“АРТИЛЛЕР”, “ЦЭРГИЙН ХОЛБООНЫ ИНЖЕНЕР” ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ЧАНСААГ ТОГТООВ

Монгол Улсын Төрөөс баримтлах бодлого, дээд боловсролын шинэчлэлийн ажлын хүрээнд сургалтын байгууллагуудад хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх хэрэгцээ, шаардлагын хангахын тулд ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн дээд сургуулийн “Артиллер”, “Цэргийн холбооны инженер” хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөлийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны шийдвэрээр 5 жилийн хугацаатайгаар анх удаа цэргийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг Үндэсний хэмжээнд магадлан итгэмжилсэн юм.
Энэхүү хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн “Гэрчилгээ” гардуулах ёслол энэ сарын 26-ны өдөр болж, БМИҮЗ-өөс “Артиллер”, “Цэргийн холбооны инженер” хөтөлбөрүүдийн албан ёсны магадлан итгэмжлэлийн “Гэрчилгээг” ҮБХИС-ийн удирдлагад гардууллаа.
Хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагаа нь тухайн сургалтын байгууллагын хэрэгжүүлж байгаа сургалтын хөтөлбөрийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн тасралтгүйгээр сайжруулах, сургалтад шинэлэг дэвшилтэт арга зүй, технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, бэлтгэж буй мэргэжилтний мэдлэг, ур чадварыг сайжруулах, хөтөлбөрүүдийг чанаржуулахад оршдог.
Мөн ҮБХИС нь 99 жилийн түүхийн цаг хугацаандаа Монгол Улсын боловсролын салбарт албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж баталгаажсан цэргийн мэргэжлийн дээрх хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний боловсон хүчинд тавигдаж буй орчин үеийн шаардлага хангасан мэргэжилтэн бэлтгэх, сургууль, тэнхим, төгсөгчдийн нэр хүнд баталгааг илэрхийлэх чухал ач холбогдолтой юм.