ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын батлан хамгаалах салбарыг хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун ухаан, авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн үе үеийн эрдэмтэн судлаачид, эрдэм шинжилгээний ажилтан та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан үүсч хөгжсөний 99 жилийн ой, Шинжлэх ухааны ажилтны өдрийн баярын мэнд хүргэж, Үндэсний батлан хамгаалахын их сургууль (ҮБХИС)-ийн Эрдмийн зөвлөл, эрдмийн хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Энэ онд дэлхий нийтийг хамарсан Covid цар тахлаас улбаалан бидний ажил, амьдралд тодорхой хүндрэл учирсан хэдий ч хамтын хичээл зүтгэл, боломж, нөөцөө ашиглан эрдэм шинжилгээ, судалгаа, туршилтын ажлыг тасралтгүй явуулж, чамлахааргүй амжилт, ололт гаргасанд ҮБХИС-ийн эрдэмтэд, судлаачид та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье.

ҮБХИС-ийн 99 жилийн түүхэн хөгжлийн явцад, 1990-ээд оны эхээр докторын сургалт эрхлэн явуулах болж, 1995 онд докторын зэрэг хамгаалуулах зөвлөл байгуулагдсанаас хойш эдүгээ хүртэл тус зөвлөл дээр аюулгүй байдал, цэрэг батлан хамгаалах, цэргийн зэвсэглэл, техник, технологийн чиглэлээр нийтдээ 112 хүн эрдмийн зэрэг хамгаалж, батлан хамгаалах салбарын хөгжил, цэргийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмрийг оруулсаар ирлээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хөгжлийн стратеги-2030” баримт бичгийг батлуулж, “ҮБХИС-ийг судалгаанд суурилсан их сургууль болгон хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулан БХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжигдсэн нь их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлж байна.

Сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын бодлого, зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд эрдэмтэд, багш судлаачид улсын болон БХЯ, ЗХЖШ-ын захиалгат төсөлт, судалгааны ажил, инновацын төсөл хэрэгжүүлэх, дэвшилтэт технологийг нутагшуулах, шинэ бүтээл бий болгох, оюуны өмчийн баталгаажилт хийлгэх, олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлэх, гадаадын нэр хүнд бүхий сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэх, эрдмийн цол, зэргээ ахиулах зэрэгт идэвх санаачилгатай, бүтээлчээр ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн амжилтууд гаргалаа.

Ирэх жил бид эрдэм шинжилгээ, инновацын үйл ажиллагаанд гадаад, дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгаа, туршилтын үр дүнг эргэлтэнд оруулах, лаборатори байгуулах, тоног төхөөрөмжийг сайжруулахад гол анхаарлаа хандуулан ажиллах болно.

Монгол Улсын батлан хамгаалах салбарт шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого, ҮБХИС-ийн хөгжлийн стратегийг хэрэгжүүлэхэд эрдэмтэн, судлаач, эрдмийн хамт олон та бүхний идэвхтэй хамтын ажиллагаа, бүтээлч санаачилга, хичээл  зүтгэл бүхнээс чухал юм.

Монгол Улсынхаа болон Зэвсэгт хүчний хөгжлийн төлөө эрдэм ухаанаа дайчлан, эрдэм номын ариун үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа нийт эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтан, ҮБХИС-ийн эрдмийн хамт олон, бидэнтэй хамтран зүтгэгч та бүхэндээ ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Эрдэм ухаан дэлгэрэх болтугай.

ЗАХИРАЛ, ПРОФЕССОР, БРИГАДЫН ГЕНЕРАЛ П.ЖАРГАЛАН