МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд одоо ажиллаж байгаа, чөлөөнд гарсан Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн үе үеийн удирдлага, эрдэмтэн багш нар, төгсөгч, суралцагч нийт бие бүрэлдэхүүн болох генерал, офицер, ахлагч, сонсогч болон хугацаат цэргийн албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид  Та бүхэндээ Монгол Улсын ууган их сургуулиудын нэг, Сүхбаатарын болон байлдааны гавьяаны улаан тугийн одонт жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Монгол улсын батлан хамгаалахын их сургуулийн үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын дайчин цогтой халуун мэндийг өргөн дэвшүүлье!

Эх орон, Эрдэм мэдлэг, Эр зориг, Тэсвэр хатуужил уриатай ҮБХИС нь орчин цагийн Зэвсэгт хүчинтэйгээ нас чацуу цөөн байгууллагуудын нэг бөгөөд өдгөө мөн л 100 жилийн ойтойгоо золгож байгааг Та бүхэн мэднэ.

Тэртээх 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын түүхт ялалтын үр дүнд байгуулагдсан Ардын төр, Засгийн газрын бүрэлдэхүүнд Цэргийн явдлын яам (ЦЯЯ)-ыг байгуулж, улс орны цэрэг, батлан хамгаалах хүчин чадлыг бататган бэхжүүлэх, нэн ялангуяа орчин үеийн цэргийн сургалт, бэлтгэлийн тогтолцоог үүсгэн бэхжүүлэх бодлого, зорилтыг дэвшүүлсэн байдаг юм. Улмаар Ардын түр Засгийн газар ба Намын Төв хорооны хамтарсан 1921 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн хурлаас цэргийн байгуулалтын асуудлыг хэлэлцэж гаргасан тогтоолд “…цэргийн сургууль нээн, монгол цэргүүдээс ухаан сэргэлэнг цэргийн сургуульд боловсруулж, сургагч (дарга) нарыг гарган сургаж авбаас зохино” гэж онцлон заасан нь цэргийн сургууль байгуулах албан ёсны анхны шийдвэр болж байжээ. Үүний дагуу их жанжин Д. Сүхбаатарын удирдлага дор цэргийн дарга нарыг бэлтгэх 6 сарын хугацаатай дамжаа 1921 оны 10 дугаар сарын 15-ны өдөр анхны хичээлээ эхлүүлсэн нь өнөөгийн Монгол Улсын цэргийн мэргэжлийн ууган сургууль-Үндэсний батлан хамгаалахын их сургууль (ҮБХИС)-ийн үндэс суурь болсон түүхтэй.

ҮБХИС нь өнгөрсөн 100 жилийн түүхэндээ бүтэц, зохион байгуулалтын хувьд “Ардын цэргийн даргын сургууль (1921-1923)”, “Бүх цэргийн Ерөнхий сургууль” (1923-1932), “Цэргийн ерөнхий сургууль” (1932-1956), (1964-1967), “Цэргийн нэгдсэн дээд сургууль” (1981-1991), “Цэргийн их сургууль” (1991-1999), “Батлан хамгаалахын их сургууль” (1999-2016), “Үндэсний батлан хамгаалахын их сургууль” (2016 оноос өнөөг хүртэл) болон өөрчлөгдөн байгуулагдаж ирсэн байдаг.

Түүхэн он жилүүдэд ҮБХИС-ийн үе үеийн нийт бие бүрэлдэхүүний орчин цагийн Зэвсэгт хүчний түүхэнд оруулсан хувь нэмэр их билээ. Үүнээс онцолбол, 1939 оны Халхын гол, 1945 оны Чөлөөлөх дайны жилүүдэд ЦЕС-ийн удирдлага, бие бүрэлдэхүүн хичээл сургалтын зэрэгцээ МАХЦ-ийн даргалах бүрэлдэхүүнийг нөхөн хангах, сурган бэлтгэх, Дотоодыг хамгаалах газрын хороо, дайчилгаагаар байгуулах бэлтгэл хорооны хамтаар Улаанбаатар хотноо Бүх цэргийн жанжны бэлтгэл хүчний байлдааны үүргийг нэр төртэй гүйцэтгэсэн байдаг. ЦЕС-ийн багш, төгсөгчдийн дундаас 1939 оны Халхын гол, 1945 оны Чөлөөлөх дайны ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан Д.Дэмбэрэл (1936), Ц.Олзвой (1939), Д.Данзанваанчиг (1945), С.Дампил (1945), Л.Гэлэгбаатар (1964), Д.Хаянхярваа (1969), Д.Нянтайсүрэн (1971), М.Экей (1979), В.Шарав (1984), Ж.Лхагвасүрэн (1989), П.Шагдарсүрэн (2014) нарт “Монгол Улсын баатар” хэмээх эрхэм хүндтэй цол олгосон нь цэргийн сургуулийн үе үеийн түүхэн дэх амжилт, бахархлын тод томруун үлгэр жишээ болон өнөөдөр дурсагддаг юм.

ҮБХИС нь түүхэндээ жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын болон байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан нь тус сургуулийн үе үеийн удирдлага, бие бүрэлдэхүүний цэрэг, батлан хамгаалах хүчнийг бэхжүүлэх, цэргийн төрөл мэргэжлийн шилдэг боловсон хүчнийг сурган бэлтгэх үйлсэд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлсэн хэрэг гэж өнөөдөр бид бүхэн бахархаж явдаг.

ХХI зуунд ҮБХИС-ийн удирдлага, Эрдмийн хамт олноос их сургуулийн шинэ бүтэц, хөгжлийн бодлого, зорилтын дагуу эрхэм зорилгоо “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн, цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгаанд их сургууль болоход оршино” гэж шинэчлэн тодорхойлон ажиллаж байна. Ингэснээр тус сургууль нь иргэний болон цэрэг, батлан хамгаалахын үндсэн хоёр чиглэлээр дипломын болон бакалаврын 16, аюулгүй байдал, цэрэг, батлан хамгаалахын чиглэлээр магистр, доктор (Рh.D)-ын 9 хөтөлбөрөөр бүх шатны боловсрол, сургалтын үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж, Монгол Улсын батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, иргэний салбарын чадварлаг хүний нөөцийг сурган бэлтгэж байна.

Сүүлийн жилүүдэд ҮБХИС-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжин тэлж, их сургуулийн шинэ зууны хөгжлийн нэгэн дэвшилтэт хүчин зүйл болсноор  ОХУ, БНХАУ, АНУ, Их Британи, ХБНГУ, БНСУ, Япон, Канад, Франц, БНТУ тэргүүтэй Ази, Европын арав гаруй орны цэрэг, батлан хамгаалах болон иргэний их дээд сургуулиудтай шууд харилцаа тогтоож, багш, зочин судлаач, оюутан солилцооны хөтөлбөр, сургалтын орчны хөрөнгө оруулалтын олон талт чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулан үр бүтээлтэй ажиллаж байгаа нь өнөөгийн батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжлийн үйл ажиллагаа жилээс жилд өргөжин батжиж байгааг илэрхийлж байна гэж үзэж байна.

ҮБХИС үүсэн байгуулагдсанаасаа хойш морин цэрэг, артиллерийн богино хугацааны дамжаанаас Монгол Улсын үндэсний хэмжээний их сургууль болон хөгжин төлөвшиж, цэрэг, иргэний 100 гаруй мэргэжлээр 70 мянга гаруй шилдэг боловсон хүчин, хүний нөөцийг нэр төртэй сурган бэлтгэсэн нь улс орны батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин төдийгүй төр засаг, соёл боловсрол, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшил, бизнесийн бүхий л салбарын манлайлагч хүчин болж, үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг онцлон тэмдэглэе.

Ингээд Та бүхнийг маань Монгол эр цэргийн сүр хүч, сүлд хийморь, эрдэм номын цагаан буян мөнхөд ивээх болтугай.

 ҮБХИС-ИЙН ЗАХИРАЛ, ПРОФЕССОР, БРИГАДЫН ГЕНЕРАЛ П.ЖАРГАЛАН