ОХУ-ЫН ЦЭРГИЙН СУРГУУЛЬД СУРАЛЦАХ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ҮДЭН ГАРГАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Өнөөдөр ОХУ-ын цэргийн академи, их дээд сургуульд суралцах эхний ээлжийн бие бүрэлдэхүүнийг үдэн гаргах арга хэмжээ ҮБХИС-д боллоо.

Тус арга хэмжээнд БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа С.Ванчинхүү, ХШҮДАГ-ын дарга, хурандаа  Б.Эрхэмбаяр, ҮБХИС-ийн сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал, хурандаа Ө.Эрдэнэ-Очир нарын зочид оролцлоо.

Арга хэмжээнд суралцагчдын эцэг, эхийг төлөөлж, ҮБХИС-ийн сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал, хурандаа Ө.Эрдэнэ-Очир үг хэлж, суралцагчдад сурлагын амжилт хүсч, ЦДБЭЧ-ын уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Дараа нь БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа С.Ванчинхүү суралцагчдад хандан үг хэлсэн юм.Тэрээр хэлсэн үгэндээ: “Дэлхий нийтэд тархаад буй коронавируст цар тахлын улмаас та бүхнийг суралцуулахаар илгээх ажиллагаа удаа дараа хойшлогдож, хичээл, сургалтаасаа хоцроод 1 жил 4 сар өнгөрч байна.Та бүхний сурч байгаа сургуульд ямар хүнд, хэцүү нөхцөл байдал хүлээж байгааг та бүхэн сайн мэдэж байгаа.Иймд суралцагч бүхэн анги дэвших шалгалт болон хичээл, сургалтынхаа хоцрогдлыг богино хугацаанд амжилттай нөхөж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, сахилга бат, сурлагаар бусдыгаа манлайлж суралцахыг үүрэг болгож байна” гэв. Эцэст нь “Эрүүл мэнд эрхэм баян” гэдэг үгийг ёсчлон биелүүлж, коронавируст цар тахлын хүнд нөхцөлд өөрийн болон нөхрийнхөө биеийн эрүүл мэндэд тогтмол анхаарч, халдвар хамгааллаа сайтар сахиж, хичээл сургалтадаа шамдан суралцахыг хүсэн ерөөн үдэлтийн арга хэмжээ өндөрлөж, ОХУ-ын цэргийн академи, их дээд сургуульд суралцах эхний ээлжийн бие бүрэлдэхүүн ОХУ-ыг зорихоор аян замдаа мордсон юм.

Монгол Улс ОХУ-ын Батлан хамгаалах салбарын харилцаа нь тэртээ 20-р зуунаас эхэлж, хуучнаар ЗХУ-д цэргийн мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэж ирсэн арвин түүхтэй бөгөөд 2007 оноос эхлэн ОХУ-ын цэргийн академи, их дээд сургуульд жил бүр 50-100 орчим цэргийн албан хаагчийг суралцуулахаар илгээж, өнөөдрийн байдлаар Батлан хамгаалахын сайдын тушаалаар Зэвсэгт хүчин, Төрийн цэргийн байгууллагын төлөөлөл болох 340 гаруй цэргийн алба хаагчийг ОХУ-ын 14 хотод 30 гаруй цэргийн мэргэжлээр суралцуулан бэлтгэж байгаа аж.