Байлдагч Т.Шинэбаяр: ОНЖАВУУДЫН МААНЬ ДЭМЖЛЭГ, ИНЭЭД ХӨӨР НАДАД ТАЙТГАРАЛ ӨГСӨН

“Аав нь хүүгийнхээ Тангаргийн баярт очно оо’ гээд тасалсан дуудлага жиндүү өвлийн хүйтнээр салхитай цуг исгэрэхдээ ахин хэзээ ч ирэхээргүй болсныг дуулгах тэр мөчид ээж, дүү нар минь’ нүдэнд харагдсан. Миний аав их сайхан дуулдаг, ажилд сурамгай сайн хүн байсан юм шүү гэх түүнийг Т.Шинэбаяр гэдэг. ҮБХИС-ийн Харуул үйлчилгээний ротод алба хаах хугацаанд нь айл гэрийн ноён нуруу, тулах цэг болсон аав нь бурхан болж, ээж нь зургаан хүүхэдтэйгээ хоцорчээ. “Аавтайгаа хамгийн сүүлд утсаар ярихад хүүгээ заавал эргэж очно гэж хэлсэн болохоор одоо ч хүрээд ирэх юм шиг санагддаг. “Сэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь гэдэг үг хааяа сэтгэлд буудаг. Хэдий архи, дарс уудаг байсан ч гэлээ аав минь дэргэд байсан бол хэчнээн өмөг түшигтэй сэн бэ гэж бодогддог’.
Аавыг тань бурхан болсонд харамсал илэрхийлье. Харуусал дагуулсан мэдээ сонсоход хэцүү байсан нь мэдээж.
-Манай ротын бие бүрэлдэхүүн “Багабаян” ТӨААТҮГ-т ээлжээр үүрэг гүйцэтгэдэг. Энэ үед ээж маань тус газрын үйлчлэгчийн утсаар залгасан. Тухайн үед яагаад ээж залгаж байгаа юм бол, яаж энэ газрын утсыг мэдсэн юм бол гэх мэтчилэн маш олон зүйл бодогдсон ч “Аав чинь өнгөрчихлөө’ гэдэг үгийг хэлнэ гэж огтоос төсөөлөөгүй. Энэ бүхний дараагаар нэг хэсэгтээ л сэтгэл санаа тогтворгүй болж гарах гарцгүй хавханд орчихсон мэт одоо яах вэ гэсэн бодол л дотор хөвөрч байлаа. Өдөр хоног өнгөрөх тусам ээж, хэдэн дүү нартаа санаа зовж, одоо энэ хүмүүсийг ахалж, зөв зүг чигт залж, үлгэрлэж явах хүн нь би болсныг ухаарч байлаа. Миний хувьд цэргийн албанд татагдахаас өмнө сургууль, соёлын мөр олигтой хөөж чадалгүй есдүгээр ангиа төгссөн. Зундаа барилга, өвөлдөө машин угаалгын газар ажиллаж ар гэртээ нэмэр тус болдог байв. Аав, ээж хоёр минь архи гээч зүйлийн улмаас салчихсан. Би ээж, эмээ болон зургаан дүүгийн хамт ам бүл наймуулаа амьдардаг. Бүгд л сургууль, цэцэрлэгийн насанд хүрчихсэн учраас ээж минь ажил эрхлэх боломжгүй бүтэн өдөржингөө сургууль, соёлын хүүхэд зөөгөөд өдөр өнгөрчихдөг ийм л айл.
Цэрэгт явах шийдвэрийг хэрхэн гаргасан бэ? Чиний хувьд бусад залуустай харьцуулахад хүндэтгэх шалтгаан гэж хэлж болохуйц зүйл байж.
-Аль багаасаа цэрэгт явна гэж боддог байсан ч хүмүүс асуувал цэрэгт явахгүй гэж хэлдэг байлаа. Яагаад гэдгийг одоо бодох нь ээ, хүмүүсийн хэл ам, хов живээс эмээсэн юм болов уу. Ар гэрээ авч явах ажлаас зугтаагаад цэрэгт явчихлаа гэх мэтээр ойлгох вий гэсэн айдсаас болсон байх. Цэрэг татлагын комиссоор ороод тэнцсэнийхээ дараа л ээждээ хэлсэн. Ээж маань чи явахгүй гэсэн биз дээ. Яасан юм миний хүү гэж асуусан. Би хариуд нь “Зүгээрээ, ээж ээ, хүү нь хаах ёстой л алба юм чинь ном журмаар нь яваад ирье гэж хэлэхэд чимээгүй хоцорсон доо.
Цэргийн алба ямар санагдаж байна вэ?
-Албандаа хайртай. Танд гэж хэлэхэд аавыгаа өнгөрсний дараагаар үймэрч хямарсан энэ үед он жавуудын маань дэмжлэг, инээд хөөр надад тайтгарал өгдөг, мартсаныг санах, үлдсэнийг бүтээх маргааш гэж шинэ өдөр, шинэ өнгө байгааг сануулдаг байсан. Мөр зэрэгцэн алба хааж, зовлон жаргалаа хуваасан энэ залуусаа би хэзээ ч мартахгүй. Эр хүний нөхөрлөл их гоё, ямар ч зүйлээс бат бөх, гүн гүнзгий байдаг юм байна лээ. Заримдаа би боддог л доо. Ээж хэдэн дүү нартаа туслаад цэрэгт яваагүйн дээр байсан юм болов уу гэж гэхдээ энэ бодол түр зуурынх. Энд нөхөдтэй өнгөрөөх 365 хоног маш хурдан өнгөрч байна. Удалгүй ээж, дүү нартаа халагдаад очно гэхээр сэтгэл догдолдог. Тэд минь хэрхэн хүлээж авах бол, надаар бахархах байхдаа гээд. Би энэ газарт ирснээрээ нэг насаараа дурсах дурсамж, хүнд гайхуулах зүйлтэй болсон.
Цэргийн алба хаагч болох сонирхол байгаа юу?
-Тийм ээ. Бодож байгаа. Халагдаад цэргийн гэрээт алба хаагч болж болно. Миний хувьд эл нэг жилийн хугацааг мэргэжил эзэмшиж, чаддаг зүйлтэй болсон нэг жил гэж тодорхойлж болно. Хэрвээ би цэрэгт ирээгүй бол юу хийж яваа бол гэж боддог. Их бүрхэг бүүдгэр, тодорхойгүй төсөөлөгддөг. Харин одоо бол өөр. Надад сонгох сонголт байгаа гэж бодохоор сэтгэл уужирдаг.