МЭНДЧИЛГЭЭ

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэн, багш, судлаач, эрхэм генерал, офицер, ахлагч, ажилтан албан хаагч, сонсогч, сурагч, түрүүч, байлдагч, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, нийт төгсөгчид Та бүхэнд тус сургуулийн нэгэн зууны түүхт ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Түүх сөхвөөс Ардын түр Засгийн газар, Намын Төв хорооны 1921 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хамтарсан хурлаас цэргийн байгуулалтын асуудлыг хэлэлцэж гаргасан тогтоолд “ … цэргийн сургууль нээн монгол цэргүүдээс ухаан сэргэлэнг цэргийн сургуульд боловсруулж, сургагч дарга нарыг сурган гаргаж авбаас зохино” хэмээн заасан нь манай улсад анхны цэргийн сургуулийг байгуулах албан ёсны шийдвэр байсан ба 1921 оны 10 дугаар сарын 15-ны өдөр анхны хичээлээ эхлүүлсэн түүхтэй.

Ийнхүү жанжин Д.Сүхбаатарын шууд удирдлага, санаачилгаар байгуулагдсан Ардын цэргийн даргын сургууль нь үндэсний цэргийн мэргэжилтнийг бэлтгэх үндэс суурийг тавьсан бол Бүх цэргийн ерөнхий сургууль нь Ардын журамт цэргийг байнгын цэрэг болгон хөгжихөд ихээхэн хувь нэмэр оруулжээ. Улмаар Цэргийн ерөнхий сургууль болж Монгол Ардын Хувьсгалт Цэргийн даргалах бүрэлдэхүүнийг сургах, давтан бэлтгэх гол уурхай нь болсны зэрэгцээ суралцагсдыг зөвхөн цэргийн эрдэмд сургаад зогсохгүй, эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын бүхий л салбарт ажиллахаар бэлтгэснээрээ онцлогтой байлаа.

Энэ хугацаанд тус сургуулийн удирдлага, төгсөгчид нь 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт Цэргийн даргалах бүрэлдэхүүний цөмийг бүрдүүлж, гарамгай гавьяа байгуулсныг түүх мартах учиргүй.

Орчин цагийн Зэвсэгт хүчний хөгжил, нийгмийн өөрчлөлттэй уялдуулан Цэргийн ерөнхий дээд сургууль, Цэргийн нэгдсэн дээд сургууль, Цэргийн их сургууль, Батлан хамгаалахын их сургууль болж өргөжин хөгжиж, Зэвсэгт хүчний хэрэгцээ, шаардлагад нийцсэн олон зуун офицер, ахлагчийг бэлтгэж, дэвшүүлсэн зорилго, зорилтуудаа амжилттай биелүүлсээр ирсэн бөгөөд Монгол Улсын боловсролын тогтолцоонд нэн чухал байр суурийг эзлэн үндэсний хэмжээний сургалт, судалгааны төв болж өргөжсөнийг манай улсын төр, засаг, цэргийн дээд командлал, иргэд өндрөөр үнэлдэг юм.

Өдгөө энэхүү сургуулийг төгсөгчид нь Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний төдийгүй төрийн цэргийн байгууллагуудын хүний нөөцийн гол цөмийг бүрдүүлж, улс орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, энхийг дэмжих ажиллагаанд идэвх зүтгэлтэй оролцож, цэргийн шинэчлэлийг эрчимжүүлэх, эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэх, ирээдүй хойч үеийг цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлээр төлөвшүүлэх үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр, гавьяа зүтгэл гаргаж буйг баярын энэ өдөр онцлон тэмдэглэе.

Цаашид нэгэн зууны гараан дээр төрөлх сургуулийнхаа түүх, дайчин уламжлалаа баяжуулан, эрдэм шинжилгээ, сургалтын чанараар өөрийн эх орондоо төдийгүй олон улсад манлайлан өрсөлдөх, хөрвөх чадвартай чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий сургалтын хэрэгслээр материаллаг баазаа бэхжүүлэх, бие бүрэлдэхүүний ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах чиглэлээр улам бүр идэвх санаачилгатай ажиллана гэдэгт итгэл төгс байна.

Энэхүү түүхт 100 жилийн ойг тохиолдуулан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, тус сургуульд ажиллаж байсан болон өдгөө ажиллаж буй генерал, офицер, ахлагч, ажилчин албан хаагч, сонсогч, сурагч, түрүүч байлдагч нарт дахин баярын мэндийг дэвшүүлж, ажлын арвин их амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе.

Монгол цэргийн яруу алдар, сүр хүч, сүлд хийморь мандан бадрах болтугай!

 

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА,

ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ