• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

Ёс зүйн дүрэм батлах тухай

“Төрийн албаны тухай” хуулийн 13.1,  “Боловсролын тухай” хуулийн 28.1.18, 44.2, 45 зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар  тогтоолын хавсралтаар батлагдсан  “Төрийн захиргааны албан хаагчийн  ёс зүйн дүрэм”, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 454 дугаар тушаалаар батлагдсан Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн ерөнхий дүрэм, Батлан хамгаалахын их сургуулийн дүрэм”-ийн 4.14.3, 6.5.3, Захирлын зөвлөлийн 2016 оны ... дугаар хуралдааны шийдвэрийг  үндэслэн ТУШААХ нь:

1. “БХИС-ийн  ёс зүйн дүрэм”-ийг хавсралтын ёсоор баталж, 2016 оны 12 дугаар  сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

2. Ёс зүйн дүрмийг сурталчилан таниулах, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг  бүрэлдэхүүн сургуулиуд, бүтцийн нэгжүүдийн захирал, дарга нарт, дүрэмд заасан  ёс зүйн салбар зөвлөлүүдийн байгуулан ажиллахыг Тамгын хэлтэс /хурандаа Ө.Батмөнх/, Багшийн хөгжлийн төв /хошууч П.Дашпунцаг/, бүрэлдэхүүн сургуулиудийн удирдлага болон Сонсогч, оюутны холбооны удирдлагад  үүрэг болгосугай. 

3. Ёс зүйн дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Тамгын хэлтэс /хурандаа Ө.Батмөнх/, Аудит, дотоод хяналт, мониторингийн тасагт даалгасугай.

4. Энэхүү ёс зүйн дүрэм батлагдсантай холбогдуулан БХИС-ийн захирлын 2011 оны 313 дугаар тушаалаар батлагдсан “БХИС-ийн багшийн ёс зүйн дүрэм”, БХИС-ийн захирлын 2012 оны А/383   дугаар тушаалаар батлагдсан  “БХИС-ийн оюутан, сонсогчийн ёс зүйн дүрэм”-үүдийг хүчингүй болсонд тооцсугай. 

 

ЗАХИРАЛ

ХОШУУЧ ГЕНЕРАЛ                                   Я.ЧОЙЖАМЦ

 

Батлан хамгаалахын их сургуулийн  захирлын 2016 оны ... дугаар сарын .. өдрийн .... дугаар тушаалын хавсралт

  

“БХИС-ИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ”

Нэг. Нийтлэг зүйлс 

1.1 “БХИС-ийн ёс зүйн дүрэм” /цаашид ёс зүйн дүрэм гэх/-ийн зорилго нь тус сургуульд суралцагч болон ажиллагсдын дагаж мөрдвөл зохих зан төлөв, ёс суртахууны нийтлэг хэм  хэмжээг тогтоон хэвшүүлэхэд оршино.

 

1.2  Ёс зүйн дүрмийн үйлчлэл нь БХИС-ийн суралцагч, ажиллагсадын өдөр тутмын үйл ажиллагаанд  заавал дагаж мөрдөх ба  гэрээний үндсэн дээр түр ажиллаж байгаа зөвлөх болон цагийн багш, албан хаагчид, түр хугацааны  сургалт дамжаанд хамрагдаж байгаа суралцагчдад мөн адил хамаарна

 

Хоёр. БХИС-ийн албан хаагчдын  ёс зүйн хэм хэмжээ

2.1. БХИС-д ажиллагсдын эрхэмлэх үнэт зүйлс нь

2.1.1 Шударга ёсны зарчмийн хүрээнд хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байж, бусдыг манлайлах;

2.1.2 Хууль дээдлэх зарчмын хүрээнд төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах болон төрийн албаны бүхий л үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг ямагт дээдлэн сахих;

2.1.3 Тэгш байдлын зарчмын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагч болон үйлчлүүлэгч, иргэн бүртэй адил тэгш, алагчлалгүй харьцан байгууллагын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах

2.1.4 Хариуцлага хүлээх зарчмын хүрээнд албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай өөрийн мэдлэг чадварыг байнга дээшлүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх

2.1.5 Олон нийтэд үйлчлэх зарчмын хүрээнд төрийн үйлчилгээг олон нийтэд чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэж, тэдний итгэлийг хүлээж ажиллах 

2.2 БХИС-ийн нийт ажиллагсад дээрхи эрхэмлэх үнэт зүйлсийн хүрээнд өдөр тутмын үйл ажиллагаандаа  дараах нийтлэг ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө. Үүнд:

2.2.1  Хөдөлмөрийн хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах

2.2.2 Үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил үүрэг эрхлэхгүй байх

2.2.3 Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах

2.2.4 Албан үүргээ гүйцэтгэсэн болон гүйцэтгээгүйн улмаас ашиг сонирхол нь хөндөгдөх дотоод, гадаадын аливаа иргэн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх, тэднээс шан харамж, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл авах, хууль бус бусад хангамж эдлэхгүй байх

2.2.5 Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах

2.2.6 Харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах

2.2.7 Хууль зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх

2.2.8 Албан үүргээ гүйцэтгэж байхдаа төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байж, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглах, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх

2.2.9 Төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг албаны бус зорилгоор ашиглахгүй байх

2.2.10 Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх

2.2.11 Төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн хандлагаар нь ялгаварлан гадуурхахгүй байх

2.2.12 Танил тал, найз нөхөд, гэр бүл, төрөл садангийн хүмүүс ажиллаж байгаа байгууллага, тэдний ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, албаны нэр барих зэргээр албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглахыг цээрлэх

2.2.13 Албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, хүйсээр нь ялгаварлах, бэлгийн дарамтад оруулах, эрхшээлдээ байлгахыг хориглох

2.2.14 Бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, үүрэг даалгавар өгөхийг хориглох

2.2.15 Өөрийн мэдлэг чадвар, дадал туршлагаа байнга хөгжүүлж, төрийн албаны нэр хүндийг ямагт дээдлэх

2.2.16 Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангах

2.2.17 Удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй үр дагавар, сөрөг талыг урьдчилан анхааруулж байх

2.2.18 Захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх

2.2.19 Албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэх

2.2.20 Албан ажилд шаардлагатай мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулах, албан тушаал өөрчлөгдөх, халагдах үедээ мэдээллийн санг устгах, өөрчлөх,  ажил үүргийн хувьд хамааралтай мэдээлэл, тайлан, судалгааг эрх бүхий албан тушаалтанд өгөхөөс татгалзах зэргийг хориглоно.

2.2.21 Байгууллагынхаа зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагаас явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн мэдээ, мэдээлэл тараахгүй байх.

2.2.22 Албан үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх

2.2.23 Төрийн алба, байгууллагын соёл, дэг журмыг баримтлан иргэдтэй төлөв төвшин харилцах

2.2.24 Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг зохих дүрэм, журмын дагуу цаг алдалгүй, ил тод, түргэн шуурхай хүргэх

2.2.25 Мөрийтэй болон бооцоот тоглоом тоглохгүй байх

2.2.26  Өөрийн үүргийг гүйцэтгэхдээ улс төрийн намын харьяалалаас ангид байж, аливаа шашны үйл ажиллагааг сурталчлахгүй байх

 

Гурав.  БХИС-ийн багшийн ёс зүйн хэм хэмжээ

 3.1  Хүний эрх, эрх чөлөө, мэргэжлийн үнэ цэнэ, эрхэмсэг оршихуйг хүндэтгэх, үнэнийг эрэлхийлэх, эрдэм мэдлэгийг дээдлэх, шударга, зарчимч байдал, ёс журмыг сахин биелүүлэх нь багшийн эрхэмлэх үнэт зүйл мөн.

3.2  Багш нь сургалтын үйл ажиллагаанд дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө.

3.2.1  Маргалдах, мэтгэлцэх, егөөдөх, таамаглал дэвшүүлэх, үгүйсгэн няцаах зэрэг сэтгэлгээний зүй ёсны аргуудыг хэрэглэж болох боловч бусдыг дутуу үнэлэн, басамжлан доромжлох байдал гаргахгүй байх

3.2.2 Суралцагчийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, сахилга, хариуцлагатай байх зан үйлд сургах багшийн мэргэжлийн үүрэгт сөрөг байдлаар нөлөөлөхгүй байх

3.2.3 Сургалтын хөтөлбөр, түүний дагуу эзэмшүүлэх ёстой цогц мэдлэг, ур чадварын хүрээнд хичээл сургалт явуулах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх, бүтээл туурвил гаргахдаа багш бүр өөрийн хамгийн зөв гэж үзсэн шийдлийг дэвшүүлэн тавих эрхийг энэхүү дүрмээр хязгаарлахгүй байх

3.2.4  Багш нь хуваарьт цагийн хичээлийг таслах, хоцрох, эрт тараах, хичээлийн цагаар танхимыг дур мэдэн орхихгүй байх

3.2.5  Суралцагчийн сурлагын үнэлгээг бодитой бус, шударга бусаар үнэлэхгүй байх

3.2.6 Зохих журмаар батлагдсан хичээлийн хөтөлбөр, бусдын судалгааны чиглэлийг үгүйсгэж, тэдгээрт итгэх суралцагчийн итгэлийг хөсөрдүүлэхгүй байх

3.2.7 Суралцагсдад бие даан сурах хэрэглэгдэхүүн, хичээлийн гарын авлага, ном сурах бичиг тулган борлуулахгүй байх

3.2.8 Суралцагчийн бие даан унших, судлах ном зохиолыг сонгоход аливаа хязгаарлалт тавихгүй байх

3.2.9 Суралцагчийн сурлагад ахиц гарахад саад болох үйлдэл, эс үйлдэл гаргахыг цээрлэх

3.3  Багш нь суралцагчдтай харилцах харилцаанд  дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө  

3.3.1 Суралцагчийн язгуур эрх ашгийг дээдэлж, танин мэдэх чөлөөт эрмэлзлэлийг дэмжин хөгжүүлж, хүндэтгэлтэй, тэгш, шударга, бодитой хандах, харилцан итгэл хүлээж харилцах

3.3.2 Суралцагч санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх уур амьсгал бүрдүүлэх

3.3.3 Суралцагчийн суралцах идэвх санаачлагыг өрнүүлж, оюуны эрэл хайгуулд хамтдаа зүтгэгч хэмээн хүндэтгэж харьцах

3.3.4 Суралцагчийг зөв хүмүүжилтэй, харилцааны соёлтой иргэн болж төлөвшихэд нь туслах, биеэр үлгэрлэх

3.3 .5 Хувийн ашиг сонирхолд нийцүүлэн суралцагчийн хөдөлмөрийг ашиглахгүй байх

3.3.6 Мэргэжлийн эсвэл хуулийн зайлшгүй шаардлага бий болсноос бусад тохиолдолд мэргэжлийн үйл ажиллагааны явцад олж авсан суралцагчийн талаарх мэдээллийг бусдад задруулахгүй байх

3.3.7 Суралцагчийг хүйсээр болон бусад байдлаар ялгаварласан, ичээх, зовоох, гутаах, доромжлох үг хэлэх, тэгш бус хандах

3.3.8 Суралцагчид бэлгийн дарамт үзүүлэхгүй байх

3.3.9 Өөрийн давуу байдлыг ашиглан суралцагчид аливаа бусад дарамт, шахалт үзүүлэхгүй байх

3.3.10 Багаар ажиллахдаа үзэл бодлын зөрүү, гүйцэтгэж буй ажилд үл хамаарах маргаан, санал үл нийцэх үр дагаврыг өдөөх байр сууринаас хандахгүй байх

Дөрөв. БХИС-ийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдын ёс зүйн хэм хэмжээ

4.1 Мэдлэг оюуны салбар дахь нийт хүн төрөлхтний болон үндэсний уламжлалт ёс заншлыг баримтлан,  шинжлэх ухааны танин мэдэхүйг эрхэмлэн дээдэлж, хувь хүн бусад судлаач, тэдгээрийн үзэл бодлыг хүндэтгэн  баримт, тооцоо, дүн шинжилгээ дүгнэлт, нотолгоонд тулгуурлан ажиллах нь  эрдэм шинжилгээний  ажилтны эрхлэх үнэт зүйл мөн

4.2 Эрдэм шинжилгээний ажилтан, судлаач нь дараах ёс зүйн хэмжээг дагаж мөрдөнө. Үүнд:

4.2.1   Бусдын бүтээлийг өөрийн болгож илэрхийлэхгүй байх

4.2.2 Судалгаанд хамтарч оролцсон эрдэм шинжилгээний ажилтан, багш, суралцагсад, туслах ажилтны эрх, ашиг сонирхол, нэр төрийг сэвтээх, оролцооны хувь нэмрийг шударга бус үнэлэхгүй байх

4.2.3 Судалгааны үр дүнг дөвийлгөх, үнэн байдлыг гуйвуулах, зохиомлоор тайлагнахгүй байх

4.2.4 Сургалт, судалгааны ажлын хүрээнд улс төржих, хувийн ашиг сонирхолын үүднээс хандахгүй байх

4.2.5 Бусдын ажил, судалгаа, шинжилгээний бүтээлийг дүгнэхдээ мэргэжлийн бус шалгуураар хандах, мэргэжлийн ур чадварыг нь буруу илэрхийлэх, дутуу үнэлэхгүй байх,

4.2.6 Бусад судлаачийн үзэл баримтлалыг хүндэтгэх, ойлгох, мөн өөрийн үзэл баримтлалыг бусдад зөв ойлгуулахдаа байгууллага, хувь хүний нэр төрд халдах, гүтгэх, доромжлохгүй байх

4.2.6  Эрдэм шинжилгээний ажилтанд тавигддаг шаардлага, шалгуур үзүүлэлтийг ханган өөрийгөө үргэлж боловсруулж, хөгжүүлдэг байх

4.2.7. Судалгааны ажилдаа үнэнч, чин сэтгэлээсээ хандаж, судалгаа, шинжилгээний зориулалттай нийтийн эзэмшлийн техник, тоног төхөөрөмжийг зөвхөн зориулалтын дагуу ашиглах

4.2.8. Судалгааны ололт, үр дүнг хүн, нийгмийн эсрэг болон хувийн явцуу зорилгод урвуулан ашиглахгүй байх


Тав.  БХИС-д суралцагчийн ёс зүйн хэм хэмжээ

5.1  БХИС-ийн эрхэм зорилго, зорилт, суралцагчдын уриаг дээдлэн, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөн, сурах үйлсэд өөрийн хүч оюуныг бүрэн дайчлан, сонгосон мэргэжилдээ шамдан суралцаж, эх орон, Зэвсэгт хүчнийхээ хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах шилдэг, чадварлаг боловсон хүчин болохийг тэмүүлэх  нь БХИС-т суралцагчдийн эрхэмлэх үнэт зүйлс мөн.

5.2  Суралцагчид дараах  ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө. Үүнд:

5.2.1  Цэргийн сургуулийн суралцагсадын онцлог болох ёсолж хүндэтгэх ажиллагаа, жагсаалч байдлыг хэрэгжүүлэн сахидаг байх

5.2.2 Цэргийн болон оюутны дүрэмт хувцасыг хэрэглэх ба хувцас өмсөх зааврыг зөрчих, өнгө үзэмж алдсан хувцас өмсөж, ард иргэдийн дунд сургууль, өөрийн болон хамт олныхоо нэр хүндийг гутаах, сонсогч, оюутан бүрийн биедээ авч явах хувийн бичиг баримтаа шалгуулахаас зайлсхийх, сургуулийн орчинд бичиг баримтгүйгээр нэвтрэхгүй байх

5.2.3 Сургуулийн орчинд болон олон нийтийн газар цэргийн болон оюутны дүрэмт хувцастайгаар архи, согтууруулах ундааны зүйлс, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх, тусгайлан зөвшөөрснөөс бусад орчинд тамхи татах, олон нийтийн дунд бүдүүлэг үг хэллэг хэрэглэх зэргээр хувийн соёлгүй үйлдэл гаргах, биеэ зүй бус авч явахгүй байх

5.2.4 Хичээл сургууль, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, ангийн болон график тооцооны ажил, дипломын ажил зэргийг бичих явцад бусдын оюуны бүтээл, нээлтийн ололтыг зөвшөөрөлгүй ашиглах, хууль бусаар өөрийн болгох зэрэг зохисгүй үйлдэл гаргахгүй, оюун санааны цэвэр ариун байх тогтсон дэгийг зөрчихгүй байх

5.2.5  Бусдын эрх чөлөөнд бүдүүлгээр халдах, айлган сүрдүүлэх, дарамтлах, хамт суралцагсадынхаа сурч боловсрох эрхэд санаатайгаар саад учруулахгүй байх

5.2.6  Хичээл таслах, хожимдох, сурлагын дүнгээ өөрчилж, журнал болон сурлагын дэвтрийг засах, багшийн гарын үсгийг хуурамчаар дуурайн үйлдэх, сургалтын явцын болон төгсөлтийн шалгалт, улсын шалгалтын журмыг зөрчихгүй байх

5.2.7 Сургалтын материаллаг бааз, хичээлийн болон цэргийн байрны эд хогшлыг ариг гамгүй хэрэглэх, санаатай эвдэх, өнгө үзэмж чанарыг алдагдуулахгүй байх

5.2.8 Ёс суртахууны ноцтой зөрчил гарсан болон хэн гаргасныг мэдэж байсан боловч зүй бус явдалтай эвлэрсэн, санаатайгаар нуун далдалсан үйлдэл хийхгүй байх

  5.2.9 Сургуулийн удирдлага, эрдэмтэн багш, ажиллагсад, захирагч дарга нараа хүндэтгэн харьцах

  5.2.10 Хамтран суралцаж буй суралцагсаддаа аливаа байдлаар саад хийхгүй, оюуны эрэл хайгуулд хамтдаа зүтгэгч нөхөр хэмээн тусалж дэмжин, хүнлэг энэрэнгүй, нөхөрсөг, нийтэч харьцах

  5.2.11 Багш,  шавийн барилдлагыг хүндэтгэн дээдлэх

  5.2.12  БХИС-ийн нийт суралцагчид нь дээрх үндсэн зарчмуудаас гадна нийгмийн ёс зүйн түгээмэл хэм хэмжээ, өөрийн суралцаж буй мэргэжлийн ёс зүйн тусгай зарчмуудыг сахин баримтлах

Зургаа. Ёс зүйн төв, салбар зөвлөл, түүний гишүүдийг томилох

6.1 БХИС нь орон тооны бус  ёс зүйн төв  болон салбар зөвлөлтэй байна.

6.2 БХИС-ийн ёс зүйн төв зөвлөл  нь байнгийн 3, түр 2 гишүүнтэйгээр гомдлыг хэлэлцэн,  шийдвэрийг олонхийн саналаар гаргана.

6.3  Байнгийн 3 гишүүнд дараах албан тушаалтнууд багтана. Үүнд:

6.3.1 Захирлын зөвлөлийн  гишүүн,  Сургалт хариуцсан дэд захирал нь ёс зүйн төв зөвлөлийн гишүүн, тэргүүлэгч байна.

6.3.2 Аудит дотоод хяналт шалгалтын тасгийн дарга

6.3.3 Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга

6.4 Түр  гишүүнээр тухайн хэрэг явдалтай холбоотой ёс зүйн салбар зөвлөлийн 2 гишүүн оролцоно. 

6.5 Ёс зүйн төв болон салбар зөвлөл нь энэхүү дүрмийн дагуу дараах чиг үүргүүдийг хэрэгжүүлнэ. Үүнд:

6.5.1.  Ажилтан, албан хаагч, суралцагчдын баримтлах ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах

6.5.2. Гомдол, мэдээлэлд холбогдох албан хаагч болон түүний харьяалах эрх бүхий албан тушаалтан, гомдол, мэдээлэл гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох, холбогдох нотолгоо,  материал, баримт бичгийг шаардан авах

6.5.3. Гомдол, мэдээллийн нууцлалыг хадгалах, шаардлагатай гэж үзвэл, гомдол, мэдээлэл гаргагчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахуулахаар холбогдох  албан тушаалтанд хандах

 6.5.4. Гомдол, мэдээллийг шалгасан тухай дүнг хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар дүгнэлт гаргах бөгөөд энэхүү дүгнэлт нь аливаа  ямар нэгэн  нөлөөлөл, ашиг сонирхолд автаагүй, нотлох баримтад үндэслэгдсэн байх

6.5.5 Шийдвэрлэсэн аливаа хэрэг явдлын үр дүнгийн талаар холбогдох бүх хүмүүст нь мэдээлэл өгөх,  Захирлын зөвлөлд жил тутмын тайланг гаргах.

6.5.6 Энэхүү дүрмийн нөлөөнд үнэлэлт дүнэлт хийж, өөрчлөлт  оруулахаар санал боловсруулж  батлуулах

6.6  БХИС-д дараах ёс зүйн салбар зөвлөлүүд байх ба эдгээрээс өөр хэлбэрээр ёс зүйн салбар зөвлөл байгуулж болно. Үүнд:

6.6.1 Ажилтан, албан хаагчдын

6.6.2 Багшийн

6.6.3 Суралцагчийн


 6.7 Ёс зүйн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг 5-7 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 жилийн хугацаатайгаар дараах байдлаар томилно. Үүнд:

6.7.1  Багшийн ёс зүйн салбар зөвлөлийг Багшийн их чуулганаас,

6.7.2  Суралцагчийн ёс зүйн салбар зөвлөлийг бүрэлдэхүүн сургуулийн удирдлага, Сонсогч оюутны холбооноос, 

6.7.3. Ажилтан албан хаагчдын ёс зүйн салбар зөвлөлийг сургуулийн бүтцийн нэгжүүдээс тус тус хариуцан томилно.

 6.8  Салбар ёс зүйн зөвлөлүүдийн бүрэлдэхүүнд БХИС хэлтэс, бүрэлдэхүүн сургууль, тэнхимийн зарим удирдлага, багш, суралцагч, сонсогч, оюутны холбооны гишүүд, оюутны болон ахмадын, эмэгтэйчүүдийн зөвлөл, эцэг эхийн төлөөллөөс гадна хөндлөнгийн төлөөллийг оруулж болно.

 

Долоо. Ёс зүйн зөрчлийн тухай ойлголт, түүнийг  хянан хэлэлцэх

 

  7.1. Ёс зүйн зөрчил гэдэгт ёс зүйн үндсэн зарчмууд, нийгмийн зан суртахууны түгээмэл хэм хэмжээнд харшилсан, шууд болон шууд бус байдлаар хохирол учруулсан, энэхүү дүрэмд заасан хэм хэмжээг зөрчсөн ёс зүйн сөрөг үнэлэмж бүхий үйлдэл болон эс үйлдэхүйг ойлгоно.

7.2  Ёс зүйн зөрчлийг дараах үндэслэлээр хянан шалгана. Үүнд: 

7.2.1  Байгууллага, иргэдээс гаргасан өргөдөл, гомдол, мэдээлэл

7.2.2   Дотоодын хяналт, шалгалтаар илэрсэн

7.2.3   Шаардлагатай гэж үзвэл удирдлагын санаачилгаар

7.2.4  Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээллэгдсэн

7.3 Ёс зүйн зөвлөл, хороонд илгээх аливаа хүсэлт нь дараах бүрдүүлбэртэй байвал зохионо. Үүнд:

 7.3.1  Хэлэлцэхийг хүссэн асуудлын тухай  тодорхойлолт /өргөдөл/

 7.3.2 холбогдох баримт нотлогооны хураангуй ба аливаа холбогдох баримтуудын хуулбарууд

7.4 Энэхүү ёс зүйн дүрмийг зөрчсөн байж болох талаар ажилтан болон бусад оролцогчид нь аливаа асуудлыг эхлээд шууд тухайн салбар зөвлөлд гаргана. Хэрэв тухайн асуудлыг  ёс зүйн салбар зөвлөлд шууд тавих тохиромжгүй гэж үзвэл асуудлыг шууд байгууллагын  Ёс зүйн төв зөвлөлд хандуулан тавьж болно.

7.5 Салбар зөвлөл хүсэлт ирсэн даруйд үүссэн асуудал ба гарсан гомдлыг судлаж холбогдох хүмүүстэй нь тэдгээр асуудлуудын талаар хэлэлцэн болсон хэрэг явдлын баримтыг тогтооно.

            7.6  Болсон хэрэг явдлыг тогтоох баримт нотолгоо цуглуулах ажиллагаанд хувь хүний нууц,  нэр төр алдар хүндтэй холбоотой асуудлыг  нууцлана.

7.7 Ёс зүйн Зөвлөл нь ёс зүйтэй хамааралгүй, хувь хүний асуудлыг хөндсөн хэргийг авч хэлэлцэхгүй.

7.8 Ёс зүйн салбар зөвлөлийн дарга тухайн хэрэг явдлын талаархи үнэн зөв, хангалттай  баримт нотолгоог гомдол мэдээлэл ирсэн өдрөөс хойш 30 хоногт багтаан цуглуулж  баримт нотолгоонууд болон тухайн хэрэг явдлыг хэлэлцэх хуралдаанд оролцох 2 гишүүний нэрийн хамт БХИС-ийн ёс зүйн төв зөвлөлд  илгээнэ.

7.9 Хэрэв ёс зүйн төв зөвлөлийн аль нэг гишүүн тухайн хэрэг явдлыг хянан хэлэлцэхэд ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзвэл өөрийгөө түдгэлзүүлэх тухай саналаа тэргүүлэгчид гаргаж болно.

7.10 Ёс зүйн салбар хорооноос ирүүлсэн хүсэлт  баримтыг үндэслэн Ёс зүйн Төв зөвлөлийн тэргүүлэгч хуралдааны товыг тогтоон тухайн асуудлаар хуралдаан явуулан хэлэлцэж бичгээр дүгнэлт гаргана.

7.11 Дүгнэлтийг ажлын 3 хоногт багтаан Захиралд танилцуулан захирлын тушаалаар ёс зүйн зөрчил гарсан гэж үзсэн  алба хаагч, суралцагчид шийтгэлийг оногдуулна.

  7.12 Ёс зүйн төв хорооны  хурлыг хувь хүний нууцад хамаарахгүй тохиолдолд ил тод, нээлттэй, шударга зарчмаар зохион байгуулж, хурлаар ёс зүйн дүрмийг зөрчсөн ажилтан албан хаагч, суралцагчдыг хэлэлцэн, алдаа, дутагдлыг нь ухамсарлуулж, хүмүүжүүлэн төлөвшүүлэх, дахин зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, бусдад санамж болгох арга хэлбэрийг удирдлага болгон, шаардлагатай гэж үзвэл ёс зүйн хариуцлага хүлээлгэнэ.

7.13 Ёс зүйн төв зөвлөлийн  дүгнэлт, Захирлын тушаалаар хариуцлага хүлээлгэсэн тухай холбогдох бүх хүмүүст, мөн шаардлагатай  гэж үзсэн тохиодолд нийт ажилчид алба хаагч, суралцагчдад  мэдэгдэнэ.

7.14  Өөрийн удирдах албан тушаалтан ёс зүйн дүрэм зөрчсөн талаархи гомдол гаргасан хэнийг ч, яаж шийдвэрлэсэн эсэхээс үл хамааран үүнийх нь төлөө ялгаварлан гадуурхах, хариуцлага тооцох,  сануулга өгөхийг хориглоно.

7.15 Ёс зүйн зөрчилд ногдуулсан хариуцлагыг үндэслэлгүй эсвэл, хүндэдсэн гэж үзвэл тухайн хүн 30 хоногийн дотор ёс зүйн төв зөвлөлд  бичгээр гомдлоо гаргаж болно.

 

            Найм.  Ёс зүйн дүрмийг зөрчигсөдөд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээ

            8.1  Ажилтан албан хаагч, багш, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдыг  зэрэг, дэв, албан тушаалд дэвшүүлэх, дотоод гадаадад сургалт дамжаанд хамруулах,  шагнал урамшуулалд тодорхойлоход зэрэгт ёс зүйн хэм хэмжээг сахисан байдлыг харгалзан  шийдвэрлэнэ.

8.2  Ажилтан, албан хаагч, багшид  сахилгын хариуцлагаас гадна дараах хариуцлагын арга хэмжээг авна. Үүнд:

8.2.1  Хувиар болон нийтийн өмнө анхааруулах

8.2.2  Амаар ба бичгээр сануулга өгөх

8.2.3 Ёс зүйн сургалтад хамруулах

8.2.4 Багшийн зэрэг шатлал болон ур чадварын хувь хэмжээг бууруулах

8.2.5  Амлалт авахуулах

8.2.6 Багшлах эрхийг хасах

8.2.7 Өөрийн санаачлагаар албан тушаалаасаа татгалзах эсхүл захиргааны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах

8.3  Суралцагчдад дараах хариуцлагын арга хэмжээг авна. Үүнд

8.3.1  Амаар буюу бичгээр анхааруулах

8.3.2  Эцэг эхэд мэдэгдэж, анхааруулах

8.3.3 Хичээл болон судалгааны үйл ажиллагаанд оролцохоос бусад үйл ажиллагаанд оролцох эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах

8.3.4 Тодорхой хугацаагаар суралцах эрхийг түдгэлзүүлэх

8.3.5  Сургуулиас хасах

8.4  Энэхүү ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн тухай хэрэг явдлыг шалган тогтоох явцад  тухайн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол хууль хяналтын зохих байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.


Ес.  Ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангах

9.1 Ёс зүйн дүрмийг сургуулийн  цахим хуудаст  байрлуулна.

9.2 Ёс зүйн дүрмийг хөдөлмөрийн гэрээ байгуулж буй ажилтан, албан хаагч, элссэн орж буй оюутан сурагчдад танилцуулна.

 

-- -- oOo-- - -

 

ЗАРЛАЛ

2019-09-20 18:25:00
2019-09-17 11:08:00
2019-09-12 9:22:00
2019-09-04 10:18:00
2019-08-31 11:02:00
2019-08-29 16:33:00
2019-08-21 16:44:00
2019-08-14 12:58:00
2019-08-14 12:25:00
2019-07-17 16:17:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ