МЭНДЧИЛГЭЭ

Ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалж, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн үйлст үнэлж баршгүй хувь нэмэр оруулан, Монгол цэргийн түүхийг бахархам үйлсээр арвижуулан дархалж байгаа Жанжин Сүхийн байгуулсан дайчин уламжлалт, түүхэн замналтай ҮБХИС-ийн Эрхэм хүндэт эрдэмтэн багш, судлаачид, генерал, офицер, ахлагч, ажилтан алба хаагчид, сонсогч, оюутан, сурагч, түрүүч, байлдагчид аа!

Эх орноо батлан хамгаалах үйлсэд амь биеэ үл хайрлан тэмцэж, эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид болон эх орныхоо нэрийг өндөрт өргөж, хилийн чанадад үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийг сахиулагч цэнхэр дуулгатнууд аа!

Эрхэм хүндэт  Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн Та бүхэнд  захирлын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа  “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 99 жилийн ойн баярын чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

                Өнгөрсөн зууны эхэнд буюу 1921 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж, улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг баталгаажуулах анхны түүхэн ялалтыг тунхаглан энэхүү өдрийг БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор 1946 оноос эхлэн Монголын Ардын Армийн ойн баяр болгон албан ёсоор тэмдэглэж ирсэн түүхтэй.

“Монгол цэрэг”-ийн өдөр нь эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай, ариун журамт үүргийг биелүүлж яваа цэргийн алба хаагчдын баяр төдийгүй монгол түмний бахархалт өдөр бөгөөд улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалан тэмцсэн түүх, үе үеийн эх орончид, цэрэг дайчдынхаа гавьяат үйлсээр бахархах, хүүхэд залууст цэрэг, эх оронч хүмүүжлийг олгоход дэмжлэг үзүүлэх онцгой ач холбогдолтой өдөр юм.

ҮБХИС нь бүх цэргийн их жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар анх 1921 онд “Ардын цэргийн даргын сургууль” нэртэйгээр байгуулагдсан цагаасаа яруу алдарт түүхэн хөгжлийнхөө үеүүдэд Монголын ардын журамт цэрэг, арми, Зэвсэгт хүчний үе үеийн дарга, захирагч, шилдэг жанжид, Монгол Улсын баатрууд, төрийн генералууд, төр, нийгэм, шинжлэх ухаан, урлаг соёлын зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид, энхийг сахиулагч цэнхэр дуулагтнууд зэрэг  шилдгийн шилдэг алдартнуудыг бэлтгэн Монгол Улсынхаа түүхийн алтан хуудсанд алдар гавьяаг нь   мөнхжүүлж ирсэн баялаг түүхтэй эрдмийн их өргөө билээ.

ҮБХИС-ийн эрдмийн хамт олон нь Суу билэгт эзэн Чингис хааны өлгий нутаг Монгол Улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө бие сэтгэлээ зориулж, эх орноо батлан хамгаалах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлж цэргийн албаа нэр төртэйгөөр хааж, эх орон ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн мянга мянган дайчид, баатарлаг дайчин эрсийн эрдмийн замыг гэрэлтүүлж, энэ цагийн түүчээ, залгамж халааг бэлтгэж ирсэн нь “Монгол цэрэг”-ийн өдөр, Зэвсэгт хүчинтэй салшгүй холбоотой бөгөөд тиймээс ч эн зэрэгцэн эдүгээ 99 дэх жилтэйгээ учран золгон, уураг тархи, угсаа гарал нь болсоор байгааг баярын энэ өдөр онцлон хэлэхэд таатай байна.

                Монгол улсын Зэвсэгт хүчин, цэрэг эрс маань өнгөрсөн зуунаас эдүгээг түүчээлэн улс орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг амжилттай гүйцэтгэж, эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцнаа дуурсган эх дэлхийн энх тайван, амар амгаланг тогтоох үйлсэд эр зориг, бие бялдарын хүмүүжил, тэсвэр тэвчээр, хатуужил, мэргэжлийн ур чадвараа гайхуулан байгаа бахархам гавьяа, бахдам амжилтаар нь бахархаж байгаагаа илэрхийлэн энэ бүхний эх ундарга нь буурал түүхтэй ҮБХИС-ийн үе үеийн эрдмийн хамт олны нөр их, хөдөлмөр, хичээл зүтгэл, сэтгэл зүрх, мэргэжлийн ур чадвартай салшгүй холбоотой гэдгийг ч баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхийг хүсч  байна.

        Өнөөдөр ҮБХИС-иараа овоглосон эрдэмтэн, судлаачид, генерал, офицер, ахлагч та нарынхаа Эх орноо батлан хамгаалах ариун үйлсэд байгуулсан гавьяа, энх цагийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрээр ямагт бахархаж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж,  Монгол цэргийн дайчин уламжлал, эр зориг, бие сэтгэлийн хатуужил, мэргэжлийн өндөр ур чадварыг дэлхий нийтэд таниулан, энхийн үйл хэрэгт хүчин зүтгэж төрөлх сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж байгаад зүй ёсоор талархаж байгаагаа хамт олныхоо нэрийн өмнөөс дахин илэрхийлье.

Цаашид ч ҮБХИС-ийн хамт олон нь Монгол Улсынхаа язгуур эрх ашгийг туйлаас эрхэмлэдэг, эх оронч, бие бялдар, зориг хатуужлын өв тэгш хүмүүжилтэй, төр, цэргийн албандаа чин үнэнч, цэргийн болон иргэний өндөр боловсрол, мэргэжилтэй офицер, ахлагч, төрийн албан хаагч, мэргэжилтнийг амжилттай бэлтгэн төр, засаг, БХЯ, Зэвсэгт хүчнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

 

Монгол цэргийн сүлд хийморь мандан бадрах болтугай.

ҮБХИС-ИЙН ЗАХИРАЛ, ПРОФЕССОР,

ХУРАНДАА                      П.ЖАРГАЛАН