ОРОЛЦОО ТӨСӨЛД ИХ СУРГУУЛИЙН ЗАРИМ БИЕ БҮРЭЛДЭХҮҮН АМЖИЛТТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЛАА

Монгол Улсын нийт хүн амын 31 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 46 хувийг бүрдүүлдэг залуучуудын хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож, зөв хандлага, эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Оролцоо” төслийн сургалтын арга хэмжээ амжилттай хэрэгжиж эхний ээлжээ дуусгалаа.

    Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяадын цогц төлөвлөгөө”-ний 2.6 дахь заалт болон 2021 оны 58 дугаар тогтоолоор батлагдсан залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийн хүрээнд нийт 5000 гаруй залууг хувь хүний хөгжлийн цогц сургалтад 12 ээлжээр хамруулан хөдөлмөрт бэлтгэхийг зорьж байгаа юм.

    Сургалт нь залуучуудад ажил, амьдралынхаа гарааг зөв эхлүүлж, хөдөлмөрийн харилцаанд оролцоход шаардлагатай ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, залуучуудад уламжлалт болон орчин үеийн соёлын агуулгатай хослуулан хувь хүний хөгжил, эх оронч үзэл санаа, эрүүл, зөв амьдралын хэв маяг, төлөвшлийг суулгах, улс орны хөгжлийн үндэс болох гэр бүлийн утга учир, хамтын хүсэл мөрөөдөл, түүнд хүрэх арга замын талаар сургахад чиглэгдэж байна.

    Төсөлд хамрагдсан залуучуудыг үндэсний бүтээн байгуулалтад оролцуулж, ажлын байраар хангах, нийгмийн түншлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд дадлагажуулах, байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн менторшип арга хэмжээнд мөн хамруулах юм.

    Сургалтыг байршилд зохион байгуулсан бөгөөд ҮБХИСийн Шар хад хээрийн сургалтын төв, Зэвсэгт хүчний жанжин штабын сургалтын нэгдсэн төв, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги дахь Хуурай замын цэргийн сургалтын төв, олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор дээр тус тус явагдав.

    Шар хад хээрийн сургалтын төв дээр Төслийн Ерөнхий зохицуулагчаар БХЯ-ны СБТГ-ын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Энхсайхан, хотхоны даргаар БХЭШХ-ийн Батлан хамгаалах дүн шинжилгээний төвийн дарга, хурандаа, доктор, Л.Баатар, сургалтын үйл ажиллагааны зохицуулагчаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвийн арга зүйч, доктор Б.Түмэн-Өлзий, сургалтын соёл, спорт, чөлөөт цагийн үйл ажиллагааны зохицуулагчаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын ахлах арга зүйч, Т.Тунгалаг, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, судалгааны багийн ахлагчаар Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын Сургалт, судалгааны мэргэжилтэн Н.Лхагвадулам нар ажилласан юм. Залуучуудыг эмх цэгцтэй, сургалтын үйл ажиллагаанд идэвхитэй оролцоход нь Батлан хамгаалахын салбараас бүлэг бүрт багш, Найрамдал цогцолбор төвөөс 1 багш тус тус томилогдож, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллав.

     Сургалтыг Монгол Улсын Засгийн газраас чиглүүлсний дагуу 4 яам хамтран хэрэгжүүлсэн бөгөөд сургалтын агуулга хөтөлбөрийг боловсруулж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Соёлын сайд нарын хамтарсан шийдвэрээр батлуулсан хичээл сургалтууд дээрхи өдрүүдэд амжилттай явагдсан.

    Тус хээрийн сургалтын төв дээр дурсамж дурдатгал дүүрэн вакуумжуулсан 14 хоногийн тэтгэлэгт багц сургалтын 1 дүгээр ээлжинд Өмнөговь, Дорноговь, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Дундговь, Дорнод аймаг болон Улаанбаатар хотын дүүргүүдээс ажил хийж, амьдралаа өөрчлөх хүсэл зорилготой, өөртөө итгэлтэй, зорьсон зорилго, мөрөөдлөө биелүүлэх хүсэл эрмэлзлээр дүүрэн, ирээдүйгээ өөрийн гараар цогцлоон бүтээж, эх орныхоо хөдөлмөрч, хариуцлагатай иргэн болохын төлөө зорин тэмүүлж байгаа 18-34 насны 300 гаруй залуус хамрагдан сургалтад амжилттай оролцож, гэрчилгээгээ гардан авсан юм.

    “Халамжаас хөдөлмөрт” бодлогын хүрээнд залуучуудад эрүүл, идэвхитэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлж, хөдөлмөрийн харилцаанд бэлтгэх эхний ээлжийн сургалтыг амжилттай хэрэгжүүлэхэд энэ жил зуун жилийн түүхт ойтойгоо золгож байгаа ҮБХИСийн удирдлага, хамт олон, ар тал хангалтын ажилтнууд, залуу офицер, ахлагч нар идэвхийлэн хамтран ажиллалаа.

Ахмад Б.Нандинцэцэг