ЛУВСАНДОРЖИЙН ГЭЛЭГБААТАР (1914- 1939 он)
МОНГОЛ УЛСЫН БААТАР

ЛУВСАНДОРЖИЙН ГЭЛЭГБААТАР (1914- 1939 он)

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт төрсөн.ЦЕС-ийг 1938 онд артиллерийн мэргэжлээр төгсөгч. 1939 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Халхын голын дайнд дайсны давуу хүчний эсрэг зоригтой байлдаж өөрийн ангиудын байлдааны ялалтыг хангахад онцгой гавьяа байгуулан амь үрэгдсэн учир Халх голын ялалтын 25 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1964 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 171 дүгээр зарлигаар “БНМАУ-ын баатар” цолоор нэхэн шагнажээ.
ДАШИЙН ДАНЗАНВААНЧИГ (1918-1981 он)
МОНГОЛ УЛСЫН БААТАР

ДАШИЙН ДАНЗАНВААНЧИГ (1918-1981 он)

Дорноговь аймгийн Дэлгэрэх хэт /одоогийн Их хэт/ сумын нутагт төрсөн.
1939 онд цэргийн албанд ирж цэрэг, бага дарга, дунд, ахлах, офицерийн албан үүргийг 1972 он хүртэл гүйцэтгээд тэтгэвэрт гарчээ. МАХЦ-ийн хуягт бригадын миномётын наводчик байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, баатарлаг байлдаж таван удаа шархадсан ч мятралгүй тулалдан гарамгай гавьяа байгуулсан байна. 1946-1947 онд ЦЕС-ийн салааны даргын курст суралцаж төгссөн.
Ардын Их Хурлын депутатаар удаа дараа сонгогдож, МАХН-ын XV Их хуралд төлөөлөгчөөр оролцож байжээ.
Сүхбаатарын одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, ЗХУ-ын Октябрийн хувьсгалын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одон, монгол, зөвлөлтийн медалиудаар шагнагджээ. БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор БНМАУ-ын баатар цолоор шагнуулсан.
ЖАМЬЯНГИЙН ЛХАГВАСҮРЭН (1912-1982 он)
МОНГОЛ УЛСЫН БААТАР

ЖАМЬЯНГИЙН ЛХАГВАСҮРЭН (1912-1982 он)

Булган аймгийн Сайхан сумын “Хэрэмт” гэдэг газар төржээ. 1930-1931 онд хошуу, аймагт бичээчийн алба хашиж байгаад 1932 оны 06 дугаар сард цэргийн албанд ирсэн. 1932-1956 онд цэрэг, эх зохиогч, жагсаал ангийн дарга, клубын дарга, Цэргийн улс төрийн газрын дарга, БХЯ-ны сайд, Бүх цэргийн жанжны орлогч, БХЯ-ны орлогч сайд бөгөөд ЕШ-ын даргаар ажиллажээ. Ж.Лхагвасүрэн ЦЕС-ийн захирлаар 1952 оны 01 дүгээр сараас 1953 оны 10 дугаар сард ажиллаж байв. 1926-1928 онд хошууны бага сургууль, 1934-1953 онд ЦЕС-ийн давтан курс, 1935-1937 онд Лениний нэрэмжит цэргийн улс төрийн курс, 1948-1951 онд Фрунзегийн нэрэмжит цэргийн академи тус тус төгсчээ. 1956-1959 онд улсын биеийн тамирын хорооны дарга, 1959-1968 онд АЦХЭЯ-ны сайд бөгөөд Ардын армийн командлагч, 1968-1969 онд Батлан хамгаалах яамны сайдаар ажиллажээ. МАХН-ын Төв хорооны тэргүүлэгч гишүүн, Намын Төв хорооны гишүүн, Улсын бага хурлын гишүүн (1940-1951 он), БНМАУ-ын Их хурлын депутат8 1969 онд цэргийн тэтгэвэрт гарсан. 1969-1978 онд АИХ-ийн газар, хэлтсийн дарга, 1978-1980 онд БНМАУ-аас БНБАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, 1980-1982 онд АИХ-д зөвлөх, Сүхбаатарын одонгоор 3 удаа, Байлдааны гавьяаны улаан тугийн одон 4 удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Байлдааны гавьяаны одонгоор 3 удаа, ЗХУ-аас “Улаан таван хошуу”, Суворовын II зэргийн одон, медалиудаар шагнажээ. 1961 онд хурандаа генерал цол, Ж.Лхагвасүрэнг 1989 оны 07 дугаар сарын 01-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнагджээ.
ЦЭНДИЙН ОЛЗВОЙ (1914-1941 он)
МОНГОЛ УЛСЫН БААТАР

ЦЭНДИЙН ОЛЗВОЙ (1914-1941 он)

Ховд аймгийн Манхан суманд 1914 онд төрсөн. Цэргийн албанд 1937 онд татагдан ирж Тамсагбулаг дахь 6 мд-ийн 17 мх-нд хөнгөн пулемётчинаар алба хааж, 1939 оны Халхын голын дайнд оролцож “Онц гарамгайгаар гайхамшигт гавьяа зүтгэлийг байгуулсан” учир БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1939 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 71 дүгээр хурлын тогтоолоор БНМАУ-ын баатар цол хүртэн Цэргийн гавьяаны I зэргийн одонгоор шагнуулжээ. 1940 оноос ЦЕС-ийн морин дивизионы сэлэмт ангид суралцаж байсан. 1941 оны есдүгээр сарын 3-ны өдөр хүнд өвчнөөр нас баржээ. Улсын баатар Ц.Олзвойн нэр ЦЕС-ийн нэгдүгээр сумангийн нэгдүгээр курсийн нэгдүгээр тасгийн бүрэлдэхүүнд үүрд үлдэн хадгалагдаж, тус салбарт түүний баатарлаг үйлсийг харуулсан хүндэт булан байгуулан, нэр алдрыг нь мөнхжүүлсэн байна. Одоо энэ уламжлалыг БХИС-ийн ерөнхий цэргийн нэгдүгээр рот үргэлжлүүлэн Монгол Улсын баатар Ц.Олзвойн нэр алдар дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлж байна.
ДАРЖААГИЙН ХАЯНХЯРВАА (1915-1975 он)
МОНГОЛ УЛСЫН БААТАР

ДАРЖААГИЙН ХАЯНХЯРВАА (1915-1975 он)

Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн. 1937 онд Цэргийн албанд татагдаж, Тамсагбулаг дахь 6 мд-ийн хуягт дивизионд цэрэг, 1938 онд хөнгөн хуягтын жолооч, ЦЕС-ийг 1943 онд төгсөж, 6 мд-ийн хуягт дивизионд салааны дарга, 1948 оноос цэргийн барилгын хэлтэст техникийн дарга, 1949 онд цэргийн албанаас халагдан, Засгийн газрын баазад жолооч, 1958 онд дахин татагдан авто жолоочийн сургуульд жолооны багш, улирсан жолооч, граш, шатахууны дарга, 1963-1968 онд авто тээврийн ротын техникийн орлогч, авто салааны даргаар хошууч цолтой ажиллаж байгаад 1973 онд чөлөөнд гарчээ. Д.Хаянхярваа нь 1939 оны Халхын голын, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон юм. Халхын голын дайны ялалтын 30 жилийн ойг тохиолдуулан “баатарлаг зориг гаргаж, гарамгай гавьяа байгуулсан” учир Д.Хаянхярваад БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1969 оны наймдугаар сарын 18-ны зарлигаар БНМАУ-ын баатар цол олгожээ
МАЗЫМЫН ЭКЕЙ (1911-1939 он)
МОНГОЛ УЛСЫН БААТАР

МАЗЫМЫН ЭКЕЙ (1911-1939 он)

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт 1911 онд төрсөн. Хоршоонд ноос угаах зэрэг ажил хийж эхлэн, 1928-1930 онд Толбо сумын анхны сургуульд сурчээ. 1931 онд цэргийн албанд татагдаж, ЦЕС-ийн сэлэмтийн ангийг 1935 онд төгссөн. Улаанбаатар дахь 1 мд-ийн 2 мх-нд сэлэмт салааны дарга, Халхын голын дайнд 6 мд-ийн 17 мх-ны дөрөвдүгээр сумангийн даргаар ажиллаж байхдаа амь эрсэджээ. М.Экейд Халхын голын дайны ялалтын 40 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1979 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн зарлигаар БНМАУ-ын баатар цол нэхэн шагнасан юм.
ПУНЦАГИЙН ШАГДАРСҮРЭН
МОНГОЛ УЛСЫН БААТАР

ПУНЦАГИЙН ШАГДАРСҮРЭН

Пунцагийн Шагдарсүрэн Их шавийн отго, одоогийн Төв аймгийн Баян-Өндөр сумын нутаг Ташгай хэмээх газарт 1918 онд төрсөн. 1937-1939 онд ЦЕС, Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Марксизм-Ленинизмийн их сургуулийг төгссөн, олон улсын эрх зүйч мэргэжилтэй. 1939 оны Халхын голын дайнд Тамсагбулагийн 6 дугаар дивизийн 17 дугаар морьт хорооны штабын даргаар ахмад цолтой оролцсон. Маршал Х.Чойбалсангийн туслах, Гадаад явдлын яамны сайд, гадаадын орнуудад элчин сайдаар ажиллаж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2014 онд Монгол Улсын баатар цолоор шагнуулсан. Онц бөгөөд бүрэн эрт элчин сайд, хурандаа цолтой.