МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган байгууллага Сүхбаатарын ба Байлдааны болон Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 29 жилийн ойг тохиолдуулан БХМСҮТ-ийн хөгжилд өөрийн эрдэм мэдлэг, мэргэжлийн ур чадвараа дайчлан ажиллаж байсан генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагчид болон одоо ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүн, сонсогч, суралцагч, үе үеийн төгсөгчид та бүхэнд төрөлх сургуулийн тань түүхт ойн баярын дайчин цогтой халуун мэндчилгээг дэвшүүлье.

Батлан хамгаалахын сайдын 1993 оны 05 дугаар сарын 31 өдрийн дугаар тушаалаар Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг үүсгэн байгуулсан түүхтэй. Түүхийн энэ хугацаанд цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагын бодлого шийдвэрт нийцсэн сургалтын агуулга хэлбэрийг боловсронгуй болгож сургалтын орчин, материаллаг баазыг бүрдүүлэн мэргэжлийн ахлагч нарыг бэлтгэн төгсгөдөг цэргийн мэргэжлийн төв болон төлөвшсөн байна.

Өнөөдөр тус төвийн төгсөгчид нь Зэвсэгт хүчний ахлагчийн бүрэлдэхүүний 70 гаруй хувийг бүрдүүлж, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах үндсэн чиг үүргээ биелүүлэхийн зэрэгцээ НYБ-ын энхийг дэмжих болон Олон Улсын цэргийн ажиллагаанд оролцож даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх хариуцлагатай, нэр хүндтэй их үйлсэд Эх орноо төлөөлөн оролцож байна.

Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв нь цаашид мэргэжлийн ахлагч нарын бүрэлдэхүүнийг бэлтгэж, цэргийн мэргэжлийн сургалтын үйл ажиллагааг улам боловсронгуй болгох, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, Эх оронч үзэл, хүмүүжил төлөвшил, тэсвэр хатуужил, манлайлах ур чадварыг хөгжүүлэх, Зэвсэгт хүчний хөгжилд манлайлан оролцоно гэдэгт итгэлтэй байна.

Үндэсний Аюулгүй байдлыг хангах үүргээ хэрэгжүүлэхэд эрдэм мэдлэг, ур чадвараа зориулан ажиллаж ирсэн үе үеийн ахмадууд болон одоо ажиллаж байгаа удирдлага хамт олон, сургагч багш, ажилтан алба хаагч, сонсогч, суралцагч та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!

ҮБХИС-ИЙН ЗАХИРАЛ, БРИГАДЫН ГЕНЕРАЛ П.ЖАРГАЛАН