ҮБХИС-ИЙН ЗАХИРАЛ, ПРОФЕССОР, БРИГАДЫН ГЕНЕРАЛ П.ЖАРГАЛАНГИЙН БАТЛАН ХАМГААЛАХЫН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН “28 ЖИЛИЙН ОЙ”-Д ЗОРИУЛСАН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

1990-ээд оны эхээр Монгол оронд ардчилсан хувьсгал өрнөж, зах зээлийн чөлөөт эдийн засгийн нийгэмд шилжээд удаагүй байсан тэр цаг үед ОХУ-д цэргийн академид офицеруудыг бэлтгэхээ больсон учраас цэргийн дээд боловсролтой офицерыг өөрийн эх орондоо цэргийн их сургуулийг түшиглэн сургаж бэлтгэх шийдвэр гарч сонгон шалгаруулалт зарлагдсан юм.

Тэр үед миний бие Зэвсэгт хүчний 132 дугаар ангид Танкийн батальоны штабын даргын албан тушаалыг хашиж байсан бөгөөд Цэргийн их сургуулийн дэргэдэх “Оперативын факультет”-ын сонгон шалгаруулалтад тэнцэн анхны цэргийн дээд боловсролтой офицер бэлтгэх үйл хэрэгт 2 жил суралцахаар зориг шулуудсан 12 офицерийн нэг болон суралцах болсондоо баярлаж байсан үе маань саяхан мэт санагдаж байна.

Аливаа юмны анхдагч байна гэдэг бахархмаар сайхан байдаг хэдий ч үүний цаана маш өндөр үүрэг, хариуцлага, хүлээлт байгаа шүү гэдгийг бид бүхэн ухамсарлан ойлгож хичээн суралцаж байлаа.

Оперативын факультетын сонсогчоор суралцах хугацаанд цэргийн дээд боловсролтой чадварлаг олон багш нараар цэргийн эрдмийн хичээлийг “Оператив-тактикийн түвшин”-д заалгаж, тодорхой мэдлэг, туршлага, ур чадварыг бидний хэсэг нөхөд шингээн авч, ажил амьдралдаа баримталж, тэр үр шимийг өнөөдөр хүртэж байгаад бид бүхэн багш нартаа, сургуульдаа үргэлж талархаж, дурсан ярилцаж байдаг юм.

Оперативын факультетын залгамж халаа болсон Батлан хамгаалахын удирдлагын академи маань  Зэвсэгт хүчин төдийгүй төрийн цэргийн байгууллагын удирдах бүрэлдэхүүнийг бэлтгэдэг сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа эрхэлдэг томоохон сургалтын байгууллага болон өргөжин бэхжиж өнөөдөр түүхт 28 жилийн ойтойгоо золгож байна.

Манай академийн төгсөгчдийн мэдлэг, ур чадварын түвшинг хэн, хаана ямар хариуцлагатай алба хашиж байгаагаар нь тодорхой харж болох юм. ОХУ, БНХАУ-ын цэргийн академийн багш нар манай төгсөгчдийн мэдлэг, ур чадварыг шууд хүлээн зөвшөөрч байсныг Та бүхэндээ дуулгахад таатай байна.

Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Та бүхэнтэйгээ биечлэн уулзах боломжгүй байгаа ч цэргийн дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэж эхэлсний түүхт 28 жилийн ойн баярын дайчин цогтой гал халуун мэндийг бид бүхэндээ мэдлэг, чадвараа харамгүй хайрласан эрдэмтэн багш нар, мөр зэрэгцэн суралцсан анхны төгсөгчид болон үе үеийн төгсөгчид, одоо ажиллаж, суралцаж байгаа нийт бие бүрэлдэхүүндээ цахимаар дамжуулан уламжлахын ялдамд Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эрдэм номын ариун цагаан буян өнө мөнхөд арвижин дэлгэрэх болтугай.

ЗАХИРАЛ, ПРОФЕССОР, БРИГАДЫН ГЕНЕРАЛ П.ЖАРГАЛАН