ДАЙЧИД ЭР ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЛӨӨ

Сүхбаатарын ба Байлдааны болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт ҮБХИС-ийн Харуул үйлчилгээний ротод 2022 оны хоёрдугаар ээлжээр татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчид Цэргийн тангаргаа өргөлөө. Гадаа хүйтний эрч чангарч жихүүн байсан хэдий ч тусгаар улсаа тунхагласан түүхт өдөр эр цэргийн тангаргаа өргөж байгаа дайчдын сэтгэл халуун байлаа.
Ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, БХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга хурандаа Н.Пүрэвдорж, ҮБХИС-ийн захирал бригадын генерал П.Жаргалан болон ҮБХИС-ийн удирдлага бие бүрэлдэхүүн, сонсогчид, ХЦАХ-дын гэр бүлийн төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар хэлсэн үгэндээ Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж эх орноо батлан хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй та бүхэн бол бид бүхний бахархал гэж онцлоод Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталж, үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан энэхүү билэгт сайн өдөр тангараг өргөж байгаа эх орны эр цэргүүддээ хувиасаа болон Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс баяр хүргэсэн юм.
Үргэлжлүүлэн дайчдын ар гэрийг төлөөлж байлдагч М.Хосбаярын аав Ж.Мөнхбат үг хэлсэн юм. Тэрээр “Тус ангид хугацаат цэргийн албанд татагдан ирж албаа нэр төртэй хааж буй дайчдын тангараг өргөх ажиллагаанд оролцож үг хэлэх боломж олдсонд баяртай байна. Бид бүхэн Монгол Улсын эртний түүх соёл, эх орныхоо төлөө халуун амиа өргөсөн эцэг, өвгөд, эрэлхэг баатруудын түүхэн гавьяаг үеийн үед санан дурсах учиртай. Эх орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалах тангараг өргөхөөр жигдрэн зогсож буй залуучууддаа цэргийн эрдэмд шамдан суралцаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгээрэй” гэлээ.
Тангараг өргөсөн дайчдыг төлөөлж байлдагч Б.Үүрцайх үг хэлсэн юм. Тэрээр “Зэвсэгт хүчний 029 дүгээр ангид иргэний журамт үүргээ биелүүлэхээр өөрийн хүсэлтээр татагдан ирж алба хааж буйдаа маш их баяртай байна. Цэргийн албанд ирээд цэргийн эрдэмд шамдан суралцаж, захирагч, дарга нарын өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь алдаа, мадаггүй биелүүлж сурлаа. Цаашдаа миний биш бидний гэсэн үзэл төлөвшилд суралцаж нийтэч нөхөрсөг, хөдөлмөрч хичээнгүйгээр албаа хаана гэдэгтээ итгэл дүүрэн байна. Хамтран алба хааж буй он жавууд бидний баяр дээр баяр нэмэхээр хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид, гэр бүлдээ эрүүл энх, саруул, сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол цэргийн яруу алдар үеийн үед мандан бадраг” хэмээлээ.
Мөн энэ үеэр Батлан хамгаалах болон боловсролын салбарт он удаан жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан ажилтан, алба хаагчдыг улс тунхагласны 98 жилийг тохиолдуулан салбарын шагналаар шагнаж урамшууллаа.
Дайчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа өндөрлөсний дараагаар ар гэрийн төлөөлөл байлдагчдын урлагийн тоглолт, 32 бөхийн барилдааныг үзэж сонирхсон юм.
Ө.НАСАНТОГТОХ