“ТӨГСӨЛТИЙН БАЯР-2022” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Монгол улсын мэргэжлийн боловсролын ууган их сургуулийн нэг, Сүхбаатарын ба Байлдааны болон Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит ҮБХИС-ийн 92, Цэргийн гавъяаны улаан тугийн болон Цэргийн гавьяаны одонт Дотоод хэргийн их сургуулийн 88 дахь удаагийн “Төгсөлтийн баяр”-ын ёслолын арга хэмжээ Жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Төгсөлтийн баярын ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгч хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нарын эрхэм зочид болон БХЯ,  ХЗДХЯ, БШУЯ, ЗХЖШ, ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ОБЕГ-ын удирдлага, бие бүрэлдэхүүний төлөөлөл, ҮБХИС, ДХИС-ийн эрдэмтэн багш нар, төгсөгчдийн эцэг, эхийн төлөөлөл оролцлоо.

“Төгсөлтийн баяр”-ын ёслолын арга хэмжээ Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар нээж үг хэлснээр эхэлсэн юм.

Төгсөгчдөд “Сургууль төгсгөж, боловсролын зэрэг эзэмшүүлэх тухай” ҮБХИС, ДХИС-ийн  захирлын тушаалууд болон “Цэргийн цол олгох тухай” ЗХЖШ, ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ОБЕГ-ын дарга нарын тушаалыг тус тус уншиж танилцуулсны дараа “Төгсөлтийн баяр”-ын ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Эрхэм зочид “Онцгойлох диплом”-той төгсөгчид болон нийт төгсөгчдөд мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг, цол гардуулав.

“Онцгойлох диплом”-той төгссөн төгсөгчдийн цэргийн цол, мэргэжлийн диплом, энгэрийн тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгч хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар гардуулж, баяр хүргэж, цаашдын ажил, албанд нь амжилт хүссэн юм.

Дараа нь төгсөгчид ҮБХИС, ДХИС-ийн ийн “Байлдааны туг”-нд хүндэтгэл илэрхийллээ.

       Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх төгсөгчдөд баяр хүргэн үг хэлж  дууссаны дараа бие бүрэлдэхүүн цэргийн ёслолын жагсаалаар алхаж Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 92, Дотоод хэргийн их сургуулийн 88 дахь удаагийн “Төгсөлтийн баяр”-ын ёслолын арга хэмжээ ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

ҮБХИС-ийн ЦНДС-ийг 2021-2022 оны хичээлийн жилд 11 мэргэжлээр, бакалаврын өдрийн ангийг 117 сонсогч, эчнээ ангийг 26 ахлагч, нийт 140 гаруй сонсогч, ахлагч төгссөнөөс ЕЦТ-ийн

Ерөнхий цэргийн команд мэргэжлээр сонсогч Ш.Майдаржав, Н.Дашзэвэг, Цэргийн холбоо,  киберь аюулгүй байдлын тэнхимийн Цэргийн холбооны инженер мэргэжлээр, сонсогч Б. Нямсүрэн, С.Эрдэнэзаяа, Системийн аюулгүй байдал мэргэжлээр сонсогч Д.Хулан, Цэргийн инженер, химийн тэнхимийн Цэргийн инженер мэргэжлээр М.Баасанбат, Цэргийн ар талын тэнхимийн Цэргийн ар талын команд мэргэжлээр сонсогч Л.Болорцэцэг, Цэндийн Сайханчимэг нар хамт олноо манлайлан “Онцгойлох” дипломтой төгслөө.

Мөн Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв нь 2021-2022 оны хичээлийн жилд  23 мэргэжлээр 200 гаруй сонсогчдыг төгсгөж байгаагаас сонсогч  Б.Батжаргал, т/ч М.Дашшийрэв,  д/т  Х..Пүрэвбат, с/ч          Ж.Балгынбек, д/т    У.Азбилэг, Б.Чойжилсүрэн нар  хамт олноо манлайлан “Онцгойлох” дипломтой төгсөж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгч хүчний ерөнхий командлагч У. Хүрэлсүх болон Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нараас цэргийн цол, мэргэжлийн диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа.

Цэргийн хөгжмийн коллежийг Цэргийн үлээвэр хөгжимчин мэргэжлээр 21 сонсогч төгссөн юм.

Сурч мэдэхийн гэгээн үйлсээр цулбуур хийж, эх орныхоо өнцөг булан бүрээс их эрдмийн аянд хөл тавьж, өөрсдийн хүсэл мөрөөдөл, зорьсон зорилгоо биелүүлэн, сургуулиа амжилттай төгсөж, цэргийн цол, мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг гардан авч офицер, ахлагч нарын эгнээнд орж буй шинэхэн офицер, ахлагч болон Эрхэм төгсөгчиддөө халуун баяр хүргэж, Та бүхний цаашдын ажил, амьдралын их харгуйд тань амжилтын дээдийг хүсье.