ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН 99 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган байгууллага Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Цэргийн эрдмийн ариун өргөө Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн түүхт 99 жилийн ойг тохиолдуулан сургуулийн хөгжил дэвшилд авьяас билэг, хүч чадлаа зориулсан үе үеийн ахмадууд болон эрдэмтэн багш нар, ажилтан албан хаагч, сонсогч, сурагч, оюутан та бүхэнд төрөлх сургуулийн тань түүхт их ойн баярын дайчин цогтой халуун мэндчилгээг дэвшүүлье.

Тус сургууль үүсэн байгуулагдсан цагаасаа Монгол Улсад үндэсний боловсролын суурийг тавих, эх оронч үзэл, эрдэм боловсрол, соёлыг түгээн дэлгэрүүлэх, бие бялдарын өв тэгш хүмүүжилтэй иргэдийг төрүүлэн гаргахад ихээхэн үүрэг, хариуцлагыг хүлээсээр ирсэн.

ҮБХИС-ийн үе үеийн төгсөгчид нь эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхийг баталгаажуулахын төлөө дайн байлдааны шуурган галд ч, энхийн бүтээн байгуулалтын үйлсэд ч, Монгол эх орон, Зэвсэгт хүчнийхээ алдар сууг ертөнцийн чихнээ дуурсгасан НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд ч ямагт үлгэрлэн дагуулагчид, манлайлагчид нь байсаар ирсэн бөгөөд жинхэнэ эх орончид болохыг монголын ард түмэн мэднэ.

Тус их сургуулийн эрдэмтэн багш, судлаачдын бүтээл туурвил, судалгаа шинжилгээний ажил нь батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний байгуулалтын онол, арга зүйн чухал үндэслэл нь болж байдгийг онцлон тэмдэглэж байна.

ҮБХИС Монголын залуучуудын эх оронч үзэл, хүмүүжил тэсвэр хатуужил, иргэний төлөвшлийн сургууль байсан, тийм ч байх болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Цаашид ч Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилтыг хангахын тулд шинэ мэдлэгийг бүтээж, түгээн дэлгэрүүлэх, инновац, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий судалгааны их сургууль болон өргөжиж, Монгол Улсын хөгжил, цэцэглэлт, Зэвсэгт хүчний шинэчлэлийн үйл хэрэгт ҮБХИС-ийн эрдмийн хамт олон манлайлах үүрэгтэй оролцоно гэдэгт итгэл төгс байна.

Ингээд та бүхэндээ төрөлх сургуулийнхаа яруу алдарт 99 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг Их сургуулийн Захиргааны зөвлөл, эрдэмтэн багш, ажилтан алба хаагч, суралцагчдынхаа нэрийн өмнөөс өргөн дэвшүүлж байна.

Та Бидний эрдэм номын өргөө оюун мэдлэгээр баяжин, Монгол цэргийн сүр жавхаа үеийн үед мандан бадрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ

ПРОФЕССОР, БРИГАДЫН ГЕНЕРАЛ  П.ЖАРГАЛАН