Артиллер, зэвсгийн тэнхим

Тэнхимийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, бодлого нь:

Цэргийн шинжлэх ухааны үндсэн ухагдахуун, нийгэм улс төр, зах зээлийн эдийн засаг, удирдлагын онол арга барил, дадлагыг эзэмшсэн шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт аргыг өөрийн ажил мэргэжилдээ хэрэглэх чадвартай Зэвсэгт хүчинд артиллерийн болон зэвсгийн салаан захирагч түүнтэй адилтгах  албан тушаал эрхлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар, хандлагатай, боловсролын бакалавр зэрэгтэй, артиллер, цэргийн зэвсэглэлийн офицер, мэргэжилтэн бэлтгэх сургалтыг зохион байгуулахад оршино.

Зорилго: Тэнхимийн сургалт, эрдэм шинжилгээний ажил үйлчилгээг төгөлдөржүүлж, багш нарын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх замаар тэдний чадавхийг нэмэгдүүлэх, суралцагчдын  суралцах үйл ажиллагааг дэмжихэд чиглэгдэнэ.

Зорилт:

  1. Тэнхимийн сургалтын хөтөлбөрийг тодотгон шинэчлэн, орчин үеийн шаардлагад нийцсэн сургалтыг зохион байгуулах
  2. Тэнхимийн эрдэм шинжилгээний ажил, үйлчилгээг төгөлдөржүүлж, инновацыг нэвтрүүлэх
  3. Сургалт, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх
  4. Багш нарын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх замаар тэдний чадавхийг нэмэгдүүлэх
  5. Суралцагчдын суралцах үйл ажиллагаа дэмжих, сургалтын орчин, нөхцөлийг бүрдүүлэх
  6. Тэнхимийн багш, суралцагчдын ёс зүй, сахилга, хариуцлагыг сайжруулах
  7. Сургалтын хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэх
  8. Тэнхимийн цэргийн алба, бэлэн байдлыг дээшлүүлэх

Түүхэн замнал

1921 оны 7 дугаар сард жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар “Цэргийн зөвлөл”-ийн шийдвэрээр “Ардын цэргийн даргын сургууль”-ийг /зарим түүхийн номонд “Их даргын сургууль”/ 1921 оны 09-р сард байгуулж, морин цэргийн тасаг-2, суралцагч-40 хүнтэй, артиллерийн тасаг-1 суралцагч-20 хүнтэй, морьт пулеметын тасаг-1 суралцагч-30 хүнтэйгээр зохион байгуулалт, бэлтгэлийг хангаад 1921 оны 10-р сарын 15-д анхны хичээл эхэлсэн өдрийг Монгол улсад үндэсний артиллерийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн өдөр болгон түүхэнд тэмдэглэж байна .
Ардын журамт цэргийг бэхжүүлэхэд артиллерийн боловсон хүчин шаардлагатай болж 1921-1922 оны хичээлийн жилээс 6 сарын хугацаатайгаар артиллерийн мэргэжилтэн бэлтгэх артиллерийн тасаг нэртэй 20 хүнтэй салаа анх байгуулагдаж даргаар нь өндөр Б.Саарав, сургагч нь И.М. Буньков нар томилогдон ажиллаж байжээ.
1922-1923 оны хичээлийн жилээс артиллерийн ангийг “Их даргын сургуульд” нэмж 1 жилийн хугацаагаар сургах болсон байна. Ингээд 1923 оны 8-р сард артиллерийн ангийн төгсөлт болж Тэрбиш, Лувсанцэрэн, Дэмчиг, Чоймбол, Г. Жанцанхорлоо, Б.Бадам, Т. Дагвацэрэн зэрэг 8 хүн их бууны анхны дарга нар болсон байна. Тэр үед артиллерийн тасаг нь францын 75 мм-ийн хээрийн пушек 1, орос хээрийн пушек 1-тэй байжээ. Сургалтын төлөвлөгөө, сурах бичиг байхгүй, улаан армийн бага дарга нарыг бэлтгэдэг хөтөлбөрөөр сургадаг байлаа.
Монголын Ардын Засгийн Газрын гишүүдийн 1923 оны 2-р сарын 25-ны өдрийн 7-р хурлаар “Их даргын сургууль”-ийн шинэчлэн байгуулах тухай түр дүрмийн хэлэлцэн баталж, артиллерийн ангийн суралцах хугацааг 3 жил болгосон. Мөн артиллерийн дарга нарыг давтан сургах 10 сарын хугацаатай дамжаа байгуулах болсон.
Түүнээс хойш их бууны дарга нарыг 3 жилийн хугацаагаар артиллерийн дунд мэргэжилтэн сурган бэлтгэх ажил хийгдэж, артиллерийн батарей байгуулагдсан, батарейн даргаар /өндөр/ Саарав, сургагч Н.С.Соркин, дамжааны даргаар Жигжид нар томилогдон, салааны дарга нар бэлтгэх үүрэгтэй болж өргөжжээ.
1923 оноос 1956 он хүртэл нийтдээ 605 офицер, ахлагчийг их бууны мэргэжлээр бэлтгэгдэн гарчээ.
Улс орныг батлан хамгаалах хүчин чадлыг зузаатгах төр, засгийн шийдвэрээр Зэвсэгт хүчнийг бэхжүүлж орчин үеийн хамгийн боловсронгуй зэвсэг, байлдааны техникээр хангагдах болсон шаардлагаас үндэслэн 1964 оны 8-р сард Цэргийн ерөнхий сургууль дахин өргөтгөн байгуулагдаж артиллерийн секцтэй болсон байна.
Артиллерийн секцийн даргаар дэд хурандаа Ж.Рэнцэндорж, тактикийн ахлах багшаар хошууч С.Жамьянсүрэн, артиллерийн бие ангийн ахлах багш ахмад Х.Довчин нарын 3 багш 1 лаборанттай байгуулагджээ.
Сургалтын төлөвлөгөө, тодорхой хөтөлбөр байхгүй, цагийн ерөнхий тооцоог тусгай бэлтгэл, цэргийн ерөнхий эрдэм, нийгмийн ухааны хичээлүүдэд хуваарилан түүнийхээ үндсэн дээр цаг сэдвийн төлөвлөгөө гаргаж хичээллэдэг байжээ.
Сургалтын материаллаг бааз нь 122 мм-ийн гаубиц М-30, 76 мм-ийн пушек ЗИС-3, 45 мм-ийн пушек, 120 мм-ийн миномёт, буссоль, ПАБ-2А, ПУО-9 зэрэг артиллерийн буу, багаж хэрэгслээс бүрдэж байжээ.
БХЯ-ны сайдын 1967 оны 6-р сарын 12-ны 28 тоот тушаалаар ЦЕДС-ийг 4 жилийн хугацаатайгаар суралцаж дээд боловсролтой офицер бэлтгэх шийдвэр гарч, 1968-1969 оны хичээлийн жилээс эхлэн цэргийн дунд, ерөнхий боловсрол, нийгмийн ухааны дээд боловсролтой офицер бэлтгэн гаргах болжээ. Үүнтэй уялдуулан 1968 онд ЦЕС-ийн артиллерийн секцийг ЦЕДС-ийн Артиллерийн тэнхим /кафедр/ болгон өргөтгөсөн бөгөөд даргаар нь дэд хурандаа Ж. Рэнцэндорж томилогджээ.
Дээд сургуулийн хөтөлбөрөөр хичээллэх болж цагийн тооцоо бага зэрэг өөрчлөгдөн нийгмийн ухаан, ерөнхий боловсролын хичээлүүдэд нийт цагийн 42 хувь, тусгай бэлтгэл болон цэргийн ерөнхий эрдмийн хичээлүүдэд үлдсэн цагийг ноогдуулж байсан. Артиллерийн мэргэжлийн дамжаанд дээд тоо, физик, хими, ЗХУКН-ын түүх, МАХН-ын түүх, улс төр, эдийн засгийн ухаан, шинжлэх ухааны коммунизм, Марксист-ленинст философи, орос хэл, артиллерийн буудлага, тактик, тагнуул, галын алба, артиллерийн бие анги, цэргийн инженер, холбоо, байр зүйн бэлтгэл зэрэг хичээл орж байлаа. Сургалтын нарийн төлөвлөгөө нэгдсэн хөтөлбөр байхгүй зөвхөн цаг сэдвийн төлөвлөгөөгөөр багш нарын зохиосон түр хөтөлбөрийг мөрддөг байв.
Сургалтын материаллаг баазтай болох эхлэх тавигдаж 1968-1969 оны хичээлийн жилд утсан дамнуургаар ажилладаг артиллерийн буудлагын полигон, 122 мм гаубиц М-30-ийг дотор байрлуулсан танхимтай болжээ.
1975-1976 оны хичээлийн жилээс эхлэн бүрэн дээд боловсролтой боловсон хүчин артиллерийн ашиглалтын инженер бэлтгэх сургалтын шинэ төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд шилжсэн нь манай сургууль, тэнхмийн амьдралд гарсан чанарын шинэ өөрчлөлт юм. Энэ нь орчин үеийн цэргийн шинжлэх ухаан зэвсэг, байлдааны техникийн хөгжилт, зэвсэгт тэмцлийн одоогийн шаардлага, дайчдын боловсролын өсөлтөөс үндэслэн манай зэвсэгт хүчний офицер-боловсон хүчин, түүнийг бэлтгэдэг ЦЕДС-ийн өмнө тавигдаж байгаа өндөр шаардлагатай салшгүй холбоотой юм.
Сургалтын шинэ төлөвлөгөөг боловсронгуй болгож түүний дагуу артиллерийн ашиглалтын инженер бэлтгэх нэгдсэн хөтөлбөрийг боловсруулан бичиж бэлэн болгосон.
Сургалтын шинэ төлөвлөгөөгөөр нийгмийн ухааны хичээлүүд 13,9 хувь, тусгай мэргэжлийн хичээлүүд 43,7 хувь, инженерийн ерөнхий онолын хичээлүүд 11,1 хувь, цэргийн ерөнхий эрдмийн хичээлүүд 13,5 хувь, ерөнхий боловсролын хичээлүүд 17,7 хувийг тус тус эзэлж байна.
Нэгдсэн хөтөлбөрийг удирдлага болгон хичээлийн сэдвийн төлөвлөгөө шинээр боловсруулан мөрдсөн байна.
Артиллерийн материал ангийн кабинет, артиллерийн буудлагын бага калибрийн буу болон цахилгаан загвар полигон тус бүр нэг, бүгд хоёр, артиллерийн тактикийн танхим 1, арт тагнуул байр зүйн танхим 1, артиллерийн 8 системийн 14 бууг ашиглаж сургалт явагдсан. 1977 оны 10-р сард БМ-21, 122 мм-ийн гаубиц Д-30-ийг авч сургалтанд хэрэглэх болсон.
1982 оны 7-р сард сургуулийн орон тоо зохион байгуулалтад өөрчлөлт орж “Цэргийн Нэгдсэн Дээд сургууль” гэж нэрлэх болсон бөгөөд мэргэжлийн салбарууд шууд тэнхимд харьяалагдаж “Артиллерийн командын офицер-артиллерийн зэвсэглэлийн ашиглалтын инженер” мэргэжлээр суралцуулж эхэлсэн.
Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр шинэчлэгдэж хосолсон мэргэжил эзэмшүүлэх Батлан хамгаалах болон Ардын боловсролын яамны сайд нарын хамтарсан тушаал /1990.6.26-ны 235/459 тоот/ гарч Артиллерийн командын офицер-дунд сургуулийн математикийн багш мэргэжлээр тус хичээлийн жилд 25 сонсогч шинээр элсүүлжээ.
1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль Цэргийн их сургууль болоход шинээр 2 тэнхим байгуулагдсаны нэг нь Зэвсгийн тэнхим юм. Шинээр сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр боловсруулж, шаталсан сургалт явуулах шийдвэр гарч 3 жил суралцаж зэвсгийн техникч, 4 жил суралцаж зэвсгийн ашиглалтын инженер бэлтгэх болсон. Ингээд 1992 онд анхны элсэлтээ авч 1995 онд зэвсгийн техникчээр 2 хүн, 1996 онд ашиглалтын инженерээр 6 хүн төгсгөсөн.
Зэвсгийн анхны тэнхмийн даргаар: БХЯ-ны 17-р хэлтсийн орлогч дарга, ерөнхий инженер ажиллаж байсан дэд хурандаа А.Хүү-Ухнааг, багшаар: дэд хурандаа Д.Сосорбурам, Дарамбазар, ахмад Д.Баярсайхан, Ч.Соронзонболд, Д.Бандихүү, дадлагын багш ахлах ахлагч Н.Лхаасүрэн, хичээлийн туслах ажилтан бэлтгэл хурандаа Ц.Жадамбаа,бэлтгэл дэд хурандаа Б.Өлзийбаяр, энгийн В.Уранжаргал нарыг томилсон байна.
1997 онд Зэвсгийн тэнхимийг Артиллерийн тэнхимтэй нэгтгэж “Артиллер- Зэвсгийн тэнхим” болгон өөрчлөн зохион байгуулагдан “Артиллерийн командын офицер-төрийн захиргааны ажилтан”, “Цэргийн зэвсгийн алба- төрийн захиргааны ажилтан”, 2008 оноос “Артиллерийн команд- инженер математик”, Цэргийн зэвсгийн алба- инженер математик”, 2014 оноос “Артиллерийн команд-хэрэглээний математик”, “Цэргийн зэвсэглэл- хэрэглээний математик”мэргэжлээр бакалаварын боловсролтой бэлтгэж байжээ.
Артиллер,Зэвсгийн тэнхим нь 20 гаруй нэр төрлийн хичээл зааж өнгөрсөн 1998-2018 оны хичээлийн жилд давхардсан тоогоор 330 гаруй сонсогчид анги дэвших шалгалтанд орж, 96-99,3%-ийн амжилт үзүүлж чанар нь 64-75%-тай сурсан байна.
Тус тэнхим 1996, 1997, 2007, 2008, 2012 онд БХИС-ийн “Тэргүүний тэнхим”-ээр, 2013 онд “Дэд байр” бүрэлдхүүн сургуулийн “ Тэргүүний тэнхим”-ээр 9 удаа тэргүүн байрт шалгарч байсан.
Артиллерийн мэргэжлээр төгсөгчдийн дотроос Зэвсэгт хүчинд олон шилдэг дарга, алдартанууд төрсөн билээ. Үүнд: МУ-ын баатар Л.Гэлэгбаатар, ардын хувсгалын партизан, бригад командлан захирагч Д.Цолмон, хурандаа Б.Саарав, дивиз командлан захирагч Г. Жанцанхорлоо, дэслэгч генерал Ч.Пүрэвдорж, хошууч генерал Г.Эрэндоо, Д.Гэндэнпил, Г.Түмээ, Г.Дугарсүрэн, Ч.Цэрэндавга, Б. Баярмагнай, Ж.Бадамбазар, бригадын генерал Н.Энхбаялаг, Х. Жекей, цэргийн шинжлэх ухааны доктор, хошууч генерал О,Үржин, түүхийн шинжлэх ухааны доктор, хурандаа Х.Шагдар, түүхийн ухааны доктор, хурандаа Б.Товд, техникийн ухааны доктор, хурандаа Д.Цэен, цэргийн ухааны доктор, хурандаа Д.Лхавгасүрэн, хурандаа Н.Түүхбаатар, хурандаа П.Алгаа, хурандаа Я.Мягмарсүрэн, хурандаа И.Батсайхан, хурандаа Ц.Гандорж, дэд хурандаа Д.Содномцог, дэд хурандаа Б.Мандахбаяр нарыг нэрлэж болно.
Үүссэн цагаас өнөөг хүртэл артиллерийн мэргэжлийн даргалах дунд боловсролтой-770, ерөнхий эрдмийн дээд боловсролтой-150, артиллерийн инженерийн дээд боловсролтой-410, нийт 1330 гаруй боловсон хүчнийг бэлтгэн гаргасан байна.
Тэнхим түүхэн хөгжлийнхээ явцад артиллерийн цэргийн дунд, дээд боловсролтой артиллерийн командын офицерыг 1921-1922 онд 6-н сарын, 1922-1923 онд 1 жилийн, 1923-1956 онд 3 жилийн, 1968-1999 он хүртэл 4 жилийн, 1999-2010 он хүртэл 3,5+1,5 жилийн, 2011-2013 онд 2+2 жилийн сургалтын төлөвлөгөөгөөр, 2014-2017 онд 3+1 жилийн, 2017 оноос 2,5+1,5 жилийн, 4 жилийн, 2019 оноос 2+2 жилийн бакалаврын сургалтын хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагааг явуулж байна.
2015 оны БХИС- ийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөхөд Хуурай замын цэргийн тэнхмийн бүрэлдэхүүнд артиллерийн багш нарыг мэргэжлийн профессорын баг болгон нэгтгэж, Зэвсгийн мэргэжилтэн бэлтгэхээр Зэвсэглэл, галт хэрэглэлийн тэнхим болгон өргөжсөн.
Батлан хамгаалахын сайдын 2017 оны 152-р тоот тушаалаар артиллер, зэвсгийн мэргэжилтэн бэлтгэн үйл ажиллагааг нэгтгэж хуучин тэнхимийг сэргээж Артиллер, Зэвсгийн тэнхим нэртэйгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
Артиллер, зэвсгийн тэнхимийн даргаар: цэргийн ухааны доктор, хурандаа И.Батсайхан, артиллерийн ахлах багшаар: цэргийн ухааны магистр, дэд хурандаа Д.Насанзаяа, багшаар: цэргийн ухааны доктор, дэд хурандаа Д.Содномцог, магистр, дэд хурандаа Ц.Цэрэнбат, зэвсгийн ахлах багшаар: цэргийн ухааны магистр, дэд хурандаа С.Жавхлансүрэн, багшаар: цэргийн ухааны магистр, ахлах дэслэгч Б.Батбаяр, цэргийн ухааны магистр, ахлах дэслэгч С.Мөнхсаруул, сургагч багшаар: ахлах ахлагч Э.Энхтайван нар томилогдон ажиллаж байна.
Артиллерийн команд, цэргийн зэвсэглэлээр цэргийн магистр, бакалаврын боловсрол олгох, артиллерийн бууны наводчик, артиллерийн тагнуулчин-гал засварлагч, артиллерийн тооцоочин, артиллерийн ТЭЗПС-ийн харвагч оператор, цэргийн зэвсэглэлийн нярав-засварчин мэргэжлээр сургалтын үйл ажиллагааг явуулж байна.

            Артиллерийн команд, цэргийн зэвсэглэлээр цэргийн магистр, бакалаврын боловсрол олгох, артиллерийн бууны наводчик, артиллерийн тагнуулчин-гал засварлагч, артиллерийн тооцоочин, артиллерийн ТЭЗПС-ийн харвагч оператор, цэргийн зэвсэглэлийн нярав-засварчин мэргэжлээр сургалтын үйл ажиллагааг явуулж байна.

LEAVE REPLY

Your email address will not be published. Required fields are marked *