“ЗАЛУУЧУУДЫГ ХӨДӨЛМӨРТ БЭЛТГЭХ “ОРОЛЦОО-2021” ТӨСЛИЙН СУРГАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО

Өнгөрсөн Бямба гарагт ҮБХИС-ийн “Шар хад” хээрийн сургалтын төвийн материаллаг баазыг түшиглэн явуулж байгаа Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж буй “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо-2021” төслийн “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хувийн ур чадварыг хөгжүүлэх цогц сургалт”-ын нээлтийн ажиллагаа болсон юм. 

Нээлтийн ажиллагаанд БХЯ-ны СБТГ-ын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Энхсайхан, Хотхоны дарга, БХЭШХ-ийн Батлан хамгаалах дүн шинжилгээний төвийн дарга, хурандаа, доктор, Л.Баатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвийн арга зүйч  Б.Түмэн-Өлзий, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын ахлах арга зүйч Т.Тунгалаг, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын Сургалт, судалгаа, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Н.Лхагвадулам нарын зочид оролцлоо. 

Сургалтын ажиллагааг БХЯ-ны СБТГ-ын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Энхсайхан нээж, нийт оролцогч залуучуудаа төлөөлөн Өмнөговь аймгаас оролцож байгаа сургалтын төвийн ротын IV салааны оролцогч Г.Номин, Сэлэнгэ аймгаас оролцож байгаа III ротын III салааны оролцогч Т.Наранцацрал нар үг хэлж, Оч”, “Эрчис”, “Оргил” салааны хамт олон урлагийн мэндчилгээ дэвшүүлсэн юм. 

Ийнхүү ҮБХИС-ийн “Шар хад” хээрийн сургалтын төвд зохион байгуулж буй вакуумжсан, тэтгэлэгт, 14 хоногийн хугацаатай цогц сургалтын 1 дүгээр ээлжинд эх орны 4 зүг, 8 зовхис, нийслэл, дүүргүүдээс ажил хийж, амьдралаа өөрчлөх хүсэл зорилготой, өөртөө итгэлтэй, зорьсон зорилго, мөрөөдлөө биелүүлэх хүсэл эрмэлзэлээр дүүрэн, ирээдүйгээ цогцлоон бүтээж, эх орныхоо хөдөлмөрч, хариуцлагатай иргэн болохын төлөө зорьж буй 330 гаруй залуус хүрэлцэн ирж хичээл, сургалтаа амжилттай эхлүүллээ. 

  Оролцогчид сургалтын хугацаанд хөдөлмөрийн харилцаа, уламжлалт болон орчин үеийн соёлыг хослуулах, амьдралын зөв, эрүүл хэв маягт суралцах, хувь хүн, гэр бүл, хамт олны үнэ цэнэ гэсэн сэдэвчилсэн төрөл бүрийн сургалт, чөлөөт цагийн хөгжлийн хөтөлбөрүүдэд оролцож, харилцан суралцаж, хамтран хөдөлмөрлөхийн эрхэм харилцаанд суралцах юм байна. 

  Төслийн ерөнхий зохицуулагчаар БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа С.Ганбямба, сургалтын төвд ҮБХИС-ийн офицер, ахлагч, ажилтан албан хаагчид, ЦХК-ийн үлээвэр найрал хөгжмийн сонсогчид, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын багш нар ажиллаж байна. 

 “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо-2021” төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БХЯ, Боловсрол шинжлэх ухааны яам, Соёлын яам гэсэн 4 яам хамтран үе шаттайгаар зохион байгуулах аж.