Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд зохион байгууллаа.

ОХУ-ын “Россоттрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын санаачилгаар Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн болон Тагнуулын ерөнхий газартай хамтран “Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд зохион байгууллаа.

Хуралд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар тэргүүтэй албаныхан, Монгол болон ОХУ-ын эрдэмтэн, судлаачид оролцлоо.

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай “Өнөөдөр Дэлхийн 61 улс оролцож 60 гаруй сая хүний амь насыг авч одсон дэлхийн хоёрдугаар дайн дууссан түүхт өдөр юм. Тийм ч учраас Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 75 жилийн ойг олон орон ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Бид ч бас Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг авчирсан Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойг улс орон даяар, дэлхийн дайны хамгийн хүнд хүчрийг үүрч гарсан Оросын ард түмний хамт тэмдэглэж байна. XX зууны Монголын түүхийн хамгийн аугаа гайхамшигт үйл явдал бол Японы түрэмгийлэгчдийн эсрэг Оросын Улаан армитай мөр зэрэгцэн тулалдаж, Чөлөөлөх дайнд ялалт байгуулсан явдал юм. Чухамхүү энэ дайны ялалтын үр дүнгээр Монгол Улс тусгаар тогтнож, бүрэн эрхт байдлаа баталгаажуулсан билээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Чөлөөлөх дайны түүхт ялалтын 75 жилийн ойг өндөр хэмжээнд, өргөн далайцтай тэмдэглэн өнгөрүүлэх боломжгүй байгаа хэдий ч Монгол Улсын Батлан хамгаалах яам бусад байгууллагатай хамтран ахмад дайчдынхаа гавьяа зүтгэлийг мөнхжүүлэн алдаршуулах олон ажлыг санаачлан хийсээр байна” гэв.

Мөн ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов “Зөвлөлт болон Монголын армийн эрэлхэг цэрэг, дайчдын амжилттай давшилтын ачаар дэлхийн хоёрдугаар дайн төгсөх үр дүнд хүрсэн. Дэлхийн хоёрдугаар дайны түүхийг мушгин гуйвуулах оролдлого ихээр гарч эхэлсэн энэ үед ялалт байгуулсан цэргүүдийн арилшгүй гавьяаг мөнхжүүлэх, цаашид сурталчлах нь туйлын ач холбогдолтой” гэдгийг онцлоод хуралд оролцогсдод амжилт хүслээ.

Энэхүү хурлыг Чөлөөлөх дайнд оролцож, түүхэн ялалт байгуулсан ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх, тэдний гавьяат үйлсийг мөнхжүүлэх, ирээдүй хойчдоо сануулах, сурталчлах, хүүхэд, залууст үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулснаараа ач холбогдолтой бөгөөд Монгол болон ОХУ-ын 20 гаруй шилдэг эрдэмтэн, судлаач танхимд болон цахим хэлбэрээр илтгэлээ хэлэлцүүлснээрээ онцлог болж байна. Түүнчлэн хоёр орны цэргийн түүхч, судлаач зэрэг 40 гаруй эрдэмтний илтгэлийг эмхэтгэн гаргахаар болсон юм.

Хоёр орны цэргийн түүхч, судлаачид энэхүү хурлаар урьд өмнө хэлэлцэгдэж байгаагүй түүхийн олон асуудлыг хөндсөн гэдгийг хуралд оролцогч болон үзэж сонирхсон эрхмүүд онцолж байлаа.
Мөн энэ үеэр Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан “Тусгаар тогтнолын үнэ цэн” үзэсгэлэнг нээж дээрх дайнтай холбоотой архивын ховор баримтууд, эд өлгийн зүйлс, дайчдын хувцас хэрэглэл зэрэг үзмэрийг дэлгэлээ.Тус үзэсгэлэнг 9 дүгээр сарын 01-09-ний өдрүүдэд дэглэж байна.
Дашрамд дээрх үзэсгэлэнг Монгол цэргийн музей, Батлан хамгаалахын Төв архив, Архивын Ерөнхий газар, Үндэсний Төв архив ,ТЕГ-ын тусгай архив, ХХЕГ, ЗХУ-ын дөрвөн удаагийн болон БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын дурсгалын музей, Улсын хилийн музей анх удаа хамтран дэглэсэн юм.

 

LEAVE REPLY

Your email address will not be published. Required fields are marked *