БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД Б.БАЯРМАГНАЙ ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬД АЖИЛЛАЛАА

Энэ сарын 13-ны өдөр Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ҮБХИС-д ажиллалаа. Батлан хамгаалахын дэд сайдыг ҮБХИС-ийн удирдлагын бүрэлдэхүүн угтан хүндэтгэл үзүүлснээр түүний их сургууль дахь ажил эхэлсэн юм.

ҮБХИС-ийн Хүндэтгэлийн танхимд их сургуулийн захирал, бригадын генерал П.Жаргалан их сургуулийн танилцуулгыг хийж, 99 жилийн түүхэн дэх ололт амжилт, цэргийн сургалт бэлтгэлийн бэлэн байдал, өдөр тутмын сургалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Үүний дараагаар харьяаллын сургууль, бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцсан. Батлан хамгаалах удирдлагын академи, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Цэргийн нэгдсэн дээд сургууль, Соёлын төв, Цэргийн хөгжмийн коллеж, Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, Аюулгүй байдлын дээд сургууль, Төв номын сан, Сонсогчийн батальон, Спорт цогцолбор, Тэмүжин өрлөг орж, ажил байдалтай газар дээр нь танилцав. Харьяаллын сургууль, бүтцийн нэгжүүд дээр тухай бүрт нь ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан тайлбар хийлээ.

Энэ хичээлийн жилд Батлан хамгаалахын сайдын тушаалаар Ахлагчийн сургууль нь Батлан хамгаалахын мэргэжил сургалт-үйлдвэрлэлийн төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдөр 19 мэргэжлээр 150 гаруй сонсогчтойгоор өдөр тутмын сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ эрдмийн хамт олны хувьд тулгамдаж байгаа хамгийн гол асуудал нь сургалтын орчин, барилгын асуудал энэ үеэр хөндөгдөв. Монгол улсын Соёлын өвд бүртгэгдсэн 100 гаруй жилийн түүхтэй энэ барилгад цаашид сургалтын үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон байгааг их сургуулийн захирлаар дамжуулан Батлан хамгаалахын дэд сайдад уламжлав.

ҮБХИС-ийн байрлалд шинээр Ахуй үйлчилгээний төв ашиглалтад оруулаад удаагүй байгаатай мөн танилцав. Анх 2009 онд хөл бөмбөгийн тамирчдын байрлах байраар ашиглаж байгаад, өнгөрсөн 2 жилийн хугацаанд агуулахын зориулалтаар хэрэглэж байсныг болиулж, засвар шинэчлэлд оруулж ахуй үйлчилгээний төв болгожээ. Ингэснээр тухайн их сургуулийн байрлалд байрлаж байгаа сонсогчид, сурагчдын орны болон хувцас хэрэглэлийг угааж, ариутган, индүүдэж, тухайн салбар бүрт түгээлт хийх боломж бүрдсэн байна. Суурилуулсан төхөөрөмжийн тухайд, өдөрт дундажаар 140 гаруй цагаан хэрэглэл цэвэрлэх хүчин чадалтай юм байна. Мөн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд хэрэглэгдэх хэрэглэгдэхүүн, хөдөлмөр аюулгүй байдлын чиглэлийн хувцас хэрэглэлийг ариутгаж, цэвэрлэх үйлчилгээг өдөр тутам явуулах аж. Цаашлаад үсчин, оёдолчин ажиллуулж, сургуулийнхаа сонсогч, оюутнууддаа хөнгөлөлттэй үнээр үйлчилж, гадагш хөдөлгөөн үйлдэхгүйгээр үйлчилгээ авах боломжийг бүрдүүлээд байна гэдгээ их сургуулийн захирал онцлолоо. Дараагаар нь Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай Ном мэдээллийн төв, Батлан хамгаалахын удирдлагын академийн шинэ барилгын явцтай мөн танилцсан юм.

“Би нэг зүйл дээр олзуурхаж байна.ҮБХИС маань ирэх жил 100 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Үйл ажиллагаатай танилцаад өнгөрөх бол нэг өөр. Энэ их сургуулийнхаа баялаг үүх түүх, өдий зэрэгтэй авч яваа удирдлага, эрдмийн хамт олноор бахархаж байна. Яагаад гэвэл, өнөөдөр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг олон арван их дээд сургуулиас тэс өөр, өөрийн гэсэн орчин нөхцөл бүрдүүлэн цогцолбор байдлаар энэ хэвээр нь авч ирсэн явдалд талархаж байна. Их сургууль олон улсын жишиг түвшинд хүрэхүйц орчин нөхцлийг бүрдүүлэн, хотхон хэлбэрт бүрэн шилжих боломжтой гэж харж байна. Цаашид зөв зохион байгуулалттай, тооцоо судалгаатай, сургуулийн хамт олны санаа бодлыг тусгасан, өнөө цаг үед нийцсэн ийм үлгэр жишээ их сургууль болох бололцоо, боломж бүрэн байна гэж бодож байна. Шийдвэрлэвэл зохистой олон ч асуудал мөн байна. Сургалтын орчин нөхцөл, сургалтын бааз, техник төхөөрөмжийг шинэчлэхээс гадна багш нарын сургалтын чанар, тэдний уран чадварыг улам сайжруулах гэх мэт асуудлууд бий. Шат дараалан энэ бүхнийг хийж хэрэгжүүлээд явна.” гэж Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хэлсэн юм.

Мөн өдөр ҮБХИС-ийн бие бүрэлдэхүүн ахмадуудаа хүлээн авсан хүндэтгэлийн арга хэмжээ мөн давхар тохиосон бөгөөд энэ үйл ажиллагаан дээр Батлан хамгаалахын дэд сайд байлцлаа. Тэрээр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, бригадын генерал Г.Сайханбаяр цэргийн тэтгэвэрт гарсан ахмад настнууддаа хэрхэн чиглэж ажиллах болон цаашид баримтлах бодлогынх нь талаар товч танилцуулан мэндчилгээ хүргэж, зарим алба хаагчид болон ахмадуудад шагнал гардууллаа.

Өдрийн төгсгөлд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Эрдэм шинжилгээ, инновацын хэлтэс, Ахисан түвшний сургалтын албаны офицер, ахлагч, судлаачидтай уулзсанаар өндөрлөв.

Ахлах дэслэгч Б.Нандинцэцэг