• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

“АУГАА ИХ ЭХ ОРНЫ ДАЙН” ЛЕКЦ

Аугаа их эх орны дайны ялалтын 74 жилийг угтсан ажлын хүрээнд  2019 оны 05 дугаар сарын 04-ны өдөр БХЭШХ-ийн цэргийн түүх судлалын төвийн дарга доктор (ph.d), хошууч Т.Сүхбаатар сонсогч, оюутнуудад “Аугаа их эх орны дайн” сэдэвт лекц уншлаа.





АУГАА ИХ ЭХ ОРНЫ ДАЙНЫ ТҮҮХЭЭС

БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга доктор (Ph.D) хошууч Т.Сүхбаатар

 

        Дэлхий дахины түүх тэр дундаа Оросын ард түмний түүхийн нэгэн үйл явдал бол аугаа их эх орны дайн билээ. 1941-1945 оны ЗХУ-Германы дайныг аугаа их эх орны дайн хэмээн түүхэнд тэмдэглэдэг. Тэртээ 74 жилийн өмнө болсон энэ дайны гашуун түүхийг Зөвлөлтийн ард түмэн одоо ч гэсэн санан дурсаж дайнд амь үрэгдсэн сая сая эх орончдынхоо алдар гавьяаг магтан дуулсаар байна.

            ЗХУ-Герман хэмээх хоёр хүчирхэг гүрэн 1930-д оны дундаас Европ тивд нэр нөлөөгөө тогтоох гэж тэмцэлдэж байхдаа харилцан үл довтлолцох гэрээг 1938 онд Мюнхен хотноо байгуулсан байдаг. Энэ гэрээ бол тийм ч найдвартай гэрээ байгаагүй бөгөөд гагцхүү дайны эхлэх хугацааг түр зуур л хойшлуулсан зүйл байсан юм. 1939 онд Халхын голд Германы холбоотон Япон улс Монгол-Зөвлөлтийн цэрэгт бут цохиулсны дараагаар Герман улс ЗХУ-ын эсрэг дайтах төлөвлөгөөгөө боловсруулан ЗХУ-ыг 3-4 сарын “цахилгаан” дайны үйл ажиллагаагаар буулган авч Уралын нуруугаар зааглан хүн ардыг аймаглан устгах их цэвэрлэгээ хийхээр төлөвлөж байжээ.

            ЗХУ ч гэсэн Германы энэ төлөвлөгөөг ерөнхийдөө гадарлаж байсан гэх бөгөөд цаг хугацааны хувьд Германчууд 1942 оны хавраас эсвэл намраас наашгүй гэж тооцон зэвсэгт хүчнээ шинэчлэн бэхжүүлж байсан юм. ЗХУ нь 1930-аад оны сүүл хүртэл улс төрийн их хэлмэгдүүлэлт цэвэрлэгээг зэвсэгт хүчин дотроо тэр тусмаа даргалах бүрэлдэхүүний дунд явуулсан нь батлан хамгаалах чадварт нь илтэд нөлөөлсөн байна.

            1941 оны 06 сарын 22 ны үүрээр Германы тал нэгэн зэрэг гурван өргөн фронтоор 180 орчим дивиз 5,5 сая цэргийн хүчээр ЗХУ-ын эсрэг цэрэг дайны ажиллагааг эхлүүлсэн юм. Ийнхүү 5 жил үргэлжилсэн урт удаан хугацааны гаслант хар дайн эхэлсэн билээ. ЗХУ-ын зэвсэгт хүчин дайнд тун бэлтгэл муутай байсан учир Германы талд дорвитой эсэргүүцэл үзүүлж чадаагүй юм. Бүхий л фронтоор зүүн зүгт улаан арми ухарч байжээ. “Барбаросса” төлөвлөгөө ёсоор 1941 оны 12 сараас өмнө ЗХУ-ыг бүрэн авах төлөвлөгөөтэй байжээ. Харин Зөвлөлтийн тал 172 дивиз 3,2 сая цэргээр эсэргүүцэл үзүүлсэн юм. 1418 өдөр, шөнө үргэлжилсэн дайны эхний өдрүүдэд ЗХУ 1200 нисэх онгоцоо алдсан юм.

            Дайны эхний саруудад ЗХУ маш их хохирол үзэн 4 сая гаруй цэргийн албан хаагчаа олзлуулан мөн олон хот суурин тосгон гацаагаа алдан устгуулж зовж зүдэрч байсан юм. Ялангуяа 1941 оны 11 сард Москва хот орчим ширүүн тулалдаан болж Германы цэрэг Москва хотод 25 км орчим ойртон ирээд байжээ. Гэвч Зөвлөлтийн ард түмэн нийслэл хотоо эрэлхэгээр хамгаалан Германы цэргийг нийслэл хотоосоо холдуулж чадсан билээ. 1941 оны 11 сарын 26 нд Москва хотын улаан талбайгаас цэргүүд баярын прадаас шууд фронт руу очин тулалдаж байлаа.

            1942 он гараад Зөвлөлтийн улаан арми бүхнийг фронтод бүхнийг ялалтад зориулан үйлдвэр заводууд өдөр шөнөгүй зэр зэвсэг танк, онгоц үйлдвэрлэн фронтод нийлүүлэн бүх нийтээрээ фашизмын эсрэг сөрөн зогсож байсан юм. Хүн бүр иргэн бүр эх орноо гэх халуун сэтгэл зүрх гарган ялалтын төлөө чадах ядахаараа бүхий л боломжоороо ажиллаж байсан юм.

 1942 оны хавраас улаан арми санаачлагыг бага багаар өөртөө авснаар, Сталинград, Ленинградын баатарлаг хамгаалалт, Курскийн төлөөх тулаануудад Германы талд цохилт өгч сөрөг давшилтад орж эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн юм. Ялангуяа Сталинградын дэргэд Германы фельдмаршал Паулюсын командалсан 6-р армийг бүслэн олон мянган цэргүүдийнх нь хамт буулган авсан нь Зөвлөлтийн олон зуун мянган цэрэг эрсийн сэтгэл зүрхийг догдлуулан дайнд ялах итгэл урам зоригийг нь сэргээж өгсөн юм.

Зөвлөлтийн ялгуулсан улаан арми зөвхөн эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөөд зогсохгүй фашизмын хар сүүдэрт дарагдсан зүүн европын олон улс орныг олон цэрэг эрсийнхээ амь насыг золин байж чөлөөлсөн билээ.Түүх бүдгэрэх учиргүй.

            1945 оны 5 сарын 9 нд Германы нийслэл Берлин хотыг Зөвлөлтийн улаан арми эзлэн авснаар аугаа их эх орны дайн, дэлхийн хоёрдугаар дайны Европ дахь голомт унтарсан юм. Аугаа их эх орны дайнд ЗХУ 27 сая орчим хүнээ алдсан бөгөөд үүнээс 11 сая 400 мянга орчим нь цэргийн албан хаагчид байжээ. Үүнээс 6 сая 600 мянган цэрэг амь насаа алджээ. Мөн 13 сая орчим энгийн иргэд амь насаа алдсан юм. Ленинградын бүслэлтийн үед 658 мянга орчим хүн амь насаа алдсан, Сталинградыг Германчууд бөмбөгдөх үед 40,000 хүн амь насаа алдсан гээд харуусал төрүүлэх олон баримт бий.

            Эдийн засгийн хувьд ЗХУ маш том гар хохирол амссан. Олон зуун үйлдвэр, объект, хот суурин тосгон эвдрэн сүйдэж олон зуун зам гүүр эвдэрч гэмтсэн. Хамгийн том хохирол бол сэтгэл санааны хохирол байсан юм. Аав ээж ах эгч дүү гээд хүн бүр гэр бүлээ алдаж хагацан салж эргэн учрах хувьгүй болсон юм. Энэхүү сэтгэл санааны хохирлыг юугаар ч нөхөн орлуулж чадахгүй билээ. Зөвлөлтийн олон мянган залуусыг Герман руу албадан хөдөлмөр эрхлүүлэх гэж хүчээр авч явсан, мөн олон сая иргэнийг хорих лагерьт хорьж тамлан зовоож төрөл бүрийн туршилтад оруулан устгасан билээ. Мөн түүх соёлын олон үнэт зүйлсийг тонон дээрэмдсэн байна.

            Тухайн үеийн БНМАУ нь дайны эхний өдрөөс ЗХУ-ын талд үнэнчээр зогсон дайны жилүүдэд Зөвлөлтийн ард түмэнд 6 удаагийн цуваагаар олон бэлэг буцалтгүй тусламжийг өгсөн байдаг. 53 танк бүхий хувьсгалт Монгол танкийн бригад, 12 онгоц бүхий Монгол ард нисэх онгоцны эксадриль, олон мянган тонн мах, хүнсний зүйлс, дээл хувцас, нэхий болон 500 мянган агт морьдоо худалдан 39 мянган агт морьдоо ах дүү Зөвлөлтийн ард түмэнд бэлэглэсэн билээ. Дайны жилүүдэд Зөвлөлтийн ард түмэнд тусалж байсан Монголын ард түмний тусламж дэмжлэгийг зөвлөлтийн ард түмэн хэзээ ч мартдаггүй юм.

            Аугаа их эх орны дайны үр дэлхийн хүн төрөлхтнийг үл хүлээн зөвшөөрч зөвхөн Герман үндэстэн орших ёстой гэсэн нацист үзлийг таслан зогсоож хүн төрөлхтөнг фашизм фашизмын аюул заналаас сэргийлэн хамгаалж өнөөгийн энх тунх амьдралын эхлэлийг тавьсан билээ. Энэ түүхэн ялалт бол Зөвлөлтийн ард түмэн түүний холбоотон байсан улсуудын нэг болох Монгол улсын хувьд ч бас ялалтын баяр билээ.






ЗАРЛАЛ

2019-04-29 15:48:00
2019-04-10 14:58:00
2019-03-19 12:37:00
2019-03-19 11:02:00
2019-03-12 20:27:00
2019-02-28 17:02:00
2019-02-22 11:04:00
2019-01-14 13:01:00
2019-01-10 14:53:00
2019-01-10 9:56:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ