ОЮУТАН ЦЭРГҮҮД ТАНГАРГАА ӨРГӨЛӨӨ

Монгол Улсын Засгийн газраас долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалтын цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт өнгөрөгч Бямба гарагт /07.30/ өндөрлөж, оюутан цэргүүд тангаргаа өргөлөө.
ҮБХИС-ийн Шархад дахь хээрийн Сургалтын төвд болсон оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслолд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа Ч.Гандирваа, ҮБХИС-ын захирал бригадын генерал П.Жаргалан, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Б.Ялалт, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Д.Дугаррагчаа болон Их дээд сургуулиудын удирдлага, холбогдох албан тушаалтнууд, оюутан цэргүүдийн гэр бүлийнхэн оролцлоо. “Оюутан цэрэг” сургалт нь их, дээд сургуулийн оюутан залуусыг цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамруулснаар өвөг дээдсийнхээ дайчин өв уламжлал, өнөөгийн цэрэг, армийн ололт амжилтаас суралцсан, эх оронч хүмүүжилтэй, оюунлаг, өндөр боловсролтой өв тэгш монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой юм.
ҮБХИС-ийн захирал П.Жаргалан оюутан цэргийн тангараг өргөх ёслолыг нээж хэлсэн үгэндээ “Иргэнийхээ журамт үүргийг биелүүлж байгаа оюутан цэргүүдэд баяр хүргэе. Та бүхэн цэргийн тангараг өргөснөөр эх орон дуудсан цагт эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу бэлэн байж, тавигдаж байгаа шаардлага шалгуурыг бүрэн биелүүлдэг цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн, цэргийн албан хаагч, эх орны цэрэг боллоо. Цэргийн тангараг бол эх орондоо үзүүлж буй гүн хүндэтгэл юм’  гэв.
Хоёр жил завсарласны дараа зохион байгуулагдсан энэ удаагийн сургалтад 52 их, дээд сургуулийн 452 оюутан цэргийн эрдэмд суралцав. Эдгээр оюутнууд нь энэхүү сургалтад хамрагдахын тулд голч дүн 3.4 болон түүнээс дээш байж, эрүүл мэндийн үзлэг, бие бялдрын шалгуур давсан бөгөөд эхний шатандаа “Цэргийн ерөнхий бэлтгэл” онолын сургалтыг МУИС, ШУТИС, ХҮИС, МУБИС-дад тус тус танхимаар хоёр сарын хугацаанд хамрагдсан бол “Цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт”-аа ҮБХИС-ийн Шар хад дахь Сургалтын төвд хамрагдаж, цэргийн албанд дасгах, мэргэжлийн бэлтгэл, цэргийн мэргэжил олгох гэсэн гурван үе шаттайгаар суралцав. Тодруулбал, “Цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт”-д хамрагдаж байгаа оюутнууд дөрвөн бүлэгт хуваагдан дадлага, сургалтад хамрагдсан юм. Сургалтыг эрчимжүүлсэн, вакуумжуулсан тусгай хөтөлбөрөөр өдөрт 10 цагийн багц хичээлээр явуулсан бөгөөд энэ хүрээнд цэргийн дүрэм, жагсаалын бэлтгэл, тактик, галын бэлтгэл, цэргийн байр зүй, зенит, артиллерийн бэлтгэл, амьд гарах арга ухаан, анхны тусламж зэрэг 12 хичээлийг нийт 560 цагийн багтаамжтайгаар явуулсан юм. Эдгээр нь цэргүүдэд бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр хатуужил олгох, байлдаанд байлдагчийн үүргийг биелүүлэх, тасаг тоотын жигдрэлтийг хангах, хүн нэг бүрд цэргийн бага мэргэжил эзэмшүүлэхэд тус сургалт чиглэгджээ.
“Оюутан цэрэг-2022” сургалт явагдаж байх хугацаанд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар болон их дээд сургуулийн удирдлага, холбогдох албан тушаалтнууд хүрэлцэн ирж сургалтын үйл явцтай танилцсан юм.
Хэдийгээр 12 сарын хугацаанд цэргийн алба хаах хуультай боловч олон мянган оюутан залуусаас шигшигдэж ирсэн залуус богино хугацааны эрчимжсэн сургалтад хамрагдаж, ачаалал даах, цэргийн мэргэжил эзэмших бүрэн боломж олгодог тус сургалт ийнхүү 7 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Сонирхуулахад “Оюутан-цэрэг”-2022 хөтөлбөр энэ жил анх удаа “E-Mongolia” цахим платформоор бүртгэл явуулсан ба нийт 1472 оюутан бүртгүүлжээ. Эдгээр оюутнаас голч оноогоор жагсаан, эрүүл мэндийн үзлэг, биеийн тамирын шалгалтад хамруулсан бөгөөд сонгон шалгаруулалтад 479 оюутан тэнцсэн ба 452 оюутан цэргийн хөтөлбөрт бүрэн хамрагдаж цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн, цэргийн алба хаагчид болж албаа дуусгалаа.
Эх сурвалж :”Соёмбо” редакц