“ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ – ХҮМҮҮЖИЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол цэргийн нэгдсэн холбооноос хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, үндэсний бахархалыг төлөвшүүлэх зорилгоор ҮБХИС-ын харьяа “Тэмүүжин өрлөг”, Цэргийн нэгдсэн сургууль, Аюулгүй байдлын сургууль, ДХИС-ийн Ахлах сургууль, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 53, 68 дугаар дунд сургуулийн оюутан, сурагчдыг хамруулсан “Эх оронч үзэл-хүмүүжил” сэдэвт сургалтыг зохион байгуулав.
Сургалтын арга хэмжээнд Монгол цэргийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавьяат багш, доктор профессор Б.Галиндэв, Ж.Ванчинсүрэн, Phдоктор, профессор Ч.Сосорбарам, Ажлын албаны зөвлөх Д.Ганбаатар, ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэл хариуцсан тэргүүн дэд захирал, хурандаа Б.Өлзийхуяг, “Тэмүүжин өрлөг” сургуулийн захирал, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ нар оролцож, “Иргэдэд эх оронч үзэл-хүмүүжлийг төлөвшүүлэх нь”, “Өсвөр үе-эх оронч үзэл”, “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл- хүмүүжлийг төлөвшүүлэхэд “Тэмүүжин өрлөг” сургуулийн оролцоо” зэрэг сэдвүүдээр лекц уншиж, оюутан сурагчдын сонирхсон асуултад хариулж, санал бодлоо солилцов.
Оюутан сурагчдыг төлөөлж “Тэмүүжин өрлөг” сургуулийн 11а бүлгийн сурагч Б.Алдархишиг үг хэлж, энэхүү сургалтаар олж авсан мэдлэгээ бусдад түгээх,хүүхэд залуучуудад эх оронч үзэл, үндэсний бахархалыг төлөвшүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг үе тэнгийнхэндээ хандаж уриалав.
Энэхүү сургалт нь Монгол улсын ирээдүй болсон хүүхэд залуучуудыг соён гэгээрүүлсэн, тэдэнд амьдрах, сурч боловсрох ухааныг нээсэн, эх оронч үзэл, хандлагыг суулгасан, эх орон, үндэсний үнэт зүйлсээрээ бахархах сэтгэлтэй иргэнийг бий болгоход чиглэсэн чухал үр дүнтэй арга хэмжээ боллоо.