Нийгмийн хариуцлагын хүрээнд ҮБХИС-ийн эрдмийн хамт олон сайн үйлсийн ажлууд зохион байгууллаа

ҮБХИС-ийн удирдлага, хамт олон УОК, ЭМЯ, БХЯ-наас цар тахалтай холбоотой гаргасан тушаал шийдвэр, зөвлөмжийг өдөр тутам хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнгөрөгч өдрүүдэд тус их сургуулийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд бүх нийтийн бэлэн байдлын үед ажил үүргээ гүйцэтгэж байгаа тээврийн цагдаагийн бие бүрэлдэхүүн, Дотоод хэргийн их сургуулийн сонсогчид, Тохижилт үйлчилгээний ажилчид гээд 220 орчим хүнд халуун хоол, аарц, чацарганаар үйлчилж, тэдний үүрэг гүйцэтгэлд сэтгэлийн дэм үзүүлэн ажиллав. Мөн Цэргийн төв эмнэлгээс цар тахлын үед тусгаарлалтанд ажиллаж байгаа 10 ажилчны ар гэрт хоол хүнсний материалын тусламжийг үзүүлсний зэрэгцээ 1 ажилтны хүүхдийн сургалтын төлбөрийг 50% хөнгөлөх эрхийн бичгийг тус тус гардуулан өглөө. Улс орон даяар хувь хүн, байгууллага хамт олон бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлан сэтгэл санаа нэгдэж, бие биеэндээ сэтгэлийн дэм, халуун дулаан энергийг илгээж, энэхүү цар тахлыг аюулгүйгээр даван гарахаар хичээцгээж байна.Энэ ч үүднээсээ ҮБХИС-ийн удирдлага, хамт олон өөрсдийн зүгээс бусаддаа тусламж дэмжлэг, хувь нэмэр оруулсаар явна.