“Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын тогтолцоо” гуравдахь багц сургалт эхэллээ

Боловсрол, шинжлэх ухааны яам, Сингапур улсын Темасек сан, Политехникийн их сургуультай хамтран Монголын их дээд сургуулиудад зориулан “Дээд боловсролын чанарын баталгаажуулалтыг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд “Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын тогтолцоо” хөтөлбөрийн 5 багц сургалт зохион байгуулагдахаас эхний багц сургалт 2020 оны 11 дүгээр сараас амжилттай эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь 1. Дээд боловсролын чанарыг баталгаажуулах арга, зарчим, онцлог шилдэг туршлагыг хуваалцах боломж олгох, 2. Монголын дээд боловсролын орчинд тохирох чанарын баталгаажуулалтын хүрээ, түүний агуулга, аргуудыг тодорхойлох, загварчлах, тогтоох, боловсруулахад дэмжлэг үзүүлэх, 3. Чанарын баталгаажуулалтын цуврал багц сургалтыг зохион байгуулж, мэдлэг түгээх мастер багш нарыг сонгон бэлтгэхэд чиглэж байгаа юм.

Уг хөтөлбөрийн 2 дахь багцын 2 дугаар семинар 2021 оны 4 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд “Менежмент & Стратегийн төлөвлөгөө” сэдвээр онлайн хэлбэрээр ZOOM ашиглан амжилттай явагдаж эхлээд байна. Темасик сан, Сингапурын политехникийн их сургуулиас чиглүүлэгч багшаар Нурил ЭйнЛинда Ли, Чон Хуа Ли, Муи Кин Леон нар ажиллаж байгаа тус сургалтад БШУЯШУТИС, МУИС, ХААИС, СУИСҮБХИС,ТТДС, Тэнгэр дээд сургууль, МУБИС-ийн 50  гаруй багш, мэргэжилтнүүд оролцож байгаа юм.

Энэхүү гурав дахь сургалт нь өмнөх хоёр сургалтын үргэлжлэл болж, их сургуулийн засаглал, менежментийн хүрээнд менежмент, стратегийн төлөвлөгөөг чанарын бодлогын шалгуур үзүүлэлтээр дэмжих, чанарын баталгаажуулалтын таван хүрээнд түүнийг боловсронгуй болгох, чанарын сайжруулалтын бодлогыг хэрхэн тусган хөгжүүлэх арга зүйн мэдлэг, чадварыг олгоход чиглэж байна. Сургалтын явцад уг сургалтад оролцогч их сургууль бүр өөрийн стратегийн төлөвлөгөөндөө дээрх арга зүйгээр үнэлгээ хийн эерэг, сөрөг талуудыг тодорхойлох, чанарын баталгаажуулалтын үндэсний хүрээг тодорхойлоход хувь нэмрээ оруулах болно.

” Менежмент & Стратегийн төлөвлөгөө ” сэдэвт сургалтад ҮБХИС-ийн дотоод чанарын баталгаажуулалтын орон тооны бус багийн гишүүд болох Багшийн хөгжлийн төвийн сургалт, арга зүйн ахлах мэргэжилтэн, профессор Я.Чойжамц, их сургуулийн Дотоод аудит, чанарын албаны боловсрол, сургалтын чанарын үнэлгээний мэргэжилтэн, доктор (Ph.D) С.Дэнсмаа, Цэргийн нэгдсэн дээд сургуулийн авто, хуягт танкийн тэнхимийн багш, хошууч Б.Мөнх-Эрдэнэ, Цэргийн хөгжмийн коллежийн сургалт, уран сайхны ахлах офицер, ахмад Б.Сүх-Очир, Аюулгүй байдлын дээд сургуулийн ахлах багш,  дэд профессор С.Мандалмаа нар сургуулиа төлөөлж байна.

 

Хошууч Б.Мөнх-Эрдэнэ