БАГШ, СУРАЛЦАГЧДЫН “ЭРДМИЙН ИХ ЧУУЛГАН-2021” АНХ УДАА ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ҮБХИС-ийн багш, суралцагчдын эрдмийн их чуулган жил бүр тэнхим, бүрэлдэхүүн сургууль, их сургуулийн түвшинд гэсэн 3 үе шаттай явагддаг. Энэ хичээлийн жилийн тэнхим, бүрэлдэхүүн сургуулийн эрдэм шинжилгээний хурал өнгөрсөн 02 дугаар сарын 27-ноос 4 дүгээр сарын 05-ны хооронд амжилттай явагдаж өндөрлөсөн. Энд багш, сонсогч, оюутны нийт 31 хурал зохион байгуулагдаж, давхардсан тоогоор 170 гаруй багш, 155 сонсогч, оюутан илтгэл хэлэлцүүлэв.

Багш судлаач, суралцагчдын хийсэн судалгаа, туршилтын ажлын үр дүнгээр инновацийн чиглэлийн 10 гаруй шинэ бүтээл, бүтээгдэхүүн бий болсон байна. “ҮБХИС-ийн багш, суралцагчдын эрдмийн их чуулган-2021” эрдэм шинжилгээний хурал энэ сарын 20, 22-ны өдрүүдэд  анх удаа цахимаар зохион байгуулагдлаа. Хуралд урилгаар БХЯ-ны ШУТЗ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Д.Содномцог, ҮБХИС-ийн захирал профессор, бригадын генерал П.Жаргалан, Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал хурандаа Ө.Эрдэнэ-Очир, эрдэм шинжилгээ нийгмийн түншлэл хариуцсан дэд захирал доктор (Sc.D), профессор, хурандаа Б.Өлзийхуяг, ҮБХИС-ийн Эрдмийн зөвлөл, Захиргааны зөвлөлийн гишүүд оролцлоо.

Цахим хурлаар харьяаллын сургуулийн эрдэм шинжилгээний хурлын явц, тайланг видео хэлбэрээр бэлтгэн үзүүлж, инновацын цахим үзэсгэлэнг нийтэд танилцууллаа. Харьяаллын сургуулиас шалгарсан эрдэм шинжилгээний илтгэл, шилдэг бүтээл, инновацийн бүтээгдэхүүнийг ҮБХИС-ийн захирлын тушаалаар томилогдсон комиссийн бүрэлдэхүүн шалгаруулалтыг 2 үе шаттай явуулж, дүнгээ гарган их сургуулийн хэмжээний “Шилдэг”-үүдийг шалгарууллаа.

Байгаль, техникийн ухааны сэдвээр багш нарын төрөлд 1 дүгээр байрт, ЦНДС-ийн АЦТ-ийн ахлах багш, доктор (Ph.D), дэд хурандаа Ц.Дунгармаа “Радиолокаторын талбайг байгуулах аргачлал” илтгэлээр, 2 дугаар байрт, ЦНДС-ийн ЦИХТ-ийн багш ахмад Б.Баярбаясгалан “Цэргийн зам барих ажлыг сайжруулах технологид хийсэн судалгаа” илтгэлээр, тусгай байрт ЦХК-ийн ХУТ-ийн дарга, дэд хурандаа Б.Анхбаяр “Цэргийн хөгжмийн урын сангийн судалгаа” илтгэлээр шалгарав.

Нийгэм, цэргийн ухааны сэдвээр багш нараас БХМСҮТ-ийн МОСТ-ийн сургагч, сургагч ахлагч Э.Энхтайван “ХБНГУ-ын хуурай замын явган цэргийн Ахлагчийн сургуулийн сургалтын тогтолцоо” илтгэлээр тэргүүлж, 2 дугаар байрт, АБДС-ийн ММТТ-ийн багш Н.Амаржаргал, Д.Долгормаа, Ц.Хонгорзул нар “Цахим хичээл зохион байгуулалтад хийсэн дүн шинжилгээ” илтгэлээр удаалж, ГХСТ-ийн ахлах багш Р.Онон “Монгол улсад гадаад хэлний ном, сурах бичиг зохиож ирсэн уламжлал, туршлага, арга зүйн асуудалд” илтгэлээр тусгай байрт шалгарав

Шилдэг бүтээлээр ЦНДС-ийн АЗТ-ийн багш, ахмад Б.Лхагважав “Артиллерийн буудлагын тавилт тодорхойлох ажиллагааг автоматжуулах арга зам” бүтээлээр бусдыгаа манлайлав. Докторант, магистрантуудаас тэргүүн байрт, Аюулгүй байдал судлалын докторант Ц.Буянцогтоо “Энэтхэг-Номхон далайн стратегийн өнөөгийн байдал, цаашдын хандлага” илтгэлээр шалгарч, удаах 2 дугаар байрт Цэргийн сэтгэл зүйн хангалтын магистрант, ахмад Б.Баярчимэг “Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчдын сэтгэцийн байдалд нөлөөлж буй зарим асуудал” илтгэлээр, харин 3 дугаар байрт Аюулгүй байдал судлалын докторант Н.Соёлгэрэл “Олон улсын харилцаа, бүс нутгийн геополитикийн орчны өөрчлөлтөд хийсэн судалгаа, дүн шинжилгээ” илтгэлээр тус тус шалгарсан юм.

Сонсогч, оюутны байгаль, техникийн ухааны сэдвээр эхний байрт АБДС-ийн ЭТ-ийн багш Л.Долгормаагаар удирдуулсан АБДС-ийн ЭТ Ф-410 бүлгийн оюутан О.Энхцэцэгийн “Нисгэгчгүй нисэх хэрэгслийн загварчлал” илтгэл шалгарлаа. Удаах байрт ЦНДС-ийн ЦАТТ-ийн IV дамжааны сонсогч Х.Түмэндэмбэрэл, Удирдагч ЦНДС-ийн ЦАТТ-ийн багш, ахлах дэслэгч Б.Цэрэнчимэд нарын “Биохийг цэргийн гал тогоонд ашиглах боломжийн судалгаа” илтгэл тодров. Тусгай байрт АБДС-ийн ЭЗМТ-ийн багш Д.Нямхүүгийн удирлаган дор АБДС-ийн ЭЗМТ-ийн М1-302 бүлэг оюутан З.Эрдэнэбаатар, Т.Бямбажаргал нарын “Оюутан цахим орчинд суралцахуйн боломж, давуу тал” илтгэл шалгарсан юм.

Нийгэм, цэргийн ухааны сэдвээр тэргүүн байрт ЦХК-ын ХУТ-ийн багш, дэслэгч Ц.Сүхбатын удирдлаган дор Цэргийн хөгжмийн коллежийн хөгжмийн 3-р ангийн сонсогч Х.Соёл-Эрдэнэ “Хөгжим” илтгэлээр тэргүүлэв. Удаах 2 дугаар байрт ЦНДС-ийн ЦХКАБТ-ийн багш, ахлах дэслэгч Н.Мөнх-Эрдэнийн удирдсан ЦНДС-ийн ЦХКАБТ-ийн САБ ангийн сонсогч Д.Ууганбатын “Байгууллагын дотоод сүлжээнд халдлага илрүүлэх” илтгэл шалгарч, ЦХК-ын МБТ-ийн багш Ч.Наранхүүгийн удирдагчаар ажилласан ЦХК-ийн хөгжмийн 4-р ангийн сонсогч Х.Өлзийдэлгэрийн “Flute & baetbox гэж юу вэ?” илтгэл тусгай байранд шалгарлаа. Эрдмийн чуулганы үеэр ҮБХИС-ийн захирлын нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг бүтээлээр АБДС-ийн ЭТ-ийн Ф-410 бүлгийн Оюутан Б. Сумъяадэлгэрийн “Робот гарын загварчлал” бүтээл шалгарав. Захирлын нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн удирдагчаар АБДС-ийн ЭТ-ийн багш Ч. Нацагням ажиллажээ.