ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСНИЙ 858 ЖИЛИЙН ОЙ, МОНГОЛ БАХАРХАЛЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын боловсролын ууган байгууллага Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Цэргийн эрдмийн өргөө Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн үе үеийн ахмадууд болон эрдэмтэн багш нар, ажилтан албан хаагч, сонсогч, оюутан, сурагч, та бүхэнд Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн халуун мэндчилгээг дэвшүүлье.

XIII зуунд Их эзэн Чингис хаан монголчуудаа нэгтгэн Их Монгол улсыг байгуулсны гол ач холбогдол нь бүх монголчууд нэгэн төрийн жолоонд нэгдэн дотооддоо эв нэгдэл батжин хүчирхэгжиж дэлхийн түүхийн тавцанд Монгол улсыг гаргаж ирсэн. Их эзэн Чингис хаан өөрийн улсыг байгуулаад зогссонгүй Евразийн тал нутагт оршин байсан улс орнуудыг байлдан дагуулж нэгтгэн Монголын эзэнт гүрнийг байгуулсан билээ. Тус гүрэн 200 гаруй жил оршин тогтнож дэлхийн түүхэн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулжээ. Ингэснээр хүн төрөлхтөний түүхэн хөгжлийн хорин нэгэн зуунаас хоёрыг нь монголчуудын зуун болгож чадсан гавьяатай юм.

1996 онд Чингис хааныг ”Хоёрдугаар мянганы түүхэн хүн” хэмээн зарлаж, 2005 оны 11 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэх талаар тусгай тогтоол гарган нүүдлийн соёл иргэншил нь худалдаа, арилжааны өргөн сүлжээг хөгжүүлж, захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж тэмдэглэжээ. Уг тогтоолын дагуу ХБНГУ, Австри, Унгар зэрэг олон оронд ”Чингис хаан ба эзэнт гүрэн” сэдэвт үзэсгэлэн, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэргээр өргөн дэлгэр тэмдэглэсэн байдаг.

Их эзэн Чингис хааны түүхэн гавьяа зүтгэлийг дэлхий дахинд ийнхүү өндрөөр үнэлж байгаа нь түүний үр хойчис бидэнд их эзэн хаанаа санан дурсах, үйл хэргээр нь бахархах сэтгэлийг эрхгүй төрүүлж байна.

Ингээд та бүхэндээ Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн мэндийг дахин хүргэж, баатарлаг дайчин уламжлал, бахархах үйлсийн арвин баялаг түүхтэй Монгол төрийн сүлд хийморь мөнхөд ивээж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол цэргийн сүр хүч, цог золбоо үеийн үед мандан бадрах болтугай.

                                              ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ

                                                                     БРИГАДЫН ГЕНЕРАЛ П.ЖАРГАЛАН