“Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын тогтолцоо” сургалтад ҮБХИС-ийн баг амжилттай оролцов

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ТОГТОЛЦОО” СУРГАЛТАД ҮБХИС-ИЙН БАГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ Боловсрол, шинжлэх ухааны яам, Сингапур улсын Темасек сан, Политехникийн их сургуультай ШУТИС хамтран “Дээд боловсролын чанарын баталгаажуулалтыг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд “Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын тогтолцоо” хөтөлбөрийн 5 багц сургалт зохион байгуулагдахаас эхний багц сургалт өнгөрсөн оны 11 дүгээр сараас амжилттай эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь дээд боловсролын чанарыг баталгаажуулах арга, зарчим, онцлог шилдэг туршлагыг хуваалцах боломж олгох, манай улсын дээд боловсролын орчинд тохирох чанарын баталгаажуулалтын хүрээ, аргуудыг тодорхойлох, загварчлах, тогтоох, боловсруулахад дэмжлэг үзүүлэх, чанарын баталгаажуулалтын цуврал багц сургалтыг зохион байгуулж, мэдлэг түгээх мастер багш нарыг сонгон бэлтгэхэд чиглэж байгаа юм. Уг хөтөлбөрийн 2 дахь багцын эхний сургалт өнгөрсөн 3 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд “Засаглал ба манлайлал” сэдвээр онлайнаар амжилттай явагдаж өндөрлөв.

Тус сургалтад БШУЯ, ШУТИС,МУИС, ХААИС, СУИС, ҮБХИС,ТТДС, Тэнгэр дээд сургууль, МУБИС-ийн 50 гаруй багш, мэргэжилтнүүд оролцлоо. “Засаглал ба манлайлал” сэдэвт энэ сургалтад ҮБХИС-ийн дотоод чанарын баталгаажуулалтын орон тооны бус багийн гишүүд болох Багшийн хөгжлийн төвийн сургалт, арга зүйн ахлах мэргэжилтэн, профессор Я.Чойжамц, Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Авто, хуягт танкийн тэнхимийн багш, хошууч Б.Мөнх-Эрдэнэ, Цэргийн хөгжмийн коллежийн Сургалт, уран сайхны ахлах офицер, ахмад Б.Сүх-Очир, Дотоод аудит, чанарын албаны боловсрол, сургалтын чанарын үнэлгээний мэргэжилтэн, доктор (Ph.D) С.Дэнсмаа, Аюулгүй байдлын дээд сургуулийн ахлах багш, дэд профессор С.Мандалмаа нар сургуулиа төлөөлөн оролцсон юм.

Сургалтын явцад нэгдүгээрт, бидэнд их сургуулийн чанарын баталгаажуулалтын үндсэн чиглэлүүд, чанарын баталгаажуулалтын болон чанарын үнэлгээний аргуудын талаар Сингапурын Технологийн их сургуулийн тэргүүлэх профессорууд лекц уншин үндсэн мэдлэгийг олгож, чанарын баталгаажуулалтын үндсэн чиглэл бүрээр оролцогч их,дээд сургууль бүрээр өөрийнх нь жишээн дээр тулгуурлан үнэлгээ, задлан шинжилгээ хийлгэж, арга зүйн чадварыг бататгалаа.

Хоёрдугаарт, Монголын дээд боловсролын чанарын баталгаажуулалтын тогтолцоог боловсруулах, түүний зорилгыг тодорхойлох, дээд боловсролын байгууллагын чанарын арга хэмжээнүүдийг загварчлах, чанарын үзүүлэлтийг тодорхойлох, үйл явцын форматыг тодорхойлох хүрээнд сургалтад оролцогчдын арга зүйн чадварыг нэмэгдүүлэх, тэгэхдээ их сургууль бүрийн онцлог, туршлагуудыг хуваалцах боломж олгосноороо үр дүн, ач холбогдол өндөр сургалт боллоо.

Хөтөлбөрийн 2 дугаар багцын дараагийн сургалт энэ 4 сарын 20-23-ны өдрүүдэд “Менежмент ба Стратегийн төлөвлөгөө” сэдвээр 4 өдрийн онлайн сургалт зохион байгуулагдахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа юм байна.

                                                                        Хошууч Б.Мөнх-Эрдэнэ