АЛДАР ГАВЬЯАНЫ ХОС ОДОНТ, ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН НЭРЭМЖИТ ҮБХИС 100 НАС ХҮРЛЭЭ

1921 онд хувьсгалын их удирдагч, их жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар анх “Ардын цэргийн даргын сургууль” нэртэй үүсэн байгуулагдаж, гал голомтоо бадрааж байсан өнөөгийн ҮБХИС нь байгуулагдсан цагаасаа улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үе үеийн шилдэг офицер, даргалах бүрэлдэхүүнийг сурган бэлтгэх үндсэн үүрэг, зорилго, зорилтоо нэр төртэй гүйцэтгэж 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр түүхт 100 жилийн ойн баяраа дэлхий нийтийг хамарсан Covid цар тахлын хүнд цаг үед халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан сургуулийн гурван орчинд цахим хэлбэрээр зохион байгуулж, ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрөөлөө.

Түүхт ойн баярын ёслолын арга хэмжээнд ҮБХИС-ийн 1989 оны төгсөгч, тус сургуулийн “Хүндэт доктор”, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, ҮБХИС-ийн төгсөгч, Монгол Улсын Засгийн газрын гишүүн,  Батлан хамгаалахын сайд, бригадын генерал Г.Сайханбаяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Энх-Амгалан, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалахын сайд асан, дэслэгч генерал Л.Моломжамц болон БХЯ, ЗХЖШ-ын газар, хэлтсийн дарга нар, их сургуулиудын захирлууд, үе үеийн төгсөгчид, ахмадуудын төлөөлөл, Монгол Улсад суугаа гадаадын улс орнуудын цэргийн атташе нарын эрхэм зочид, төлөөлөгчид оролцов.

Баярын арга хэмжээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийг сургуулийн хүндэт харуул угтаж авснаар эхлэж дараа нь жагсаалын талбайд бие бүрэлдэхүүн жагсаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ҮБХИС-ийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор  шагнах тухай зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх сургуулийн захирал, бригадын генерал П.Жаргаланд Монгол Улсын Төрийн шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонг гардуулсан юм.

Сургуулийн “Сүбээдэй” танхимд ҮБХИС-ийн түүхт 100 жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн баярын хурал болж сургуулийн захирал, бригадын генерал, профессор П.Жаргалан баярын хурлыг нээж, Монгол Улсын хөгжил дэвшилд ҮБХИС-ийн оруулсан хувь нэмэр, ололт амжилт болон сургуулийн алс ирээдүйд чиглэсэн зорилго, зорилтуудыг багтаасан “ҮБХИС-100 ЖИЛ” илтгэлийг тавьсан юм.

ҮБХИС-ийн 1989 оны төгсөгч, тус сургуулийн “Хүндэт доктор”, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх эрдмийн хамт олондоо түүхт ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, ҮБХИС-ийн үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш, оюутан залууст хандан “Монгол Улсын тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдал, халдашгүй дархан байдлыг хамгаалан бэхжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн түүхт 100 жилийн ойн арга хэмжээнд оролцож буй Та бүхэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн болоод энэ сургуулийн бүтээгдэхүүний хувьд өөрийн зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлж, халуун дотно мэндийг дэвшүүлье. Тус сургууль нь ХХ зууны Монголын түүхийн хамгийн том үйл явдал болох 1932 оны зэвсэгт бослого, 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-1950-аад оны баруун хилийн тулгаралт зэрэг эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт ямагт манлайлан хамгийн их голлох үүрэгтэй оролцож түргэвчилсэн болон богино хугацааны сургалтаар фронт руу олон зуун цэргийн даргалах бүрэлдэхүүн, цэрэг дайчид, шаардлагатай боловсон хүчнийг илгээж эх орноо батлан хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлэн эгнээнээсээ олон арван Монгол Улсын баатруудыг төрүүлснийг түүх гэрчилнэ. Өөрийн эгнээнээсээ Монгол Улсын олон арван баатрыг төрүүлэн гаргасан сургууль өнөөдөр хараахан үгүй. Ийм л бахархам түүхтэй бидний сургууль оршин тогтнох хугацаандаа цэргийн мэргэжлийн болон бусад мэргэжлийн 20 мянга гаруй боловсон хүчнийг бэлтгэн улс орны бүхий л салбарт нийлүүлсээр иржээ. Тус сургуулийн төгсөгчдөөс Монгол Улсын Ерөнхийлөгч, ерөнхий сайд, сайд, хөдөлмөрийн баатар, гавьяатууд гээд олон мянган нийгмийн шилдэг элитүүдийг төрүүлэн гаргасан түүхэн гавьяаг байгуулжээ. Тийм ч учраас тус сургуулийг жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болгон Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм.

Аливаа сургуулийн сургалтын чанарыг төгсөгчдийн тоогоор хэмждэггүй билээ. Тус сургууль нь өнөөдөр үндэсний хэмжээний их сургууль болж төлөвшсөн бөгөөд эрдэм шинжилгээ судалгааны эрдмийн их сургууль болж хүлээн зөвшөөрөгдсөн ба цаашид ч улс орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, бүтээн байгуулалтад олон мянган чадвартай боловсон хүчнийг зуу зуун жилээр бэлтгэн гаргасаар байх болно гэдэгт би гүнээ итгэж явдаг.

Монгол орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан баатарлаг гавьяа байгуулж, амь насаа зориулсан цэргийн сургуулийн захирал, сонсогч, төгсөгчид тэдгээрийн гэр бүлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрийн өмнөөс баяр хүргэж мэхийн ёсолж байна.

Эх орноо батлан хамгаалж, бүтээн байгуулах ариун үйлсэд гар бие, сэтгэл оюунаа харамгүй зориулж энэ сургуулийн дараагийн зуун жилийн түүхийг өртөөлөн авч яваа өнөө цагийн бие бүрэлдэхүүн та бүхэндээ ахин баярлалаа” хэмээв.

Ийнхүү нэгэн зууны түүхийг бүтээсэн буурал түүхтэй эрдмийн их өргөө түүхт 100 жилийн ойн баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал болох “Хөдөлмөрийн гаьяаны улаан туг”-ийн одонгоор шагнуулж, алтан соёмбот аранзал улаан тугандаа Төрийн гуравдахь одонгоо  мөнхжүүлэн, ололт амжилтаар дүүрэн нэгэн зууныг үдэж, шинэ зуунтайгаа учран золголоо.

Энэ өдөр Монгол Улс болон Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд он удаан жил идэвхи зүтгэл гарган амжилттай ажиллаж байгаа зарим бие бүрэлдэхүүнд Төрийн одон медаль, БХЯ-ны болон бусад байгууллагын шагнал гардуулах арга хэмжээ Төрийн ордон болон түүхт ойн баярын арга хэмжээний үеэр болсон юм.Батлан хамгаалах салбарт тасралтгүй 57 жил ажиллаж, Цэргийн нэгдсэн дээд сургуулийг их сургууль болгон хөгжүүлэхэд манлайлж, цэргийн бакалавр, магистр, докторын шаталсан сургалтын хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, цэргийн дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан бэлтгэл хурандаа Ядамын Мягмарсүрэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Монгол Улсын гавьяат багш цол хүртээв.

Мөн ҮБХИС-ийн төгсөгч, Монгол Улсын Засгийн газрын гишүүн,  Батлан хамгаалахын сайд, бригадын генерал Г.Сайханбаярыг ҮБХИС-ийг хөгжүүлэх болон аюулгүй байдал, батлан хамгаалах, цэргийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлж, ҮБХИС-ийн эрдмийн зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ҮБХИС-ийн эрхэм дээд хүндэтгэл болох “Хүндэт доктор” цол хүртээв.