Монгол Улсад шинэ цагийн боловсрол, соён гэгээрүүлэх их үйлсийг эхлүүлсэн нэгэн зууны түүхэн замналтай Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгч, Та бүхэндээ “Монголын багш нарын өдөр”-ийн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Монголчууд бид эрдэм ном эрхэм баян хэмээж, багшаа хүндлэн дээдэлж, багш, шавийн барилдлагыг дээдэлдэг нандин уламжлалтай ард түмэн билээ.
Эх орноо батлан хамгаалах ирээдүй хойч үеийг мэдлэг, боловсролтой төдийгүй эрүүл чийрэг бие бялдартай, зөв ёс суртахуун, хүмүүжил, төлөвшилтэй, эх оронч, үндэсний бахархалтай болгон хөгжүүлэх үйлсэд эрдэм мэдлэг, авьяас чадвар, хүч чадлаа дайчлан ажиллаж байгаа Та бүхнээрээ бид ямагт бахархаж байдаг юм.
Монгол Улсын төр засгаас их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцоо, инновацын менежментийг нутагшуулах, эрдэм шинжилгээ, боловсрол, сургалтын агуулга, арга зүйг олон улсын жишигт хүргэх, судалгааны болон судалгаанд суурилсан их сургууль болгон хөгжүүлэх бодлогыг баримталж байна.
Улс орны тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хангахад шаардлагатай батлан хамгаалах чадавхыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрдэм шинжилгээ, хүний хөгжлийн орчин үеийн цогц орчинг үе шаттайгаар хөгжүүлж, олон улсын нийтлэг жишигт ойртсон судалгаанд суурилсан их сургууль болох эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд багш, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн судлаачдын гүйцэтгэх үүрэг чухал юм.
Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд тус сургуулийн сургалтын үйл ажиллагааг явуулахад нэн шаардлагатай “Үндэсний аюулгүй байдлыг хангах мэргэжлийн чиглэлээр дээд боловсролын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зөвхөн цэрэг, цагдаагийн сургалттай төрийн өмчийн их, дээд сургуульд олгох”, “Цэрэг, цагдаагийн их сургууль нь ерөнхий боловсролын дунд сургуультай байж болох” зэрэг олон чухал эрх зүйн зохицуулалтыг тусгуулахаар ажиллаж байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр тус сургуулийн бүтцэд “Цэргийн хөгжмийн коллеж”, “Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв”-ийн статусыг баталгаажуулж, Цэргийн нэгдсэн дээд сургуулийн сургалтыг 4 жилийн тогтолцоонд шилжүүлэх тухай шийдвэрийг гаргалаа.
ҮБХИС-ийн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд “Кибер аюулгүй байдлын сургалтын төв”-ийг шинээр байгуулж, “Төв номын сан”-гийн шинэ барилгыг ашиглалтад хүлээн аваад байгаа бөгөөд цаашид “Нэгдсэн лаборатори”, “Алба хаагчдын хүүхдийн цэцэрлэг”, “Оюутны дотуур байр”, “Жагсаалын талбайн шинэчлэлт” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Цаашид боловсролын эрх зүйн орчны шинэчлэлийг хэрэгжүүлэх, их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, туршилт, судалгаа явуулах нөхцөлийг сайжруулах, шинэ шатанд гаргах, чанарыг ахиулах, багш, эрдэмтэн, судлаачдын нийгмийн баталгааг дээшлүүлэхэд анхаарал хандуулах болно.
Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид Та бүхэндээ соён гэгээрүүлэхүйн их үйлсэд тань амжилт хүсэж, сайн сайхан бүхнийг ерөөе.
Эрхэм баян-Эрдэм ном дэлгэрэх болтугай!