ОНОЛ, ПРАКТИКИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ҮБХИС-ийн Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв БХЯ, ЗХЖШ-тай хамтран “Зэвсэгт хүчний ахлагч бэлтгэх сургалтын байгууллага-өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний онол, практикийн хурлыг зохион байгууллаа.
Уг эрдэм шинжилгээний хурлыг нээж ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал доктор (Sc.D), профессор хурандаа Б.Өлзийхуяг хэлсэн үгэндээ өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлын зорилго нь ахлагч бэлтгэх сургалтын байгууллагын үүрэг оролцоо, одоогийн үйл ажиллагааны түвшинд үнэлгээ хийж цаашдын зорилго, зорилтыг хамтран тодорхойлоход оршиж буйг онцлоод мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн ахлагч бол Мэргэжлийн цэрэгт суурилсан цомхон, чадварлаг Зэвсэгт хүчинтэй байх гэсэн Монгол Улсын Засгийн газрын бодлогын гол үндэс суурь болохыг илэрхийлсэн юм.
Эрдэм шинжилгээний хурлаар “Монгол Улсын Зэвсэгт хүчний ахлагчийн албаны хөгжилд сургалтын байгууллагын үүрэг оролцоо”, “Ахлагч бэлтгэх сургалтын байгууллагын түүхэн замнал, хөгжил”, “Ахлагчийн сургуулийн хөгжил дэвшилд үе үеийн ажилтан, алба хаагчдын оруулсан хувь нэмэр үүрэг оролцоо”, “Багшийн хөгжил, хариуцлага сургалтын чанарт нөлөөлөх нь”, “Төгсөгчдийн сэтгэл ханамжийн байдал” зэрэг сэдвийн хүрээнд БХЭШХ-ийн дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга хурандаа Т.Соронзонболд, Эрдэм шинжилгээний ахлах ажилтан дэд хурандаа Н.Хүдэрбат, ЗХЖШ-ын тэргүүн ахлагч Н.Баасан тэргүүтэй хүмүүс илтгэл хэлэлцүүлж төгсгөлд нь бие бүрэлдэхүүний дунд санал асуулга явуулсан юм.
Гэрэл зургийг Ахлагч Н.БАТТӨМӨР