МЭНДЧИЛГЭЭ

Эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг хэрэгжүүлж буй Монголын Улсын зэвсэгт хүчний эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, түрүүч, сонсогч, байлдагч, энхийг сахиулж буй дайчид та бүхэндээ Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулсны 102 жилийн баярын мэндийг ҮБХИС-ийн хамт олноос хүргэн мэндчилье.
Монгол цэргийн өдөр бол эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай үүргийг биелүүлж яваа эрхэм хамтран зүтгэгч Та бидний баярын өдөр төдийгүй улс орны тусгаар тогтнолын үнэ цэнэ, Монгол цэргийн баатарлаг түүх, дайчин замналыг иргэд, түмэн олондоо сурталчилан таниулах, эх орныхоо төлөө амь насаа зориулсан эрэлхэг цэрэг эрс, эх оронч охид хөвгүүдийнхээ алдар гавьяаг дурсах, алдаршуулан мөнхжүүлэх бахархал хүндэтгэлийн өдөр юм.
Өвөг дээдсээс улбаатай төрийг төвшитгөх, алсын хараатай, онч мэргэн бодлогыг Суут эзэн богд Чингис хаан уламжлан авч, боловсронгуй болгон хөгжүүлснээр тархай бутархай, нүүдэлчин овог аймаг гэгдэж байсан цөөхөн Монголчуудыг ертөнцийн түүхэнд урьд хойчид байгаагүй аугаа том эзэнт гүрнийг захирч, нэгэн тугийн доор нэгтгэсэн их хувь заяанд хөтөлсөн билээ.
Монгол Улсын түүх нь эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь бие хайрлалгүй тэмцэж явсан өвөг дээдсийн минь замнал, цэрэг эрсийн баатарлаг дайчин үйлстэй салшгүй холбоотой. Монгол цэргийн түүхэн уламжлал, дайчин замнал болон албаа нэр төртэйгөөр хааж, эх орон ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн мянга мянган дайчдаараа бид энэ өдөр машид бахархаж, хүндэтгэн ёслож байна. Цэргийн алба, цэргийн үүрэг бол иргэдээ эх оронч үзлээр цэнэглэж, бие бялдар, сэтгэлийн хат, тэвчээр хатуужлыг суулгадаг эх ундрага, голомт нь байж ирсэн. Эх оронч үзэл үгүй бол хэдэн сая цэрэг байгаад ч нэмэргүй. Эх оронч үзэлгүй бол улсын цэцэглэл ч үгүй. Эх оронч үзэлгүй бол хэний төлөө зүтгэх, тэмцэх, хамгаалахаа мэдэхгүй хүмүүсийн цуглуулга л болно.  Миний гэх газар нутаг, миний гэх ард түмэнтэй байж тэднийхээ төлөө амиа ч өгөхөөс буцахгүй байх нь цэргийн хүн хэмээгдэхийн утга учир, амин сүнс байдаг. Тийм учраас цэргийн алба хааж эх оронч үзэл, тэсвэр хатуужлаар цэнэглэгдэх нь Монгол Улс өнөд оршихын угтвар нөхцөл байх учиртай.
Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан ахмад дайчдаа Монгол цэргийн баярын энэ өдөр бахархан дурсахад таатай байна. Монгол цэргийн залгамж халаа болсон халуун эх оронч дайчиддаа болон сургуулийн нийт ажилтан алба хаагчиддаа “Монгол цэргийн өдөр’, Зэвсэгт хүчний 102 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлж эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт тань улам их амжилтыг хүсэн ерөөе.
МОНГОЛ ЦЭРГИЙН СҮР ЖАВХАА, СҮЛД ХИЙМОРЬ ҮЕИЙН ҮЕД
МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ !
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирал, профессор Бригадын генерал П.Жаргалан