СҮХБААТАРЫН БА БАЙЛДААНЫ БОЛОН ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ, ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН НЭРЭМЖИТ ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭЭД СУРГУУЛИЙН 19 ДЭХ УДААГИЙН ТӨГСӨЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Монгол улсын цэрэг, аюулгүй байдал, батлан хамгаалахын болон төр, хувийн хэвшлийн бүхий л салбарын өндөр мэдлэг, чадвар, ёс зүй, хүмүүжил төлөвшлөөр тэргүүлэгч, шилдэг хүний нөөцийг сурган бэлтгэдэг АБДС-ийн 19 дахь удаагийн төгсөлтийн мөнгөн хонхны баярын хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллаа.
Ёслолын ажиллагаанд ҮБХИС-ийн захирал, профессор, Бригадын генерал П.Жаргалан, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор \Ph.D\, хурандаа Д.Содномцог, ҮБХИС-ийн сургалтын хэлтсийн дарга, хурандаа Б.Батмөнх, Аюулгүй байдлын дээд сургуулийн захирал, хурандаа Б.Ганзам болон АБДС-ийн тэнхимийн дарга, багш нар, төгсөж буй нийт төгсөгчдийн төлөөлөл, эцэг эхчүүд оролцлоо.
ҮБХИС-ийн Аюулгүй Байдлын дээд сургуулийн захирал, хурандаа Б.Ганзам нийт төгсөгч нартаа ажил, амжилтын дээдийг хүсэж “Эрдмийн баяр 2023” төгсөлтийн арга хэмжээг нээлээ.
2023 онд төгсөж буй АБДС-ийн оюутан суралцагчдын хувьд сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын хөгжилд бодитой хувь нэмэр, амжилт бүтээлээр манлайлсан жил байлаа. Энэхүү 2022-2023 оны хичээлийн жилд АБДС-ийн нийт 253 төгсөгчдийн дундаас 10 төгсөгч онцгойлох дипломын болзол хангасан байна.
“Шилдэг төгсөгч” медалиар ЭЗХ-ийн М1-403 бүлгийн оюутан Б.Сайхантуяа, Авто инженерчлэл хөтөлбөрөөр М2-412а бүлгийн оюутан Б.Мөнхзаяа нар энгэрээ мялаалаа.
Мөн ҮБХИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд, алба, хэлтсүүд жил бүрийн төгсөлтийн баяраар АБДС-ийн шилдэг төгсөгчдөд сургууль, алба, хэлтсийнхээ нэрэмжит шагналыг гардуулдаг уламжлалтай бөгөөд 9 оюутныг шагнаж урамшууллаа.
ҮБХИС-ийн захирал, профессор, Бригадын генерал П.Жаргалан нийт төгсөгч нарт хандан баярын үг хэлсэн бол, төгсөлтийн үйл ажиллагааг хааж АБДС-ийн дэд захирал, ЭШСА дарга Г.Балжинням нийт төгсөж буй төгсөгч нарт амжилт хүсэж, эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байхыг захилаа.
Нийт төгсөгчдөдөө хүн бүр үндэсний хэл, түүх, соёлынхоо дархлааг бэхжүүлэхийн төлөө цохилох зүрхтэй байж, туурга тусгаар улс орныхоо үндэсний эрх ашиг, аюулгүй байдал, батлан хамгаалах судлалаар мэргэшин, эх оронч үзэл, хүмүүжлийг ажил, амьдралынхаа эрхэм зорилго, гол чиг шугам болгон хэрэгжүүлэхээс гадна төрөлх сургууль, эрдэмтэн багш нартайгаа ямагт ойр дотно холбоо харилцаатай байж, итгэл найдвар, нэр төрийг ямагт өндөрт өргөж яваарай гээд ирээдүйн ажил, амьдралын тань алтан шар зам үргэлж өөдрөг, бүтэмжтэй байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.