ЭЕРЭГ МОНГОЛ ЧУУЛГАН – 2023 ОРОЛЦОЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газар, Жэй Си Ай Монгол ТББ болон Отгонтэнгэр Их Сургууль нар хамтран “ЭЕРЭГ МОНГОЛ ЧУУЛГАН – 2023”-г “Дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлэх асуудалд” сэдвээр 2023 оны 03 дугаар сарын 21-д  төрийн ордонд зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн Монгол улсын дээд боловсролын системийн орох шаардлагатай байгаа өөрчлөлтүүд тэр дундаа оюутан залуусын хөдөлмөр эрхлэлт, нөгөө талаас бизнесийн салбарт тулгамдаад байгаа хүний нөөцийн асуудлыг энэ өөрчлөлтөөр шийдэх боломжуудыг хэлэлцэх юм. Чуулганд Монгол Улсын Засгийн Газар, Төрийн байгууллагууд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага, хувийн хэвшлийн бизнес эрхлэгчид, Жэй Си Ай Монгол ТББ-ын гишүүд, их дээд сургуулиудын удирдлагууд, оюутан залуусын төлөөллөөс бүрдсэн 500 гаруй  төлөөлөл оролцохоор төлөвтэй байгаа нь энэ удаагийн чуулган урьд урьдын чуулгануудтай харьцуулахад цар хүрээний хувьд өргөжөөд зогсохгүй хэлэлцүүлэг илүү сонирхолтой өрнөх нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм.

Чуулганд Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалан, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Дэд сайд С.Зулпхар, Отгонтэнгэр Их Сургуулийн Захиргаа, хяналт үнэлгээний албаны дарга, ERASMUS+MONGWBL Төслийн Үндэсний Зохицуулагч Доктор А.Буянжаргал, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх Захирал Т.Дүүрэн нар илтгэл тавих бөгөөд Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбооны Гүйцэтгэх Захирал Х.Ганбаатар илтгэгч нарын хамт хэлэлцүүлгийн панелистаар оролцох юм.

Чуулганы хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг нэгтгэн Монгол Улсын Засгийн газарт өргөн бариад зогсохгүй хэрэгжилтийг хангахын тулд ажлууд төлөвлөж, Монгол улсын Боловсролын тухай хуульд энэ талаар нэмэлт өөрчлөлт оруулахын төлөө ажиллана гэдгээ Жэй Си Ай байгууллагын Жэй Си Ай Прогресс салбар байгууллагууд илэрхийлээд байна.