ОЮУТАНД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

“Оюутны хөгжлийн төв”, “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-үүдээр дамжуулан оюутанд ёс зүй, бие бялдар хүмүүжил олгох, оюутан чанартай боловсрол эзэмшин хөгжих таатай орчинг бүрдүүлэх, оюутныг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангах, тэдгээрийг хичээл сургалтаас хөндийрүүлэлгүй цагийн ажилд зуучлах, төриийн болон төрийн бус байгууллагаас гаргасан зээлийн хөтөлбөр болон хөнгөлөлтөд хамруулахзэрэг оюутан, сонсогчдод чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь бидний зорилго юм.

Суралцахын зэрэгцээ оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд туслах зорилготой шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, техник, урлаг, спорт, цэнгээнт бүжгийн 20 гаруй дугуйлан хичээллэж байна.

 

Элсэн орж байгаа хөтөлбөрийн 2 хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо хоёулаа 700-аас дээш бол сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлнө.

Сурлагын амжилтыг харгалзан олгох улирлын сургалтын төлбөрийн нэг удаагийн урамшууллыг улирал бүр 15-аас доошгүй кредит цуглуулж, нийгмийн ухааны чиглэлээр оюутан 3.7, байгалийн ухааны чиглэлийн оюутан 3.5 ба түүнээс дээш голч дүнтэй 3 буюу түүнээс дээш улирал дараалан суралцсан тохиолдолд сургалтын төлбөрөөс 30%-70%-ийн хөнгөлөлт үзүүлнэ.

Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 111-р тогтоолоор “Боловсролын зээлийн сан” болж өргөжиж, зорилтот хөтөлбөрийн үйлчилгээнүүдээс гадна 2018 оны 46 дугаар тогтоолоор журам шинэчлэн батлагдсан “Оюутны хөгжлийн зээл” хэрэгжиж эхэллээ.

Оюутны хөгжлийн зээлийн зорилго нь оюутан, суралцагчийн сурах бололцоог нэмэгдүүлэх, дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

Оюутны хөгжлийн зээлд хамрагдах оюутнууд дараах шаардлагыг хангаж, материалаа бүрдүүлсэн байна.

Зээлийн шалгуур:

  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцдаг байх
  • Хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх;
  • Дүнгийн шалгуур
Бакалавр Магистр Доктор
ЭЕШ 600≤
Голч дүн 2.8≤ 3.2≤ 3.2≤
  • Ирээдүйн зорилготой, өөртөө итгэлтэй оюутан байх

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Зээл хүсэгчдийн өргөдлийн маягт
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар
  • Ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ (зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх талаарх)
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
  • Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь
  • Тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт /багц цагаар/

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Журам, чиглэл шинэчлэн батлах тухай” 71-р тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны “Журам батлах тухай” 19-р тогтоолын дагуу буцалтгүй тусламж олгож байна.

Монгол улсын дээд боловсролын сургалтын аттестатчилагдсан байгууллагын өдрийн ангид хичээлийн жилийн нэг улиралд 12-оос доошгүй багц цагийн хичээл судалж буй дараах суралцагчид сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно. Үүнд

  • Бүтэн өнчин суралцагч
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
  • Багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийн 100 хувь
  • Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн төлбөрийн буцалтгүй тусламж олгоно.

Монгол Улсын Засгийн Газрын 2011 оны 102 тоот тогтоолд “Оршин суугаа газраасаа 500 километр болон түүнээс хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагчдын өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан, ирсэн 2 талын зардлыг холбогдох баримтыг нь үндэслэн авто тээврийн хэрэгслийн тарифаар тооцож Сургалтын төрийн сангаас нөхөн олгож байсугай.” гэж заасны дагуу замын зардлын 50%-ийг эргүүлэн олгоно.

Бүрдүүлэх бичиг баримт

  • Явсан замын зардлын баримт /гараар бичсэн баримт тооцохгүй/
  • Ирсэн замын зардлын баримт /гараар бичсэн баримт тооцохгүй/
  • Онгоцоор ниссэн оюутнуудын хувьд тийз борлуулдаг компаниас ниссэн эсэх лавлагааны хамт
  • Иргэний үнэмлэхний хуулбар /ар, өвөр хоёр тал/
  • Өөрийн нэр дээрх дансны дугаар /хамтран эзэмшигчтэй данс болохгүй/

ССОХ нь биеийн тамир, урлаг спорт, боловсрол, соёл шинжлэх ухаан, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбаруудад сургалт, семинар, тэмцээн, уралдаан, өдөрлөг, эрүүл мэнд болон хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах замаар оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэн, нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлж, хувь хүний хөгжлийг дэмжиж ажиллана.

  • Бакалаврын оюутны 30 хувиас доошгүй нь клубт хамрагдах
  • Оюутны клубүүдийн үйл ажиллагааг дэмжин оюутан залуусыг хөгжүүлэх зорилгод чиглүүлэх
  • Оюутны байгууллагатай хамтран манлайллын хөтөлбөрүүд хэрэгжүүлэх
  • Сургуулийн удирдлага, захиргаанаас авч хэрэгжүүлж буй аливаа арга хэмжээнд, оюутан сонсогчдыг татан оролцуулж, зохих мэдээллээр хангах
  • Оюутнуудын дунд олон талт үйл ажиллагаа, нийгэмших, төлөвшихэд зориулан сургалт, семинарыг зохион байгуулах
  • Оюутантай холбоотой асуудлаар гадаад, дотоодын байгууллагатай харилцаа холбоо тогтоох, итгэлцэл, түншлэлийн зарчимд тулгуурлан хамтран ажиллах
  • Оюутны клубүүдийг дэмжин ажиллах

Монгол улсын Цэргийн албаны тухай хууль болон Батлан хамгаалахын сайдын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/361 дугаар тушаалаар батлагдсан цэргийн сургуулийн оюутнуудад цэргийн мэргэжил олгох сургалтын журамд зааснаар энэхүү сургалтын хөтөлбөрт хамрагдсан оюутнуудыг цэргийн алба хаасанд тооцон, дайчилгааны 1 дүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн, голч дүн зохих шаардлага хангасан бол бэлтгэл офицероор тооцох нөхцөл бүрдсэн байна.

Энэхүү сургалтын зорилго нь МУ-ын үндсэн хуулиар хүлээсэн цэргийн алба хаах үүрэг бүхий Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн бакалаврын өдрийн ангийн оюутнуудыг суралцаж байх хугацаанд нь цэргийн мэргэжил олгох сургалтанд хамруулж цэргийн алба хааснаар тооцон 1-р зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэх тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд оршино.

Сургалтын зорилтууд:

  • Цэргийн алба хаах иргэний үүргээ хэрэгжүүлэх;
  • Цэргийн өдөр тутмын үйл ажиллагаанд сурган дадлагажуулах;
  • Цэргийн хэргийн мэдлэг, дадлага, чадамж эзэмшүүлэх;
  • Цэрэг эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх;
  • Бие бялдар, сэтгэл зүйн хувьд ачаалал даах, бие дааж үүрэг гүйцэтгэх, багаар ажиллах чадварт сургах.

Оюутны нийтийн тээврийн цахим картаар сард 22 удаа үнэ төлбөргүй зорчих боломжтой.

Шинээр карт захиалах

  • Цахим төлбөрийн карт захиалах мэдүүлэг бөглөх
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Оршин суугаа газрын тодорхойлолт /УБ-д оршин суудаг тодорхойлолт байх/
  • Картын төлбөр төлсөн баримт /оюутнууд нь цахим төлбөрийн карт шинээр авахдаа 3600 төгрөгийг Улаанбаатар Смарт Карт ХХК-ийн дансанд тушаах/

Сунгалт хийлгэх оюутнууд

  • 2018-2019 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим төлбөрийн карт авсан, 2019-2020 оны хичээлийн жилд дахин ашиглах нөхцлийг хангасан оюутнууд картаа сунгуулан ашиглана.
  • Сунгалтын хураамжийн төлбөр 1000 төгрөгийг зөвхөн Улаанбаатар Смарт Карт ХХК-ийн дансанд тушаана.
  • Сунгуулахаар өгсөн карт тухайн оюутны нэр дээр бүртгэгдсэн картаас зөрсөн тохиолдолд тухайн карт сунгагдахгүй бөгөөд оюутан өөрийн нэр дээр бүртгэлтэй картын дугаарыг хэрэглэгчийн төвөөс лавлан мэдэх боломжтой.

Карт дахин захиалах

2018-2019 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих цахим төлбөрийн карт авсан боловч хаяж үрэгдүүлсэн, хугарч гэмтээсэн оюутнууд 2019-2020 оны хичээлийн жилд дахин карт худалдан авч эрхээ сунгуулан ашиглана.

  • Оюутан тус бүр “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлэг бөглөх
  • Иргэний үнэмлэхийн хуулбар болон оршин суугаа газрын тодорхойлолт
  • Дахин олгох картын төлбөр, эрх сунгалт төлсөн баримт /оюутнууд нь цахим төлбөрийн карт дахин авахдаа картын төлбөр 3600+1000 /картын үнэ+сунгалт/ төгрөгийг Улаанбаатар Смарт Карт ХХК-ийн дансанд тушаана./

Санамж: Цахим төлбөрийн карт шинээр болон дахин захиалах, сунгалт хийлгэхдээ мэдүүлгийн маягтыг татан авч зааврын дагуу бөглөх. Мөн холбогдох бичиг баримтыг үнэн зөв, бүрэн бүрдүүлсний дараа захиалга өгөх боломжтой.

Хэрэглэгчийн төв:

  • Хэрэглэгчийн төв нь “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн төв байр (Нийслэлийн засаг захиргааны IV байр)-ны 3 давхарт байрлана.
  • Даваа-Баасан гаригуудад 9:00-18:00 цагт ажиллана.
  • Утас: 78111289, 70151289

Шилдэг оюутан, сонсогчдод олгодог Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг, ҮБХИС-ийг онцгойлох үнэлгээтэй төгссөн төгсөгчдөд олгодог Батлан хамгаалах сайдын нэрэмжит дурсгалын зүйл, ЗХЖШ-ын даргын нэрэмжит дурсгалын зүйл, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирлын 2015 оны А/256 дугаар “ҮБХИС-ийн шагнал, урамшууллын журам” тушаалаар батлагдсан журмын дагуу Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит цалин, Голомт банк болон бусад банкны тэтгэлгүүдэд зарласан байгууллагаас гаргасан түр журмын дагуу шалгаруулж, холбогдох газарт хүргэгдэнэ. Үүнээс дурдвал:

 

  1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит шилдгийн шилдэг сонсогчид хүртээр нэрэмжит шагнал.

Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын даргын 2008 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дугаар захирамжийн дагуу “Шилдгийн шилдэг сонсогчид хүртээх Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит шагнал”-д 2 оюутныг шалгаруулж, жил бүрийн “Монгол цэргийн өдөр”-өөр шагналыг гардуулна.

Шалгуур үзүүлэлт:

  • Сургуульдаа сурлагын амжилтаараа манлайлагч байж, 7 улирал дараалан 3.7-оос доошгүй голч дүнтэй суралцсан байх,
  • БСШУСЯ-ны болон төрийн захиргааны бусад байгууллага, их, дээд сургуулиас зохион байгуулсан оюутны эрдэм шинжилгээний ажил, уралдаан, шалгаруулалтад оролцсон, оюутны /цаашид сонсогчийн гэх/ бие даасан 2-оос доошгүй бүтээл /илтгэл, өгүүлэл, оновчтой шийдлийн санал гэх мэт/-тай байх,
  • Бие даасан бүтээлийн 1-ээс доошгүй нь цэргийн хэрэг, үндэсний аюулгүй байдлын асуудалд хамаарах сэдвээр хийгдсэн байх,
  • Цэргийн албан хаагчдын бие бялдрын хөгжил, эрүүл мэндэд тавигддаг стандартын шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан, биеийн тамир, цэрэгжлийн спортын уралдаан тэмцээнд идэвхтэй оролцдог байх,
  • Цэргийн тангараг, дүрмийн шаардлагыг ухамсартайгаар сахин биелүүлдэг, үлгэр жишээч, сахилга баттай, иргэний үүрэг, хариуцлага, ёс зүйн зөв төлөвшилтэй, хамт олондоо нэр хүндтэй байх.
  1. Шилдэг оюутанд Монгол улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг.

Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолоор батлагдсан “Шилдэг оюутанд Монгол улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам” хэрэгжиж байна.

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авъяас, ур  чадварыг хөгжүүлэх, урамшуулан дэмжих зорилгоор үлгэр жишээ  онцгой амжилт  гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно.

ҮБХИС-ийн өдрийн ангид суралцагчдыг хичээлийн бус цагаар орлого олоход дэмжлэг үзүүлэх, оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ажиллана. Оюутнуудад цагийн ажлын үргэлжлэх хугацаа нь өдөрт 4 цагаас, долоо хоногт 20 цагаас илүүгүй байна. Хичээлийн жилийн завсарлага буюу зуны амралтын хугацаанд энэхүү хязгаарлалт хамаарахгүй.

“Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-өөс оюутан залуучуудыг цагийн болон түр ажлын байранд тогтмол зуучлах, суралцаж буй мэргэжлийн чиглэлээр дадлагажуулах, төгсөгчдийг ажлын байраар хангах чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажилладаг.

  • Эрдэм шинжилгээний уншлагын танхим

Цагийн хуваарь: Даваа-Баасан 8:30-17:30цаг

Эрдэм шинжилгээний уншилгын танхим нь офицер, багш, судлаачид, докторантур, магистрантуудад хэрэгцээт ном, сурах бичиг, доктор, магистрын ажил болон төсөлт ажлын тайлан, тогтмол хэвлэл зэрэг материалаар үйлчилнэ. Уншигчдад уншлагын танхимаар үйлчлэхдээ уншигчийн үнэмлэхээр үйлчилнэ.

Эрдэм шинжилгээний танхим нь 643 нэр төрлийн 2094ш ном, 89ш докторын ажил, 310ш магистрын ажил, 122ш төсөлт ажлын тайлан байгаагын 40 хувь буюу 182ш материал цахим хэлбэрээр үйлчилгээнд гарч байна.

  • Уншлагын танхим

Цагийн хуваарь: Даваа-Пүрэв 8:00-20:00цаг, Баасан-Бямба гариг 09:00-18:00цаг

Уншигчдад номын сангийн уншлагын танхимаар үйлчлэхдээ уншигчийн үнэмлэх, иргэний үнэмлэхээр үйлчилнэ. Уншигчийн захиалсан ном уншлагын танхимд байхгүй бол архивын болон үндсэн фондоос түр хугацаагаар авч ашиглуулах ба уг ном номын санд огт байхгүй бол шаардлагатай тохиолдолд бусад номын сангаас ном солилцоогоор түр авч зөвхөн уншлагын танхимаар үйлчилнэ.

Уншлагын танхимд 13000 мянга гаруй нэр төрлийн монгол, англи хэл дээр хэвлэгдсэн тогтмол хэвлэлээр үйлчилж байна. Тус уншлагын танхимд нь ҮБХИС болон харьяа хүрээлэнгүүдийн офицер, багш, оюутан, эрдэм шинжилгээний ажилтнуудад нээлттэй үйлчилгээ явуулдаг.

  • Цахим уншлагын танхим

Цагийн хуваарь: Даваа-Баасан 8:30-17:30цаг

Цахим ном сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүнийг ашиглах, интернетийн үйлчилгээг уншигчдад үзүүлэхээс гадна онлайнаар уншигчдад лавлагаа мэдээллийн ажлыг хүргэдэг.

Танхимд оюутнуудад сүүлийн үеийн компьютерууд техник хэрэгсэлээр үнэ төлбөргүй интернетийн үйлчилгээ үзүүлдэг. Гадаадын цахим мэдээллийн сангуудыг ашиглана.

  • Гэрээр ном олгох тасаг

Цагийн хуваарь: Даваа-Пүрэв 8:00-20:00цаг, Баасан-Бямба гариг 09:00-18:00цаг

Ном сурах бичгийг гэрээр олгохдоо тухайн номын тоо ширхэг, эрэлт хэрэгцээг харгалзан үзнэ. Уншигчдад гэрээр ном олгох тасгаар үйлчлэхдээ уншигчийн үнэмлэхийг үндэслэн иргэний үнэмлэхийг барьцаалан нэг удаа 1-3 ном олгоно. 2-5 хувьтай номыг 3 хоногийн, олон хувьтай номыг 7 хоногийн хугацаатай олгох ба тухайн номыг өөр уншигч шаардахгүй нөхцөлд дахин нэг удаа сунгаж үйлчилнэ.

  • Уншигчдад үзүүлэх лавлагаа мэдээллийн үйлчилгээ

Уншигчдад лавлагаа мэдээллийг амаар болон бичгээр, онлайнаар (http://centrallibrary.mndu.gov.mn) өгнө.

Номын сангийн электрон каталоги нь http://202,72,243,131/ хаягаар интернетэд байрладаг бөгөөд ямар ч хvн, хаанаас орж номын хайлт хийх боломжтой. Электрон каталоги болон номын сангийн хэрэгцээнд зориулан өндөр хурд бvхий компьютер, сервер ажиллаж байна. www.elgaronline.com хууль эрх зүй, эдийн засаг, менежмент удирдахуйн ухааны чиглэлийн цахим сан ашигладаг.

ШУТИС, ХААИС, СЭЗИС, Шинэ монгол технологийн коллеж сургуулиудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан баталгаажуулсан. Эдгээр сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байна.

2016-2019 оны хичээлийн жилд ШУТИС-тай Агаар сэлгэлт халаалтын инженер хөтөлбөр, Барилгын архитехтур хөтөлбөр, Барилгын цахилгааны инженер хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн. Эхний 6 оюутан хос дипломтой төгсөж, ЗХ-ний анги салбаруудад ажиллаж байна.

2018-2019 оны хичээлийн жилд ХААИС-ийн Инженер технологи сургуульд Хими технологи хөтөлбөрөөр 4 оюутан суралцаж хос дипломтой төгссөн. СЭЗИС-тай Эдийн засаг, санхүү /нягтлан бодогч/ хөтөлбөрөөр 1+3, 2+2 хөтөлбөрүүдийг байгуулан баталгаажуулж, 2019-2020 оны хичээлийн жилээс хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Шинэ монгол технологийн коллеж хамтарсан хөтөлбөр боловсруулах ажил хийгдэж байна.

ҮБХИС-ийн оюутан, сонсогчдын дунд

д/д Явагдах төрөл Хугацаа Хаана болох
1 Хөнгөн атлетик 10 сар Хөл бөмбөгийн талбай
2 Гар бөмбөг 10 сар Спорт заал
3 Сагсан бөмбөг 10 сар Спорт заал
4 Олс таталт 10 сар Хөл бөмбөгийн талбай
5 Хөл бөмбөг 9 сар Хөл бөмбөгийн талбай
6 Ширээний теннис 1 сар Спорт заал
7 Самбо бөх 11 сар Спорт заал
8 Шатар, 100 буудалт даам 12 сар Спорт заал
9 Гийр өргөлт 3 сар Спорт заал
10 Чөлөөт бөх 3 сар Спорт заал

Монголын оюутны холбооноос зохион байгуулдаг Монголын оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд “Гар бөмбөг”, “Сагсан бөмбөг”, “Гандбол”, “Шатар”,  “Спорт аэробек”, “Ширээний теннис”, “Жудо бөх”, “Чөлөөт бөх”, “Цана”, “Таеквондо”, Явган аялал”, “Модон бөмбөг”, “Хөнгөн атлетик”, “Футзал”, “Усанд сэлэлт” төрлүүдээр оролцоно.

ҮБХИС-ийн оюутнууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг “Цэргийн төв эмнэлэг”-ээс авах боломжтой.

Үзлэг, үйлчилгээний төрөл Хугацаа Хаана болох
1 Эрүүл мэндийн даатгалд хамруулах Жил бүрийн 4-5,    9-10 саруудад ҮБХИС-ийн Хичээлийн байруудад
2 Цус бэлэглэх аян Жил бүрийн           3 ба 11 саруудад ҮБХИС-ийн Хичээлийн байруудад
3 Эрүүл мэндийн анхан шатны үзлэг, сургалт лекц Хичээлийн жилийн турш ҮБХИС-ийн Хичээлийн байруудад

Суралцахын зэрэгцээ оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд туслах зорилготой шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, техник, урлаг, спортын 21 клуб, дугуйлан хичээллэж байна. Оюутан нь өөрийн сонирхлын дагуу дээрх клуб, дугуйлан, сайн дурын үйл ажиллагаанд оролцох боломжтойгоос гадна та өөрөө шинээр клуб дугуйланг ажиллуулах боломжтой. ҮБХИС-д “Жудо самбо бөх”, “Үндэсний сур”, “Цана”, “Чөлөөт бөх”, “Олс таталт”, “Гандбол”, “Модон бөмбөг”, “Хөнгөн атлетик”, “Рагби”, “Үндэсний бөх”, “Волейбол”, “Сагсан бөмбөг”, “Цэрэгжлийн гимнастик”, “Удирдагч”, “Давах цаг”, “Аэронавадик”, “Зэвсэг”,  “Хөгжил”, “Account financier reign AFR”, “Аравт”, “Сонсогч оюутан инженер” зэрэг клубууд үйл ажиллагаа явуулж байна.