“ШИНЖЛЭХ УХААНЫ ТАНИН МЭДЭХҮЙН АРГА СУДЛАЛ” ШИНЭ НОМ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ЯВАГДЛАА

Шинжлэх ухааны доктор, профессор, хурандаа Б.Өлзийхуяг, доктор (Ph.D), профессор Т.Намсрай нарын тууривсан “Шинжлэх ухааны танин мэдэхүйн арга судлал”  шинэ ном танилцуулах уулзалтыг амжилттай зохион байгуулж явууллаа.

Орчин үеийн дэлхий ертөнцөд даяаршсан эрчимтэй өөрчлөлт явагдаж, аливаа улс орны хөгжлийн ирээдүйг оюуны болон технологийн чадавх, судалгаа шинжилгээний ажлын үр дүн, инновацын үйл ажиллагаагаар тодорхойлох болжээ. Сүүлийн үед Монголын эрдэмтэд, түүний дотор залуу судлаачид судалгааныхаа үр дүнгээ олон улсын чансаа өндөртэй сэтгүүлд нийтлүүлэх, бусад улс орнуудын эрдэмтэн, судлаачидтай хамтарсан судалгаанд оролцож, тэдний арга туршлагаас суралцаж бүтээл туурвиж байгаа нь нэн сайшаалтай юм. Гэвч шинжлэх ухааны ажилтны заримд нь онолын мэдлэг дутагдаж байхад, нөгөө заримд нь суурь мэдлэгтэй хэдий ч, судалгааны арга барил дутагддаг.

Зохиогчид нь энэ төрлийн хэрэглэгчдэд зориулсан 28х.х бүтээлийг туурвижээ. Уг бүтээл нь өмнөх үг, удиртгал, 14 бүлэг, дүгнэлт, ном зүй гэсэн бүтэцтэй. Номын нэгдүгээр бүлэгт, шинжлэх ухааны тухай ойлголт ба шинэ мэдлэг бий болгох тухай хоёрдугаар бүлэгт, шинжлэх ухааны асуудал судалгааны анхдагч эхлэл болох тухай гуравдугаар бүлэгт, шинжлэх ухааны судалгааны эмпирик аргын тухай дөрөвдүгээр бүлэгт, шинжлэх ухааны судалгааны онолын аргын тухай тавдугаар бүлэгт, онол шинжлэх ухааны мэдлэгийн онцгой хэлбэр болох тухай зургаадугаар бүлэгт, шинжлэх ухааны арга зүйд таамаглал-дедукцийн үүрэг, ач холбогдлын тухай долоодугаар бүлэгт, абдукц нь шинжлэх ухааны таамаглал хайх өвөрмөц арга болох тухай наймдугаар бүлэгт, системийн шинжилгээний аргууд ба синергетикийн тухай есдүгээр бүлэгт, нийгмийн судалгааны зүй тогтол ба парадигмын тухай аравдугаар бүлэгт, хүмүүнлэгийн судалгааны аргазүйн үндсийн тухай арваннэгдүгээр бүлэгт, цэргийн ухааны судалгааны онцлогийн тухай арванхоёрдугаар бүлэгт, аюулгүй байдлын судалгааны асуудлын тухай арвангуравдугаар бүлэгт, эдийн засгийн судалгааны арга зүйн үндсийн тухай арвандөрөвдүгээр бүлэгт, диссертац боловсруулалтын аргачлалын тухай материалыг тус тус багтаан оруулсан байна.

Энэхүү бүтээл нь өмнө гарсан номноос ялгагдах хэд хэдэн онцлогтой. Үүнд:

  1. Бүтээлийн тухайд шинжлэх ухааны судалгааны арга ба арга зүйн тухай ерөнхий ойлголт, судалгааны эмпирик ба онолын арга, шинжлэх ухааны онол, синергетик ухаан, таамаглал-дедукцийн арга, абдукцийн хэлцэмжийн арга, системийн шинжилгээний арга, эдийн засгийн судалгааны арга, нийгмийн судалгааны арга, хүмүүнлэгийн судалгааны арга, цэргийн хэрэг, аюулгүй байдал судлалын судалгааны онцлогийн тухай асуудлыг багтааснаар цогц шинжтэй болсон.
  2. Шинжлэх ухааны танин мэдэхүйн хууль, онол, үзэл баримтлал, төсөөлөл ба таамаглалын олон ухагдахууныг жишээн дээр тайлбарлаж тусгасан нь ойлгомжтой, арга зүйн ач холбогдолтой болжээ.
  3. Бүтээлийг туурвихдаа шинжлэх ухааны тухайн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй эрдэмтэн, судлаачдын (голчлон барууны улс орнуудын) ном бүтээлийг өргөн ашиглаж, ишлэл авсан нь номын агуулгын үнэмшилт байдлыг илтгэн харуулж байна.
  4. Бүтээлд олон улсын шинжтэй нийтлэг хэрэглэдэг нэр томъёонд (голчлон латин ба грек хэлнээс гаралтай) лавлагаа тайлбар хийж өгсөн нь тухайн үгний утга санаа буюу учир холбогдлыг тайлж ойлгоход дөхөмтэй болсон.
  5. Зохиогчид өөрсдийнхөө бүтээлд өнөөгийн шинжлэх ухааны хөгжлийн түүчээ болсон абдукцийн хэлцлийн арга, таамаглал дедукцийн арга, синергетик хандлага зэрэг ойлголтыг оруулж өгсөн нь манай судлаачид тэдгээр чиглэлийг цаашид нарийвчлан авч үзэж, судалгааныхаа ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд дэм болохоор болсон байна.

Уг бүтээлд шинжлэх ухааны танин мэдэхүйн арга зүй ба аргын талаарх бидний мэддэг болон хэрэглээнд ороогүй хэд хэдэн чиглэлийн сэдвийг хөндөж тавьсан нь үнэ цэнэтэй, ач холбогдолтой юм.

Энэхүү ном нь эрдэм шинжилгээний ажилтан, ялангуяа аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын залуу судлаачдад танин мэдэхүйн зохих мэдлэг, шинэ санаа төрүүлэхүйц ач тустай бүтээл болсон бөгөөд уг бүтээлийг их, дээд сургуулийн докторонтур ба магистрантурын сургалтад ашиглах боломжтой.

Дунд үеийн болон залуу эрдэмтэн судлаачдад шинжлэх ухааны доктор, профессор, хурандаа Б.Өлзийхуяг үлгэрлэн манлайлж, шинэ номын дээжээс өргөн барихын зэрэгцээ тэдэнд эрдэм судлалын ажил бүтээн туурвих үүрэг давхар өгч буй нь шинэ ном танилцуулах уулзалтын нэгэн онцлог болон илэрхийлэгдлээ.

Эрдэм шинжилгээ, инновацын хэлтэс