• НҮҮР
  • БИДНИЙ ТУХАЙ
    v
  • УДИРДЛАГА
    v
  • СУРГАЛТ
    v
  • АЛБА, НЭГЖ
    v
  • ХҮРЭЭЛЭН, СУРГУУЛИУД
    v
  • ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ
    v
  • ГАДААД ХАРИЛЦАА
    v
Эрхэм зорилго Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний тэргүүлэх менежменттэй судалгааны их сургууль болно.

“ТӨГСӨЛТИЙН БАЯР- 89”

Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 89 дэх удаагийн төгсөлтийн баярын ёслолын ажиллагаа өнгөрсөн долоо хоногт болж, төгсөгчид мэргэжлийн диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа.

            Төгсөлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн цэргийн зөвлөх, дэслэгч генерал Д.Даваа, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, ЗХЖШ-ын 1 дүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр, ҮБХИС-ийн захирал асан, хошууч генерал Д.Мягмар, Хятад улсаас Монгол Улсад суугаа Цэргийн атташе, ахлах хурандаа Ян-Шүнь нарын  эрхэм зочид, Монгол Улсын баатар Ж.Лхагвасүрэнгийн хүү Л.Лхагваа, охин Л.Лхагвадулам болон ахмад дайчид, төгсөгчдийн ар гэрийн төлөөлөл оролцсон.

ҮБХИС-ийн захирал, хурандаа П.Жаргалан 89 дэх удаагийн төгсөлтийн баярын ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Та бүхэн их сургуулийнхаа түүхт 98 жилийн ойгоор төгсөж буйгаараа онцлог бөгөөд тус сургуульд элсэн орж, цэргийн эрдэмд шамдан суралцаж, мэргэжилтэн, офицер, ахлагч болох хүсэл, мөрөөдлөө биелүүлж, сургуулиа амжилттай төгсөж байгаад их сургуулийн Эрдмийн зөвлөл, Захиргааны зөвлөл, нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн дайчин цогтой халуун баяр хүргэе. Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын эгнээнд орж, эх орон, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахын төлөө зүрх сэтгэл, оюун ухаан, эр зориг, хүч чадлаа дайчлан албаа хаах түүхэн үүргийг өртөөлөн хүлээн авах бахархалтай торгон мөч ирээд байна. Та бүхэн өнөөдөр зөвхөн сургуулиа төгссөн төдийгүй та бүхний өмнө амьдралын шинэ дардан зам, хүсэл мөрөөдлийн шинэ хаалга нээгдэж, Зэвсэгт хүчний ирээдүйн өнгө, төрх гэрэлтэж байна. 

Энэ хичээлийн жилийн төгсөгчдийн дундаас бусдыгаа хошуучлан, үлгэрлэн суралцсан олон төгсөгчид байгаа бөгөөд та нартаа хамт олныхоо өмнөөс дахин баяр хүргэе. Суралцах хугацаандаа эзэмшсэн онолын мэдлэг, цэргийн мэргэжлийн ур чадвараа цаашид хөгжүүлэн, мэргэжлийн өндөр чадамж бүхий ирээдүйн шилдэг офицер, ахлагч нар болж эх орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалах болон НҮБ-ын Энхийг сахиулах, олон улсад үүрэг гүйцэтгэх цэргийн мэргэжлийн өндөр бэлтгэлтэй боловсон хүчин болж төлөвшихөд өөрийгөө хөгжүүлэх,  өдөр тутам суралцах, дадлагажих, хариуцсан салаа, салбараа удирдан ажиллахдаа энэхүү сургуульд олж авсан  мэдлэг, ур чадвараа дайчлан сэтгэл зүрхээ зориулан ажиллаж, албаа нэр төртэй хаана гэдэгт их сургуулийн хамт олон, эрдэмтэн багш нараас тань өндөр итгэл найдвар хүлээлгэж байна.

Их сургуулийн мэргэжлийн тэнхимийн хамт олон, профессор багш нараас зааж сургасан бүхэн, хэлж ярьсан захиас бүхнийг ой ухаандаа тунгаан бодож, ямагт санаж, тулгарсан саад бэрхшээлийг бие сэтгэлийн хатуужил, чин хүсэл эрмэлзлэлээрээ даван туулж, цэрэг дайчдыг сурган бэлтгэхдээ тэдний зүрх сэтгэлийг сонсон хүлээж чаддаг, тэдний сэтгэл зүйн онцлогийг харгалзан үзэж, цэргийн албаны ачааллыг хамтын хүчээр даван туулахад нь тусалж манлайлдаг хамгийн хүчирхэг, сэтгэлийн хаттай алба хаагч байж нэр хүндтэй ажиллахыг та бүхэндээ хүсэн ерөөе” гэсэн юм.

Нээлтийн дараа зочид төгсөгчдөд мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг, “Шилдэг төгсөгчдөд” Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БХЯ, ЗХЖШ, ҮБХИС-ийн болон Монгол Улсын баатар Ж.Лхагвасүрэн, Батлан хамгаалахын сайд асан Ш.Жадамбын нэрэмжит шагналыг  тус тус гардуулсан.

 

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд төгсөгчдөд хандан “Монгол Улсын ууган их сургуулиудын нэг Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит, Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 89 дэх удаагийн төгсөгч болж, их сургуулийн яруу алдарт түүхийн хуудсыг эргүүлж байгаа та бүхэндээ халуун баяр хүргэе. Эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэдэл болсон Их  жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний батлан хамгаалахын их сургуулийг төгсөгчид жил бүр цэргийн цол, боловсролын зэргийн диплом, энгэрийн тэмдгээ гардан авч эх орноо батлан хамгаалах мэргэжлийг сонгон төрийн албанд хүчин зүтгэхээ илэрхийлдэг дайчин уламжлалтай билээ. Энэ удаагийн төгсөлт нь Хүннү гүрэн үүсэж байгуулагдсаны 2228, Монгол ардын   хувьсгал,  ҮБХИС-ийн 98, Улс эх орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулсан Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээтэй давхцаж байгаагаар онцлог жил  болж байна.

Монгол цэргийн эрдэм ухаан, мэргэжлийн цэрэгт тавигдах шаардлага, цэргийн сургалт, боловсролыг хөгжүүлэхэд  чиглэгдсэн Та бидний хамтын хүчин чармайлт нь дэлхий нийтийн цэргийн хэргийн хөгжлийн чиг хандлагатай нийцэж, эх орондоо төдийгүй олон улсын төвшинд хүлээн  зөвшөөрөгдөх чадавх бүхий оюуны өндөр хөгжилтэй, бие сэтгэлийн хаттай, эх  орныхоо төлөө чин шударгаар хүчин зүтгэх итгэл үнэмшилтэй офицер, ахлагч  бэлтгэх баталгаа бөгөөд цаашид ч байх болно хэмээн миний бие үзэж байна. Иймээс шинийг сурч мэдэх, туурвиж бүтээх, хуулиар хүлээсэн үүргээ  бүрэн ухамсарлаж, нийгмийн хариуцлага хүлээх чадвар, дайчин нөхдөдөө урам зориг өгч манлайлах арга ухаан зэрэг орчин цагийн цэргийн алба хаагчид байх эрхэм  чанаруудад байнга суралцаж, тасралтгүй өсөн нэмэгдэж байхыг Та бүхэнд  зөвлөж байна.

Нөгөөтэйгүүр, Монгол цэрэг эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох үйлсийг өргөнөөр эхлүүлж буй энэ цаг үед та бүхэн улс эх орныхоо бүтээн байгуулалтад ихийг бүтээхэд гар бие оролцоно гэдэгт миний бие итгэл төгс байна.

 

Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын хувьд сургуулиа амжилттай төгсөж, офицер, ахлагчийн эгнээнд орж байгаа бүх төгсөгчдөд Монгол цэргийн сүлд хийморь, нэр төрийг дээдлэн хүндэтгэж, ард түмэндээ өргөсөн тангаргаа чанд сахин биелүүлж, даян дэлхийн энхийн үйлс, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө сурсан эрдэм, сэтгэл, оюунаа бүрэн зориулна гэдэгт бат итгэж байгаагаа илэрхийлье” хэмээгээд Монгол цэргийн суу билэг эгнэгт мандан бадарч, эрдэм ухааны ундарга нь арвин   байхын ерөөлийг өргөсөн юм. 

 

ҮБХИС-ийн 89 дэх удаагийн төгсөлтөөр БХУА-ийг “Стратеги-тактик, цэргийн удирлагын менежер” мэргэжлээр 30 гаруй, ЦНС-ийг цэргийн 13 мэргэжлээр 100 гаруй, Ахлагчийн сургуулийг 21 мэргэжлээр 200 гаруй сонсогч төгсөж байгаагаас БХУА-ийг 4, ЦНС-ийг 7, ЦХС-ийг 2, Ахлагчийн сургуулийг 5 сонсогч “Онцгойлох” дипломтой төгсөж  мөн БНХАУ-ын АЧА-ийн суралцагч, ахлах дэслэгч Юү Жиажюн, Вю Хижин нар “Нийтийн удирдлага”-ын чиглэлээр магистрын зэрэг хамгаалж төгсөв.

 

         Төгсөгчид “Байлдааны туг”-ндаа хүндэтгэл үзүүлж, бие бүрэлдэхүн цэргийн ёслолын жагсаалаар алхан, 89 жилийн төгсөлтийн баярын ёслолын ажиллагаанд оролцсон зочидтой төгсөгчид дурсгалын зураг татуулснаар 89 дэх удаагийн төгсөлтийн баярын ёслолын ажиллагаа өндөрлөсөн билээ.

           “ОНЦГОЙЛОХ” ДИПЛОМТОЙ ТӨГСӨГЧИД  

                 

            БХУА-ийн сонсогч, хошууч А.Батсүх, Д.Сүхбат, Я.Билгээ, П.Идэрхүү.

ЦНС-ийн Ерөнхий цэргийн тэнхимийн сонсогч Э.Баяржаргал, Артиллери, зэвсгийн тэнхимийн сонсогч Ц.Одгэрэл, Цэргийн ар талын тэнхимийн сонсогч У.Энх-Оюун, ЦКАБТ-ийн сонсогч Э.Отгонбаяр, Ц.Дондогдулам, ЦНС-ийн цэргийн бакалаврын ангийн төгсөгч, хошууч Ж.Эрдэнэсайхан, ахлагч Э.Цэрэнлхам.

ЦХС-ийн сонсогч, түрүүч З.Отгонтамир, дэд түрүүч Э.Одончимэг.

Ахлагчийн сургуулийн Цахилгаан холбоо, компьютер сүлжээний техникч дамжааны сонсогч С.Өсөхбаяр,  Радиотелеграфчин дамжааны сонсогч М.Алмасбек, “Артиллерийн бууны захирагч наводчик”-ийн  дамжааны сонсогч Э.Дүүрэнбилэг, Явган цэргийн байлдааны машины механик жолооч дамжааны сонсогч Б.Сундуйжав,Танкийн механик жолооч дамжааны сонсогч Н.Батсүх.

 

ШИЛДЭГ ТӨГСӨГЧИД

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаар

ЦНС-ийн Артиллер, зэвсгийн тэнхимийн Артиллерийн команд мэргэжлийн 4

 дүгээр ангийн сонсогч Ц.Одгэрэл.

Батлан хамгаалахын сайдын нэрэмжит шагналаар

            ЦНС-ийн Ерөнхий цэргийн тэнхимийн Цэргийн бакалаврын дамжааны

           сонсогч Ж.Эрдэнэсайхан, ЦХС-ийн Хөгжмийн 4 дүгээр ангийн сонсогч З.Отгонтамир, Ахлагчийн сургуулийн Артиллерийн бууны захирагч наводчик дамжааны  сонсогч Э. Дүүрэнбилэг.

ЗХЖШ-ын даргын нэрэмжит шагнал

НС-ийн Ерөнхий цэргийн тэнхимийн 4 дүгээр ангийн сонсогч Г.Цэнд-Очир, Ахлагчийн сургуулийн Явган цэргийн байлдааны машины механик жолооч дамжааны сонсогч Б.Сундуйжав.

ҮБХИС-ийн захирлын нэрэмжит шагналаар

“Шилдэг төгсөгч” алтан медалиар БХУА-ийн сонсогч, хошууч А.Батсүх, ЦНС-ийн Цэргийн холбоо, кибер аюулгүй байдлын тэнхимийн сонсогч Э.Отгонбаяр, Цэргийн ар талын тэнхимийн сонсогч У.Энх-Оюун, Ахлагчийн сургуулийн Цахилгаан холбоо, компьютерийн сүлжээний техникч дамжааны сонсогч С.Өсөхбаяр, ЦХС-ийн Хөгжмийн ангийн сонсогч Э.Одончимэг.

  “Хүндэт өргөмжлөл”, үнэ бүхий зүйлээр

ЦНС-ийн Цэргийн холбоо, кибер аюулгүй байдлын тэнхимийн сонсогч Ц.Дондогдулам, Цэргийн ар талын тэнхимийн сонсогч, ахлагч Э.Цэрэнлхам, Ахлагчийн сургуулийн Радиотелеграфчин дамжааны сонсогч М.Алмасбек.

            Батлан хамгаалахын сайд асан Ш.Жадамбын нэрэмжит шагналаар

ЦНС-ийн Ерөнхий цэргийн команд мэргэжлийн 4 дүгээр дамжааны сонсогч Э.Баяржаргал.

           Монгол Улсын баатар Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит шагналаар

         ЦНС-ийн Ерөнхий цэргийн команд мэргэжлийн 4 дүгээр

          дамжааны сонсогч Т.Эрдэнэхангай нар тус тус шагнагдаж, сургууль, хамт олоныхоо хүндэтгэлийг хүлээсэн юм.

ЗАРЛАЛ

2019-07-02 11:58:00
2019-06-18 10:37:00
2019-05-22 10:18:00
2019-04-10 14:58:00
2019-03-19 12:37:00
2019-03-19 11:02:00
2019-03-12 20:27:00
2019-02-28 17:02:00
2019-02-22 11:04:00
2019-01-14 13:01:00
ИЛ ТОД БАЙДАЛ

Дээш
  • МАНАЙ СҮЛЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ