ҮБХИС-ийн багш, судлаач, мэргэжилтнүүд олон улсын цахим хуралд оролцлоо

ОХУ-ын Санкт-Петербург хотын Санкт-Петербургийн Улсын Их Сургуулиас энэ сарын 11-14-ний хооронд зохион байгуулсан “Дижитал нийгэм-нийгмийн бодит байдлын шинэ хэлбэр: хөгжлийн хандлага, бүтэц, үйл явц” сэдэвт 14-р Ковалевскийн уншлага Бүх Оросын шинжлэх ухааны конференцид ҮБХИС-ийн Аюулгүй байдлын дээд сургуулийн Эдийн засаг, менежментийн тэнхимийн багш Г.Оюунтуяа, Инженер механикийн тэнхимийн багш Л.Цэрэнсүрэн, Л.Болормаа нар “Энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй Монголын цэргийн албан хаагчдын нийгэм-улс төрийн аюулгүй байдал” сэдэвт илтгэлийг онлайн хэлбэрээр хэлэлцүүлж амжилттай оролцлоо.

Мөн энэ сарын 25-ны өдөр БНСВУ-ын Ханой хотод (Hanoi, Vietnam) зохион байгуулагдсан “Менежмент, эдийн засаг, нийгмийн шинжлэх ухаан”-ы салбарын 765 дахь удаагийн Олон улсын хуралд (765TH INTERNATIONAL CONFERENCE ON MANAGEMENT, ECONOMICS & SOCIAL SCIENCE – ICMESS 2020) ҮБХИС-ийн Ахисан түвшний сургалтын албаны Магистрын хөтөлбөр, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Батжаргал, АБДС-ийн Эдийн засаг, менежментийн тэнхимийн дарга Д.Сарангэрэл, Багшийн хөгжлийн төвийн сургалт, арга зүйн ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D) Г.Балжинням, ЭШИХ-ийн эрдэм шинжилгээний мэргэжилтэн Ч.Мөнхжаргал нар цахимаар оролцлоо. Оролцогчид тус “VIRTUAL CONFERENCE”-д “INNOVATION PROCESS OF THE MONGOLIAN HIGHER EDUCATION INSTITUTION AND ITS DEVELOPMENT PERSPECTIVE” (Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллагын инновацын үйл ажиллагаа, хөгжлийн хандлага) сэдэвт илтгэлийг амжилттай хэлэлцүүлж, дараагийн хуралд оролцох урилга, Scopust бүртгэлтэй сэтгүүлд (Scopus Indexed Journals) өгүүллээ хэвлүүлэх санал хүлээн авсан байна.