Монгол Улсын Их хурал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооноос санаачилсан “Монголоо мандуулъя” аяны уриалга, ивээл дор Соён гэгээрүүлэгч телевизээс хамтран зохион байгуулсан “Нийгмийг соён гэгээрүүлэхэд боловсрол, хүмүүжлийн ач холбогдол, шийдэл гарц” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд МУИС, ХААИС, ШУТИС, МУБИС, ҮБХИС, БСШУЯ, ШУА гэх мэт 38 байгууллага оролцлоо.
Монгол хүний онцлогт тохирсон, ард түмнийхээ уламжлалт үнэт зүйлийг цөмөө болгосон, өөрсдөө бүтээж, өөрийн хөрсөндөө суулгаж, ургуулж, бойжуулсан монгол иргэнийг хүмүүжүүлэн төлөвшүүлж дэлхийн түвшний соёл, боловсролыг эзэмшүүлэх монгол боловсролын тогтолцоотой болох явдал тулгамдсан зорилт болж байгаа билээ.
Нийгмийг соён гэгээрүүлэхэд боловсролын ёс зүй, шинэ үеийнхэний танин мэдэхүй, онцлогыг хэрхэн харгалзан үзэх, цахим болон танхимын боловсрол, ирээдүйн ур чадвар, боловсролын философи, мэдлэгийн хэрэглээ-инновац, их дээд сургуулиуд үйлдвэрлэсэн мэдлэгээ нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдэхэд хэрэглэх, боловсролын хөрөнгө оруулалтын үр ашиг, өгөөж зэрэг асуудлыг ЭШХ-аар хэлэлцлээ.
ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэл хариуцсан захирал, доктор (Sc.D), профессор, хурандаа Б.Өлзийхуяг “Ард иргэдээ боловсролоор дамжуулан соён гэгээрүүлэх боломж, шийдэл” гэсэн илтгэлийг амжилттай хэлэлцүүлсэн юм. Тэрээр нийгмийн тогтвортой хөгжил дэвшлийн үндэс нь хүний хөгжил, төлөвшил. Хүнийг хөгжүүлэх “боловсрол” цөмт загвар нь эх орон, үндэсний үнэт зүйлсээ тэргүүн зэрэгт тавьж, түүнийг өмгөөлөн хамгаалах ухамсар, санаачилгатай монгол хүнийг үе шаттайгаар төлөвшүүлэн бэлтгэх, хүн өөрийнхөө амьдралын утга учрыг өөрөө олж авдаг гэсэн үзэл санаануудыг дэвшүүлэн гаргав. Мөн хүмүүнлэг чанар төлөвшсөн, түүнийгээ амьдрал, үйл ажиллагаанд баримталдаг, үндэсний үнэт зүйлийн чиг баримжаатай, боловсролтой иргэдийг нийгэмд төлөвшүүлэн бэлтгэснээр үндэсний аюулгүй байдлыг хангана гэдгийг илэрхийлжээ.
“Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хууль”, “Боловсролын ерөнхий хууль” зэргийг боловсруулахад чухал ач холбогдолтой хурал болсон байна.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ ИННОВАЦЫН ХЭЛТЭС