Оюутан цэргүүд чуулж, уриалга гаргалаа

Сүүлийн зургаан жилийн хугацаанд “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж, алба хаасан улсын 12 их, дээд сургуулийн 600 гаруй оюутан цэргүүдийн төлөөлөл энэ сарын 30-ны өдөр чуулж, үеийн залуусаа архи согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг уриалга гаргалаа.

Ковид-19 цар тахал гарч, дэлхий нийтээрээ хөл хорио тогтоосон. Энэ үед оюутан, сурагчдын сургууль, цэцэрлэг нэг хэсэгтээ завсардсан. Үүнтэй холбоотой өнгөрсөн зун Оюутан цэрэг хөтөлбөр бүрэн хэрэгжээгүй өнжсөн ч энэ өдөр ҮБХИС-ийн Соёлын төвд ийн чуулга уулзалтаа зохион байгууллаа. Одоо хичээл сургуулийн үйл ажиллагаа хэвийн байдалд шилжиж байгаа учраас Монгол цэргийн нэгдсэн холбоо, Оюутан цэрэг ТББ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын албатай хамтран Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор чуулга уулзалтыг зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Түүх соёлоо судалж, эх оронч, хүмүүнлэг энэрэнгүй үзлийг өөртөө төлөвшүүлж, хичээл сурлагадаа өндөр амжилт гаргахыг залуустаа хүсэж байна хэмээн Батлан хамгаалахын их сургуулийн зөвлөх профессор, оюутан цэрэг хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч, хурандаа Л.Мягмаржав энэ үеэр хэлсэн юм.

2016 оны “Оюутан цэрэг” хөтөлбөрийн манлайлагч оюутан Н.Шаравжамц хөтөлбөрийн сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр тус хөтөлбөрт хамрагдаж цэргийн анхан шатны мэдэгдэхүүнтэй болсон байна. Жилийн хугацаанд суралцдаг цэргийн хөтөлбөрийг 60 хоногт багтаан суралцсан. 5-30 километрийн маршанд гүйсэн. Хөтөлбөрт хамрагдаад цэргийн амьдрал надад ихэд таалагдсан учраас Зэвсэгт хүчний 281 дүгээр ангийн эмнэлэг, ханган нийлүүлэлт хүний их эмчээр ажиллаж байна. Мөн энэ чуулга уулзалтаас гарах уриалгыг үеийн нөхдөдөө заавал хэлж, ойлгуулах болно” гэлээ.

Энэ үеэр их, дээд сургуулиасаа Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдсан зарим оюутнуудад Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг гардуулсан юм. Чуулга уулзалтын төгсгөлд ҮБХИС-ийн уран бүтээлч оюутан сонсогчдын тоглолтыг толилууллаа.
Ахлах дэслэгч Б.Нандинцэцэг