Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган их сургуулийн нэг, алдар түүхт дайчин замналтай ҮБХИС-ийн 90 дэх удаагийн төгсөлт өнгөрсөн амралтын өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 90 дэх удаагийн “Төгсөлтийн баяр”-ын ёслолын ажиллагаа 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр болж төгсөлтийн баярын ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа С.Ганбямба, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасандамба, ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр нарын хүндэт зочид хүрэлцэн ирж  мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг гардуулав..

2019-2020 оны хичээлийн жилд ЦНДС-ийг 7 сонсогч, Цэргийн хөгжмийн коллежийг 1 сонсогч, Батлан хамгаалахын Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг 10  сонсогч “Онцгойлох дипломтой” төгсөж, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраас мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг гардан авлаа.

 Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр баяр хүргэн, үг хэлж “Шилдэг төгсөгчид”-д Батлан хамгаалах сайдын нэрэмжит шагналыг гардуулав.

            Батлан хамгаалах сайдын нэрэмжит шагналаар Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Артиллерийн командын 4 дүгээр дамжааны сонсогч Мөнхтөгсийн Сүхбат, Цэргийн хөгжмийн коллежийн Хөгжмийн урлагийн 4 дүгээр дамжааны сонсогч Раднаасамбуугийн Билэг, Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн Артиллерийн тагнуулчин-гал засварлагч дамжааны дэд түрүүч Батбилэгийн Пүрэвпэлжээ, Цэргийн холбоо компьютер сүлжээний техникч дамжааны сонсогч Базаррагчаагийн Тавилан нар шагнагдлаа.

Мөн ЗХЖШ-ын даргын нэрэмжит шагналаар Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Ар талын командын 4 дүгээр дамжааны түрүүч Бумангэрэлийн Булгантамир, Цэргийн хөгжмийн коллежийн хөгжмийн урлагийн 4 дүгээр дамжааны сонсогч Батболдын Цэен-Ойдов, Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн буудагч дамжааны түрүүч Буяннэмэхийн Баярманлай, Цэргийн холбоо компьютер сүлжээний техникч дамжааны сонсогч Болдбаатарын Энэрэлт нар шагнагдсаныг ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ҮБХИС-ийн “Шилдэг төгсөгч” медиалаар Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Цэргийн холбоо, кибер аюулгүй байдлын тэнхимийн Цэргийн холбооны инженерийн 4 дүгээр дамжааны сонсогч Сайнсанаа овогтой Лхагвасүрэн, Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн Цэргийн цагдаа, зохицуулагч дамжааны дэд түрүүч Ганбатын Энхчулуун нар шагнагдсаныг ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан нар тус тус гардуулж цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Эрхэм төгсөгчид та бүхэнд эрдмийн хамт олноос эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, төгссөн сургууль эрдэмтэн багш нар, хувь хүнийхээ нэр төрийг өндөрт өргөж, амжилт бүтээлээр дүүрэн явахын ерөөл өргөж, Эх орноо батлан хамгаалах ариун их үйлс, ажил, амьдралын их харгуйд тань амжилтын дээдийг хүсье.