Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Гүрсэдийн Сайханбаяр Багш нарт баярын мэндчилгээ дэвшүүлэв

Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид, цэргийн боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авъяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулсан ахмад багш нар, өнөөдөр хүчин зүтгэж яваа эрдэмтэн багш, судлаачид Та бүхэндээ Монголын багш нарын өдрийн баярын мэндийг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монголчууд бид жил бүр “БАГШ” хэмээх эрхэм алдар нэрийг зүүсэн үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгч нартаа мэндчилгээ дэвшүүлж, тэднийгээ алдаршуулан баярын өдрийг нь улс даяараа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэ ч утгаараа эх орноо батлан хамгаалах ирээдүй – хойч үеийг мэдлэг, боловсролтой төдийгүй, эрүүл чийрэг бие бялдартай, зан суртахууны өв тэгш хүмүүжилтэй, эх оронч, үндэсний бахархалтай, дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол иргэн, цэргийн мэргэжилтэн бэлтгэхийн төлөө эрдэм боловсрол, авъяас билиг, хүч чадлаа дайчлан ажиллаж буй энэ их үйлсийн эзэн Та бүхний салбарынхаа хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг Батлан хамгаалахын сайдын хувьд ямагт өндрөөр үнэлж явдгаа илэрхийлье.
Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд цэргийн шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх, боловсрол, эрдэм шинжилгээ, сургалтын агуулгыг олон улсын жишигт хүргэхийг зорьж тодорхой ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийг судалгаанд суурилсан их сургууль болгон бэхжүүлэх, Цэргийн нэгдсэн дээд сургуулийг 4 жилийн цэргийн сургалттай уламжлалт тогтолцоонд шилжүүлж Зэвсэгт хүчний эрэлт хэрэгцээнд нийцсэн мэдлэг, дадлага чадвартай цэргийн мэргэжилтэн бэлтгэх, судалгаа туршилтын ажлыг шинэ түвшинд гаргах үүднээс их сургуулийн нэгдсэн лабораторийг байгуулахыг зорьж ажиллана.
Түүнчлэн Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Соёл, гэгээрлийн байр”, “Батлан хамгаалахын удирдлагын академийн байр”-ыг ашиглалтад оруулж, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхээс гадна багшлах бүрэлдэхүүнийг чадваржуулах, офицер, ахлагч, багш, судлаач нарт өөрийгөө хөгжүүлэх боломж, орчин нөхцөлийг бүрдүүлэх болно.
Монголчууд багш, ном хоёрыг эрхэмлэн дээдэлдэг нандин уламжлалтай ард түмэн. Эрдэм мэдлэг улс нийгмийн хөгжлийн хамгийн гол хүчин зүйл болж байгаа ХХI зуунд багш, сурган хүмүүжүүлэгчид маань эх орон, ард түмнийхээ итгэлийг дааж улам ихийг бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид, цэргийн эрдэмтэн, судлаач Та бүхэндээ соён гэгээрүүлэхүйн их үйлсэд тань амжилт хүсэж, Та бүгдийн амьдрал эрүүл энх, аз жаргалтай байж, эрдэм билгийн гэгээн гэрлээ түгээж явахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
Эрхэм баян-Эрдэм ном дэлгэртүгэй!