МЭНДЧИЛГЭЭ

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн боловсролын үйл хэрэгт эрдэм мэдлэг, авьяас чадвар, бие сэтгэлээ зориулсан ахмад үеийн болон одоо ажиллаж байгаа нийт эрдэмтэн багш нартаа Дэлхийн багш нарын 28, Монголын багш нарын 56 дахь өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

ҮБХИС-ийн эрдэмтэн багш та бүхэн эрдэм мэдлэг, оюун санаагаа дайчлан Монгол Улсаа батлан хамгаалах боловсон хүчин бэлтгэхэд зориулж Монгол Улс, Батлан хамгаалах салбарын түүчээ болсон манлайлагч нарыг бэлтгэх нөр их үйлсийг бахдам амжилттайгаар биелүүлсээр явааг онцлон тэмдэглэе.

Монгол Улсын боловсролын ууган байгууллага Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургууль нь сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний үйл ажиллагаагаа явуулсаар даруй 101 жилийн ойгоо угтаж байгаа билээ.

ҮБХИС-ийн эрдмийн хамт олон сургуулийн хөгжлийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсан бакалаврын хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлэх, эрдмийн зэрэгтэй, судлаач эрдэмтэн багш нарынхаа тоог ахиулах, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын чиглэлээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, эрдэмтэн багш нарын бүтээл, эрдэм шинжилгээний өгүүллийг олон улсын сэтгүүлд хэвлүүлэх, тэдгээрийн тоог нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын ажлыг хөгжүүлж, дээшлүүлэх замаар бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдөх шилдэг сургууль, улмаар судалгааны их сургууль болох зорилтоо биелүүлэхийн төлөө хамтдаа хичээн зүтгэж байна.

Улсын их хурлын намрын чуулганаар хэлэлцэгдэх Боловсролын багц хуульд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд 9 санал холбогдох байгууллагад хүргүүлсэн бөгөөд дэмжигдэн батлагдана гэдэгт найдаж байна.

Сургах ба суралцах үйл явцыг дэлхийн тэргүүлэх түвшинд хүргэхээр эзэмших ёстой мэдлэг, чадвар, чадамж, мөн зөв хандлагыг төлөвшүүлэхээр цэргийн мэргэжлийн дөрвөн жилийн бакалаврын хөтөлбөрийг боловсруулж, 2022-2023 оны хичээлийн жилээс анхны элсэлтээ авч хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг улам боловсронгуй болгож, хөгжүүлэн дахин мөрдлөг болгон хэвшүүлэх  ёстойг тэмдэглэх нь зүйтэй.

Үүнээс гадна бидний өмнө хүлээгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлууд байгаа бөгөөд дурдвал “Нэгдсэн лаборатори”, “Оюутны дотуур байр”, “Багш, ажилчдын хүүхдийн цэцэрлэг” шат дараатайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Та бүхэндээ “Монголын багш нарын өдөр”-ийн халуун мэндийг дахин дэвшүүлж, сургалт, эрдэм судлалын эрхэм чухал, энэрэнгүй ариун үйлсдээ урьдын адил үнэн сэтгэлээ зориулж, ёс зүйг эрхэмлэн сахиж, мэдлэг ур чадвараа байнга сайжруулан хөгжүүлж амжилтын шинэ оргилд гарахын ерөөлийг өргөж, ажилд тань арвин их амжилт, амьдралд тань эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

ҮБХИС-ийн захирал профессор, бригадын генерал П.Жаргалан