер 21, ахлагч 2,  энгийн албан хаагч 12 хүний бүрэлдэхүүнтэй баталжээ.

Ийнхүү КШИ нь БХУА болж өөрчлөгдсөнөөр удирдлага, зохион байгуулалт, сургалтын агуулга, үйл ажиллагааны үндсэн чиглэл нь өргөжин тэлж, сургуульд тавигдах шаардлага нь улам нэмэгдсэн байна.

2001 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн Батлан хамгаалахын сайдын 09 дугаар тушаалаар БХИС-ийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталсан бөгөөд энэ хүрээнд БХУА-ийн бүтэц, зохион байгуулалтыг дахин өөрчилж шинэ бүтцээр академи нь Удирдлага, Цэргийн стратегийн болон Цэргийн удирдлагын тэнхимтэй болжээ.

СУРГАЛТЫН МАТЕРИАЛЛАГ БААЗ БОЛОН СУРГАЛТЫН ОРЧИН

БХУА нь ҮБХИС-ийн хичээлийн 1 дүгээр байранд үйл ажиллагаагаа явуулж тус бүр 12 хүний суудалтай хичээлийн 2, 20 хүний суудалтай 2 нийт 4 танхимтай, 3 төвийн багш нарын өрөө, захирлын өрөө, нууцын өрөө болон комьпютер, програм хангамж,  мэдээллийн техник хэрэгсэл хариуцсан мэргэжилтний өрөөнүүд зэрэг сургалтын материаллаг баазтай юм.

Тус академийн сургалтад ашиглах “Цэргийн тоглоомын төв”, “Цэргийн ажиллагааны төв”-үүдийг цаашид өргөжүүлэх шаардлага тулгарч байгаа бөгөөд энэ чиглэлээр сонсогч нарын газар оронтой ажиллах, цэргийн хэргийн дадлагыг нэмэгдүүлэх, байлдааны үед харилцан ажиллагааг зохион байгуулахад тэдэнд дадлага олгох зорилгоор Зэвсэгт хүчний 284 дүгээр ангитай хамтран газар орны дүрслэл бүхий газар орны макетыг хийж сургалтад ашиглаж байна.

ҮБХИС-ийн Дотоод аудит, чанарын албатай хамтран үндсэн дамжааны 2 танхимд сүлжээний серверийг өргөжүүлэх ажлыг гүйцэтгэж, цаасгүй технологийг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

БХЯ-ны хөрөнгө оруулалтаар баригдаж буй 800 м2 талбай бүхий академийн барилгын ажил 2019 оны 03 дугаар сард эхэлсэн бөгөөд 2021 онд ашиглалтад орно.

Сургалтын төрөл, хэлбэр

д/д Сургалтын төрөл, хэлбэр
I. Боловсролын зэрэг олгох сургалт
1 Магистрын зэрэг олгох сургалт
2 Операц-тактикийн сургалт
II. Албан тушаалын сургалт
1 Батальон (дивизион)-ы захирагчийн дамжаа
2 Команд-штабын дамжаа
3 Стратегийн дамжаа
III. Мэргэшүүлэх сургалт
1 Штабын офицерын дамжаа
2 Аюулгүй байдлын дамжаа