ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ХАМТ ОЛОН 2022 ОНД ТӨЛӨВЛӨСӨН АЖЛАА ДҮГНЭЖ ИРЭХ ОНЫ ЗОРИЛГО, ЗОРИЛТОО ТОДОРХОЙЛЛОО

Үндэсний батлан хамгаалахын Их сургуулийн эрдмийн хамт олон сургуулийнхаа урт, дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд тулгуурлан  төлөвлөсөн 2022 оны зорилго, зорилтуудаа нэгдсэн удирдлага, хамт олны идэвхитэй оролцоотойгоор 97,7 хувийн гүйцэтгэлтэйгээр хэрэгжүүлсэн, мөн тайлангийн хугацаанд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Монгол цэргийн өдөр- Зэвсэгт хүчний 101 жилийн ой, Монгол Улс Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан томоохон арга хэмжээнүүдэд бие бүрэлдэхүүн амжилттай оролцсон талаар Цэргийн алба, сургалт хариуцсан тэргүүн дэд захирал доктор, хурандаа Б.Энхзоргол дэлгэрэнгүй тайлагнав.

Өнгөрсөн хичээлийн жилд АБДС, ЦНДС, ЦХК, БХМСҮТ-ийн нийт 700 гаруй  төгсөгчдийг 99.4%-ийн амжилт, 71.2%-ийн чанартайгаар төгсгөн захиалгат байгууллагуудад хүлээлгэн өгч, 2022-2023 оны хичээлийн шинэ жилд иргэний мэргэжлээр 7 хөтөлбөрт 170 орчим оюутан, цэргийн мэргэжлийн 4 жилийн 13 хөтөлбөрт 140 гаруй сонсогч, мэргэжлийн боловсролын хөтөлбөрт 122 сонсогч, сурагч тус тус элсүүлэн авч сургалтыг зохион байгуулж байгааг их сургуулийн сургалтын албанаас тодотгов.

Улсын болон салбарын чанартай шинэ бүтээл, шилдэг технологи, инновацын уралдаан тэмцээнүүдэд эрдэмтэн багш, сонсогч, оюутан, сурагчид оролцож тэргүүн болон дэд, шагналт байруудыг эзэлсэн  амжилтаар  ирж буй шинэ оноо угтаж байгааг онцлоод ирэх онд байгууллага, хувь хүний идэвхи санаачлагаар үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилго, зорилтуудаа тодорхойлон чанарын өндөр түвшинд хэрэгжүүлэхийг ҮБХИС-ийн захирал профессор, бригадын генерал П.Жаргалан уриалснаар тайлангийн хурал өндөрлөлөө.