АЗИЙН БҮСИЙН ”CDIO-2020 ОЛОН УЛСЫН ХУРАЛ”-ЫГ АНХ УДАА МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2000 оноос дэлхийн улс орнууд дээд боловсролын системдээ идэвхтэй сургалтын CDIO стандарт, арга зүйг хэрэгжүүлж эхэлснээс хойш эдүгээ Европ, Хойд Америк, Ази, Англи-Ирланд, Латин Америк, Австрали, Африк зэрэг 7 бүсийн 160 орчим их дээд, сургууль энэхүү санаачилгад нэгдээд байна.

2015 оноос Монгол улс уг арга зүйг нэвтрүүлэх үйл явцад албан ёсоор нэгдэж ШУТИС, МУИС, ХААИС энэхүү CDIO стандарт, арга зүйг нутагшуулж эхэлсэн бол 2018 оноос ҮБХИС, СУИС, МУБИС зэрэг сургуулиудаар хүрээгээ тэлж 2020 оны байдлаар ТТДС нэмэгдэн, дээд боловсролын сургалтын зарим хөтөлбөрүүдээ дээрх стандарт, арга зүйн хүрээнд нийцүүлэн шинэчилж, суралцагчдын ур чадвар өсөн, дотоодын болон олон улсын магадлан итгэмжлэлд амжилттай хамрагдаад байна.

Энэхүү уламжлалт арга хэмжээг дэлхийн бүс бүрийн их, дээд сургуульд CDIO стандарт, арга зүйг нэвтрүүлж буй бүсийн аль нэг их сургууль тэргүүлэн туршлагаа хуваалцах зорилгоор жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн “Азийн бүсийн CDIO-2020 олон улсын хурал”-ыг анх удаа Монгол улсад CDIO стандарт, арга зүйг тэргүүлэн хэрэгжүүлж амжилт олж буй ШУТИС тэргүүлэн 2020 оны 9 дүгээр сарын 23-наас 9 дүгээр сарын 25-ны өдрүүдэд онлайн хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн хурлыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд, хатагтай  Л.Цэдэвсүрэн нээсэн бол зохион байгуулагч талыг төлөөлөн Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал, профессор Б.Очирбат, хамтран зохион байгуулагч талыг төлөөлөн Сингапур Улсын Политехникийн сургуулийн CDIO хариуцсан захирал, профессор Хэлэнэ Леон нар үг хэлсэн юм.

Азийн бүсийн ”CDIO-2020” олон улсын хуралд ҮБХИС-ийг төлөөлөн CDIO ажлын хэсгийн ахлагч, зөвлөх профессор Я.Чойжамц, Багшийн хөгжлийн төвийн дарга Г.Нандинцэцэг, багш ахлах дэслэгч Н.Мөнх-Эрдэнэ, Б.Дарханцэцэг, Д.Одонтунгалаг, О.Цогзолбоо, Т.Уянга нар оролцсон төдийгүй тус сургуулийн 30 гаруй багш нар онлайн хэлэлцүүлэгт амжилттай оролцлоо.

Мөн ШУТИС, ХААИС, МУИС, ҮБХИС, СУИС, МУБИС, ТТДС-ийн төлөөлөл, Ази Европын 10 гаруй улс орны 200-аад эрдэмтэн, багш, судлаачид оролцож 60 орчим өгүүлэл, 30 гаруй илтгэлийг хэлэлцүүллээ.

Уг хуралдааны үеэр: Инженерийн боловсролын  дадал, туршлага, CDIO стандарт, арга зүйн тогтвортой байдал, Нээлттэй боловсрол, Их сургууль – аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, инженерийн боловсрол дахь харилцан уялдаа, Инженерийн боловсролын хөтөлбөрийн загварчлал, сургалтын үр дүн, Монголчуудад зориулсан “Үр дүнд суурилсан боловсрол CDIO 2020”  гэсэн 6 салбар хуралдаан болсон байна.

“Инженерийн боловсролын хөтөлбөрийн загварчлал, сургалтын үр дүн” салбар хуралдаанд  ҮБХИС-ийн багш Б.Дарханцэцэг, Л.Мянгандаш, Д.Одонтунгалаг нар “CDIO стандарт, арга зүйг хэрэгжүүлснээр суралцагчийн ур чадварт гарч буй өөрчлөлт” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн бол Аюулгүй байдлын дээд сургуулийн багш Т.Уянга, Б.Дуламсүрэн, Л.Одмаа нар “Үр дүнд суурилсан боловсрол CDIO 2020”  салбар хуралдаанд онлайн сургалтын чанарыг сайжруулах боломж” сэдэвт илтгэлийг хэлэлцүүллээ.

“Үр дүнд суурилсан боловсрол-2020” улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд ҮБХИС-ийн багш доктор Д.Энхчимэг, М.Бүжлхам, М.Индрабүд нарын “Дээд боловсролын байгууллагад чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж буй өнөөгийн байдал”, доктор Д.Энхчимэг, Ш.Гантуяа, Б.Мөнхжаргал багш нарын “Сургалтын хөтөлбөрийг cdio арга зүйгээр боловсруулах үйл ажиллагааг чанаржуулахад тулгарч буй асуудлууд, шийдвэрлэх арга зам“ (“Эдийн засаг” хөтөлбөрийн жишээн дээр), багш О.Цогзолбоо “CDIO үнэлгээгээр дамжуулан идэвхтэй сургалт явуулах боломж, үр дүн”, доктор Ц.Нарангэрэл, Б.Дөлгөөн багш нарын “Ерөнхий суурь хичээлийн сургалтын хөтөлбөр дэх үнэлгээний шинэчлэлийн зарим асуудал” зэрэг өгүүлэл, багш Т.Уянга, доктор Л.Одмаа, Б.Дуламсүрэн нарын “Онлайн сургалтын чанарыг сайжруулах боломж” илтгэлүүд амжилттай хэлэлцэгдлээ.

Мөн ШУТИС, ХААИС, МУИС, ҮБХИС, СУИС, МУБИС, ТТДС-иудын багш, судлаачид 30 гаруй өгүүлэл, 10 гаруй илтгэл хэлэлцүүлж хурал 9 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

Хурлын төгсгөлд Азийн бүсийн орнуудын төлөөлөл дугуй ширээний ярилцлага зохион байгуулж, энэ удаагийн хурлын зохион байгуулалт, оролцсон байдлыг өндрөөр үнэлэн цаашид CDIO хандлага, арга зүйг хэрхэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо. Хурлын арга хэмжээг зохион байгуулагчдын зүгээс ҮБХИС-ийн оролцоо, дэмжлэг өндөр байсныг онцлон тэмдэглэж талархал илэрхийлсэн байна.

Дэлхий дахинаа “Covid 19’  цар тахлын тархцын нөлөө өндөртэй байгаа энэ үед ”Азийн бүсийн CDIO-2020 олон улсын хурал”-ыг Монгол улсад онлайн хэлбэрээр амжилттай зохион байгуулж, орчин үеийн шинэ шаардлагын дагуу CDIO хандлага, арга зүйг нэвтрүүлэн инженерийн боловсролыг хөгжүүлэн амжилт олж буй туршлагаа улс орнуудын төлөөллүүдтэй хуваалцсан нь өндөр ач холбогдолтой боллоо хэмээн хуралд оролцогчид дүгнэжээ.

ҮБХИС-ийн эрдэмтэн багш нарын төлөөлөл Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан олон улсын хуралд оролцож, илтгэлүүдээ амжилттай хэлэлцүүлэн, өөрийн туршлагаа бүс нутгийн орнуудын их сургуулиудад түгээж, шинэ арга зүй, шинэ технологийг амжилттай хэрэгжүүлж байгаагаа харуулан олон улсын хурлын арга хэмжээнд оролцогчдыг манлайлан амжилттай оролцлоо.

CDIO-2020 Азийн бүсийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогчид: Баруун гар талаас ҮБХИС-ийн багш, ахлах дэслэгч Н.Мөнх-Эрдэнэ, Сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Одонтунгалаг, зөвлөх профессор Я.Чойжамц, CDIO мастер багш Б.Дарханцэцэг, багш О.Цогзолбоо