САЙД Н.ЭНХБОЛД ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНД ОРОЛЦЛОО

ҮБХИС-ийн Ном, мэдээллийн төвийн шавийг тавьж барилгын ажлыг эхлүүллээ. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, сайдын зөвлөх Д.Бүрэнтогтох, ТЗУГ-ын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир болон ҮБХИС-ийн захирал, хурандаа П.Жаргалан нарын албаны хүмүүс оролцсон юм.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Монгол Улсын Засгийн газраас Батлан хамгаалах чадавх, Зэвсэгт хүчнээ хөгжүүлэх талаар онцгой анхаарч ажиллаж байгаагийн нэг илрэл болох энэхүү барилгын шавь тавих ёслолын ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. Даяаршлын, аж үйлдвэрийн мөн мэдээллийн эрин зуун ч гэж хэлэгддэг энэ цаг үед цөөн хүн амтай, хүч чадлаараа ядмагхан манай улсын хувьд юуны түрүүнд хүнийхээ хөгжилд анхааран, иргэддээ эрдэм боловсрол, хүмүүжил, ёс суртахуун олгосноороо өрсөлдөөнтэй ертөнцөд өөрсдийгөө авч явах, аюулгүй байдлаа хангах боломжтой. Хүн нэг бүрийн хичээл зүтгэл, мэдлэг оюун нь улс эх орныг хөгжил өөд хөтөлнө. Энэ талаас нь харахад Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулдаг боловсон хүчнийг нь бэлддэг, хамгийн ууган боловсролын байгууллага маань шинэ эрдмийн өргөөтэй болох гэж байгаа нь сайн хэрэг юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ салбарт онцгойлон анхаарч Батлан хамгаалахын удирдлагын академийн барилгын ажлыг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн. Барилгын ажил энэ ондоо дуусах байх. Харин одоо Ном, мэдээллийн төвтэй болохоор зорьж байна. Энэ нь зөвхөн цэргийнхнийгээ дэмжиж байгаа асуудал биш юм. Дэлхийд үнэлэгдэх, аль ч улс орны эрдэм, боловсролтой сэхээтнүүдээс дутахааргүй боловсон хүчинтэй болох шаардлага бий гэдгийг харгалзаж үзсэний нэг илрэл” гээд барилгын ажлыг гүйцэтгэх компанийн ажилтнуудад амжилт хүслээ.