Эх орноо батлан хамгаалах эрхэм хүндтэй үйл хэргийг гардан хэрэгжүүлэгч үндэсний шилдэг сэхээтнүүд, цэргийн гарамгай жанжид, чадварлаг мэргэжилтнүүд, үе үеийн эх орончдыг сургаж бэлтгэсэн 100 жилийн баялаг түүхтэй Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн удирдлага, эрдэмтэн докторууд, хүндэт профессорууд, эрдэм шинжилгээний ажилтнууд, багш судлаачид Та бүхэндээ Дэлхийн багш нарын болон Монголын багш нарын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Төв азийн тэгш өндөрлөгт хэдэн зуун мянган жилээр оршин аж төрөхдөө Монголчууд эрдэм мэдлэгийг эрхэмлэн хүндэтгэж, түүнд төгсөрсөн билэг оюун төгөлдөр хүмүүнийг ямагт хүндэтгэн дээдэлж, түүнийг агуулан түгээгч бичиг шастирыг алт эрдэнэ, торго дурдан зэрэг аль тансаг тэргүүтнээр баринтаглан хадгалж, үеийн үедээ өв уламжлуулан нандигнаж ирсэн ард түмэн билээ.
Байгаль, нийгмийн тоо томшгүй олон ухааны язгуур үндэс, мөн чанарыг монголчууд эртнээс нааш судалж, танин мэдэж, үйл ажиллагаандаа үр дүнтэйгээр хэрэглэж ирсэн нь мэдлэг гэдэг бол зөвхөн мэдэхийн нэр биш, түүнийгээ ашиглаж, үр шимийг нь зөв хүртэхийн нэр гэдгийг ухаарсны баталгаа юм.
Монголчуудын үр хүүхдээ хүмүүжүүлж, боловсруулж ирсэн өвөрмөц нэгэн арга барил бол гэрийн боловсролын тогтолцоо юм. Улс гэрийнхээ төрийг засаж, гадаад ертөнцтэй оновчтой харилцаж, төр, улсаа үеийн үед төвшитгөж ирсэн олон хаад, ноёд, цэргийн жанжид, түшмэдүүд бүгд л гэрийн боловсрол эзэмшиж, алсыг харсан төрийн хүний холч мэргэн ухаанд төгс боловсорсон олон жишээг бид мэднэ.
Энэ мэт үндэснийхээ дэвшилтэт үзэл санаа, сургаал, өвөрмөц онцлогийг сургалт, хүмүүжлийнхээ үйл ажиллагааны үндэс суурь болгож, түүнд суурилсан орчин үеийн сургалтын технологи, арга зүйг ул суурьтай нэвтрүүлэхийг эрмэлзэх нь Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн багш хэмээн хүндэтгэн дуудуулах Таны үйл ажиллагааны эрхэм чухал үнэт зүйл байх учиртай.
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн багш судлаачид, суралцагчдын сургалт, эрдэм шинжилгээ, инновацын гүйцэтгэл, тэдгээрийн үр дүнд тодорхой ахиц дэвшил гарч, аюулгүй байдал, батлан хамгаалах судлалаар үндэсний хэмжээнд тэргүүлэх, бүс нутагтаа өрсөлдөх чадвартай болох эрхэм зорилго, стратегийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд ихээхэн амжилт гаргаж байгаад Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн өмнөөс болон хувиасаа талархаж байгаагаа илэрхийлэхэд таатай байна.
Домог түүхтэй их сургуулийнхаа үе үеийн эрдэмтэн, багш, сурган хүмүүжүүлэгч Та бүхэндээ багш нарын өдрийн баярын мэндийг дахин дэвшүүлж, сургалт, эрдэм шинжилгээ, хүмүүжлийн ариун үйлсэд нь их амжилтыг хүсэн ерөөе.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР