“ОРОЛЦОО-2021” ТӨСЛИЙН СУРГАЛТАД ОРОЛЦОГЧДОД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

ҮБХИС-ийн “Шар хад” хээрийн сургалтын төвд Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулсан “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо-2021” төслийн “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хувийн ур чадварыг хөгжүүлэх цогц сургалт”-ын 1 дүгээр ээлж амжилттай зохион байгуулагдаж, дүнгээ гарган, оролцогчдод Гэрчилгээ гардууллаа.

Энэхүү арга хэмжээнд ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэлийн асуудал хариуцсан дэд захирал, хурандаа Б.Өлзийхуяг, Төслийн Ерөнхий зохицуулагч, БХЯ-ны СБТГ-ын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Энхсайхан, Хотхоны дарга, БХЭШХ-ийн Батлан хамгаалах дүн шинжилгээний төвийн дарга, хурандаа, доктор, Л.Баатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвийн арга зүйч, сургалтын үйл ажиллагааны зохицуулагч, доктор Б.Түмэн-Өлзий, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын ахлах арга зүйч, сургалтын соёл, спорт, чөлөөт цагийн үйл ажиллагааны зохицуулагч Т.Тунгалаг, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын Сургалт, судалгаа, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, судалгааны багийн ахлагч Н.Лхагвадулам нарын зочид оролцлоо.

Төслийн сургалтын хотхоны дарга, хурандаа, Л.Баатар сургалтын үйл ажиллагааны тайланг танилцуулж, сургалтад хамрагдсан нийт залуучуудыг төлөөлж Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас оролцсон Б.Одцэцэг ая дуу өргөснөөр арга хэмжээ эхэлсэн юм.

Вакуумжсан, тэтгэлэгт, 14 хоногийн хугацаатай цогц сургалтын 1 дүгээр ээлжинд эх орны өнцөг булан болох Өмнөговь, Дорноговь, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Дундговь, Дорнод аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдээс ажил хийж, амьдралаа өөрчлөх хүсэл зорилготой, өөртөө итгэлтэй, зорьсон зорилго, мөрөөдлөө биелүүлэх хүсэл эрмэлзэлээр дүүрэн, ирээдүйгээ цогцлоон бүтээж, эх орныхоо хөдөлмөрч, хариуцлагатай иргэн болохын төлөө зорьж буй 326 залуус хамрагдан сургалтад амжилттай оролцож сургалтын Гэрчилгээ гардан авлаа.

Оролцогчид сургалтын хугацаанд хөдөлмөрийн харилцаа, уламжлалт болон орчин үеийн соёлыг хослуулах, амьдралын зөв, эрүүл хэв маягт суралцах, хувь хүн, гэр бүл, хамт олны үнэ цэнэ гэсэн сэдэвчилсэн төрөл бүрийн сургалт, чөлөөт цагийн хөгжлийн хөтөлбөрүүдэд оролцож, харилцан суралцаж, хамтран хөдөлмөрлөхийн эрхэм харилцаанд суралцсан байна.

Гэрчилгээ гардуулах арга хэмжээний төгсгөлд залуучуудад хандан ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэлийн асуудал хариуцсан дэд захирал, хурандаа Б.Өлзийхуяг баяр хүргэж, цаашдын ажилд амжилт хүссэн юм.

Дараа нь ҮБХИС-ийн офицер, ахлагч, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын багш нар урлагийн хэсэгчилсэн тоглолт хийснээр сургалтын хаалтын арга хэмжээ, оролцогчдод Гэрчилгээ гардуулах арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

Төслийн сургалтыг амжилттай зохион байгуулахад мэргэжлийн ур чадвар, ажил хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулан ажилласан Сургалтын төвийн удирдлага, ҮБХИС-ийн офицер, ахлагч, ажилтан албан хаагчид, ЦХК-ийн үлээвэр найрал хөгжмийн сонсогчид, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын багш нарт талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт, амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.