ЭХ ОРНЫ ХҮҮД ЭЭЖИЙН ЗАХИАС

ҮБХИС-ийн Харуул үйлчилгээний ротын хугацаат албаны түрүүч, байлдагчдын алба хаах итгэл, үнэмшил, урам зоригийг дээшлүүлэх зорилгоор “Эх орны хүүд ээжийн захиас” хүндэтгэлийн уулзалтыг зохион байгууллаа.
Энэхүү уулзалтад Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Л.Сарангэрэлийг урьж оролцуулсан юм. Тэрээр дөрвөн хүүхдийн ээж бөгөөд ууган хүү Т.Төрболд нь 2019 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан бол удаах хүү Т.Улсболд нь “Тэмүүжин Өрлөг” сургуулийн аравдугаар ангид суралцдаг.
Зочин ээж маань бидний саналыг хүлээн аваад маш их баярлаж догдолсны зэрэгцээ яг л хүү дээрээ эргэлтээр очих гэж байгаа мэт догдлон байж ирснээ онцолж байсан юм.
Тэрээр хугацаат цэргийн алба хаагчидтай уулзах үеэрээ “Эрхэм хүндэт түрүүч, байлдагч, ирээдүйн эх орны эзэд, өрх гэрийн ноён нуруу та бүхнийг цэргийн алба хаах чухал шийдвэр гаргаж эх орондоо үнэнчийн баталгаа болсон эр цэргийн тангараг өргөн эх орны хүү болсныг харах сайхан байна. Цэргийн алба хааснаар хувь хүний бие махбод, сэтгэл зүй болоод амьдралыг харах өнцөг, аливаад хандах хандлага гээд олон талын өөрчлөлт гардаг. Тухайлбал, бие бялдрын өв тэгш хүмүүжлийг цогцлоохоос гадна амьдралд тулгарах аливаа бэрхшээлд сэтгэлийн хаттай байхад цэргийн алба сургадаг. Товчхондоо энх цагт эр цэргийн алба хаана гэдэг эх орны энхийн манаанд зогсож хувь хүн ахин хүмүүждэг, төлөвшдөг, өөрийгөө танин мэддэг, шинээр бүтээгддэг билээ. Мөн өнөөдрийн нийгэмд цэргийн алба хаана гэдэг нь асар нэр хүндтэй бөгөөд ажил, албан тушаалд томилогдоход чухал шалгуур үзүүлэлтийн нэг болсон гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа биз ээ. Сая хэлсэнчлэн та бүхэн цэргийн өдөр тутмын бэлтгэл, сургуулилтдаа хамрагдах явцдаа амьдралд хэрэг болохуйц олон эерэг дадал зуршлыг өөртөө бий болгож буйгаа төдийлөн анзаардаггүй байх. Та бүхний энэхүү өөрчлөлт нь цэргийн алба хаасны дараа аав, ээж хайртай дотны хүмүүст маш тодоор харагддаг. Төгсгөлд нь та бүгдэд аминчлан захих зүйл бол цэргийн алба хааж буй энэ цаг хугацааг өөрийгөө хөгжүүлэх боломж гэж хараарай. Дарга нарынхаа үгэнд сайн ороорой, хоорондоо эв эеийг хичээж, нэг насны найзууд болоорой” хэмээгээд байлдагч бүрийн алгыг атга чихрээр мялаасан юм.
Сургалтын төгсгөлд бас нэгэн баярт мөч тохиосон нь ээжтэйгээ үл ойлголцсон байсан гуравдугаар салааны байлдагч
А.Эрдэнэбилэг ээжтэйгээ цахимаар уулзсан явдал байлаа.
Байлдагч маань ээждээ чин сэтгэлийн үгээ илэрхийлсний дараагаар хамт алба хааж буй нөхөд нь нижигнэсэн алга ташилтаар ээж, хүү хоёрыг мялаав. Ийнхүү алба хаах итгэл үнэмшил дүүрэн хүү, эх орны хүүгээрээ бахархах сэтгэл дүүрэн ээж хоёрын сэтгэл догдлуулсан халуун ярилцлагаар энэ удаагийн арга хэмжээ өндөрлөлөө.
Ахмад Д.ГАНЦЭЦЭГ