“Тэмүүжин-Өрлөг” сургуульд Орос хэл судлалын төв байгуулав

Үндэсний батлан хамгаалах их сургуулийн дэргэдэх нийслэлийн ерөнхий боловсролын “Тэмүүжин-Өрлөг’  ‘ сургуульд Орос хэлний төв байгуулагдсан байна. Энэ нь “Россотрудничество” төлөөлөгчийн газрынхны нээж буй Улаанбаатар дахь “Русский Дом’-ын дэргэдэх Орос хэл судлалын дөчин хоёр дахь төв аж.

Орос, Монголын дипломат харилцааны түүхэн 100 жилийн ойн хүрээнд нээгдсэн тус төвд “Русский Дом’ зүгээс 6 сая орчим төгрөгийн ном, сурах бичиг, Оросын сонгодог зохиол, орос хэл заах аргазүйн орчин үеийн гарын авлага бэлэг болгожээ.

Тус сургуулийг төгс буй сонсогчдын 40 гаруй хувь нь манай хоёр орны Батлан хамгаалахын салбар дахь хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газар хоорондын гэрээгээр ОХУ-ын тэргүүлэх их, дээд сургуулиудад цэргийн дээд боловсрол эзэмшдэг билээ.

“Тэмүүжин өрлөг” сургуулийг түшиглэн орос хэлний төв, кабинет байгуулахаар энэ сарын 21-ний өдөр Монгол улс дахь Оросын холбооны улсын Элчин сайдын яамны зөвлөх, Монгол улс дахь “Россотрудничество’ агентлагийн төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар дахь “Русский дом’-ын захирал Базархандаев Амгалан Ринчинович, Баянзүрх дүүргийн боловсролын хэлтсийн дарга Б.Ганбат, Нийслэлийн тэргүүний Тэмүүжин-Өрлөг сургуулийн  захирал дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ нар хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулжээ.

Энэ үеэр “Тэмүүжин өрлөг” сургуулийн сургалтын орчныг сайжруулах зорилгоор орос хэлний сурах бичиг, уран зохиолын ном сургалтын бусад материал бэлэглэсэн байна. Цаашид тус байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлж хамтран ажиллахаа илэрхийлжээ.

news.mn